Categories
мэдээ улс-төр

Л.Болд гишүүн сэжигтэн болсноо мэдээгүй гэв

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Баянсэлэнгэ “Өршөөлийн тухай хууль хэрэгжсэнээр нийт 350 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хүмүүс өршөөгдөх юм.

Нийтдээ авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байгаа 100 гаруй хүн бий. Жишээлэхэд, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нарын хэргийг шалгаж байгаад прокурорт шилжүүлсэн.

Энэ хэрэг хамтарсан Засгийн газрын үед ажиллаж байх үед буюу Л.Болд гишүүн Батлан хамгаалахын сайдаар, Ё.Отгонбаяр гишүүн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байх үед хамаарна” гэсэн юм.

Үүний хариуд УИХ-ын гишүүн Л.Болд “Би хохирсон хүний хувьд хэлмээр байна. Би өнөөдөр байнгын хорооны хуралдаан дээр тараасан материал дээрээс 2014 оны 10 сарын 28-нд намайг сэжигтнээр татаад, 2014 оны 11 сарын 16-нд хэрэг нээсэн юм байна. 2015 оны 1-р сарын 26-нд хэргийг түдгэлзүүлсэн гэсэн байна. Би өнөөдөр л энэ талаар уншиж мэдлээ.

Ийм байж болох уу. Надад нээсэн хэрэг намайг сэжигтнээр татаж, хэрэг нээсэн байхад өнөөдөр би байнгын хорооны хурал дээрээс олж мэдэх гэж. Энэ хүний эрхийг зөрчсөн асуудал биш гэж үү. Тиймээс үүнд би албан ёсны тайлбар өгмөөр байна.

Гишүүдийн нэр иймэрхүү асуудалтай холбогдсон байгаа учраас байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж дүгнэлт гаргаж өгөөч ээ. Хамгийн сонин нь хэрэг түдгэлзүүлсэн үндэслэл нь их сонин байгаа юм. “Түүний димпломат дархан эрхийг хязгаарлаагүй учраас хэрэг түдгэлзсэн” гэсэн байна. Надад дипломат дархан эрх байхгүй. Би энэ яриад байгаа асуудалд гомдолтой байна. Л.Болдтой холбоотой хэрэг гэх зэргээр олон хүнийг хохироож, олон хүнийг шахалт, хавчлага дор байлгалаа.

Тэдний ар, гэр амьдрал нь сүйрээд байна. АТГ газар 100 тэрбумын төсөвтэй юм байна. 10 жилийн дотор 10 тэрбумыг олсон юм байна. Батлан хамгаалахын яам намайг очиход 50 тэрбумын төсөвтэй байсан. Бүх юм нь алган дээрээ дэлгээтэй байдаг. Цэргийн хүмүүс чинь шударга байдаг юм. Ийм балиар заваан зүйлстэй орооцолддоггүй юм” гэв. Уг гормын саналыг байнгын хорооны дарга хүлээн авлаа гэснээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *