Categories
мэдээ улс-төр

Махны экспортыг яаралтай шийдэхийг хүсэв

Мал, махны экспортыг дэмжих чиглэлд Засгийн газар яаралтай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа талаар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, А.Тлейхан нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Өмнө нь тус бүлгийн нэр бүхий гишүүд энэ чиглэлээр Ерөнхий сайдад хандаж шаардлага хүргүүлж байсан аж. Бүлгээс тавьж байгаа шаардлагад малыг хөлөөр нь, мөн махыг нь экспортод гаргахын зэрэгцээ мах экспортлох компанийн тоог нэмэгдүүлэх, ингэхдээ малын махыг үнэгүйдүүлэхгүйгээр худалдан авч, гадаад зах зээлд борлуулах. Малын гаралтай мах экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа малчдын нөхөрлөл, хоршоонд зээл олгох, татварын таатай орчин бий болгохыг хүсчээ.

Монгол Улсын мал сүрэг одоогоор 60 сая толгойд хүрсэн байна. Тодорхой хувийг экспортод гаргавал эдийн засгийн хүндрэлийг даван туулах бололцоо бүрдэнэ, нөгөө талдаа малчдын амьжиргааг нь дээшлүүлэх боломжтой болох аж.

Нөгөөтэйгүүр, 2010 онд Монгол Улс 24 мянган тонн махыг экспортод гаргаж байсан бол жил дараалан буурсаар 2014 онд 1.8 мянган тонн болжээ. Энэ бол Засгийн газрын бодлогын алдаатай холбоотой гэж УИХ-ын гишүүн А.Тлейхан тодотголоо. Мөн тэрээр орон нутагт хонь 60 мянган төгрөг болж буурсан. Малчид оюутан хүүхдээ сургах болоход сургалтын төлбөр нэмэгдсэн, байрны үнэ өссөн. Дээр нь эдийн засаг хүндэрсэн, ноос, ноолуурын үнэ буусан. Ноос, ноолуурт олгодог урамшуулал болох 21 тэрбум төгрөг, арьс ширний урамшуулалд олгодог 25 тэрбум төгрөгийг одоо хэр нь Сангийн яамнаас гаргаагүй байгаа нь малчдын амьжиргааг улам доройтуулж байна гэлээ.


Мал аж ахуйн салбарыг уул уурхайн салбартай харьцуулахад нөхөгддөг гэдгээрээ онцлогтой юм. Мөн жил бүрийн махны экспортоос 800 сая ам.доллар олох боломжтой гэнэ. Дээрх мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр дараах хариулт өглөө.

-Махны экспорт буурсан нь юутай холбоотой юм бол?

-Монгол Улс голлон ОХУ руу мах экспортолсоор ирсэн. Үхэр, адууны мах голлон авдаг. Мах экспортлогч компаниудтай энэ талаар ярихад гол бэрхшээл нь ОХУ-ын Гаалийн татварын хэмжээ өндөр болсон нь махны үнэд нөлөө үзүүлэх болсон. Өнгрсөн жилээс эхэлж Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай хэлэлцээ хийсэн. Энэ хэлэлцээгээ яаралтай дуусгаад махаа экспортлох шаардлагатай.

Өмнө нь ОХУ руу мах экспортлох зөвшөөрөл авсан хоёрхон компани байсан бол одоо 7, Хятад руу 6 үйлдвэр мах экспортлох зөвшөөрлийг тус бүр авчээ. Энэ нь үйлдвэрлэгч талдаа мах экспортлох боломж нь байна, Засгийн газар хорио цээрийн дэглэм, мал эмнэлгийн асуудал дээрээ шийдвэртэй алхам авах ёстой гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *