Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын хамтарсан баг ажлын айлчлал хийж байна

Халдварт бус өвчний(ХБӨ) Дэлхий дахины стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Монгол Улсад халдварт бус өвчлөлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд техникийн туслалцааг өргөжүүлэх зорилгоор НҮБ-ын хамтарсан баг энэ өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байна. Тэд өчигдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон газар, хэлтсийн дарга нартай уулзлаа.

Тус айлчлалын үеэр төлөөлөгчид ХБӨ-ний чиглэлээр бусад салбаруудын авч буй арга хэмжээ, тухайлбал тамхины хяналт, архины хор уршиг, замын хөдөлгөөний аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээ болон тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлст анхаарлаа хандуулж ажиллах аж. Мөн түүнчлэн дээрх чиглэлээр салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулах, тэдгээрийг хэрэгжүүлэх сан бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой гэдгээ салбарын сайдад уламжилсан. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа ХБӨ өвчлөл ихсэж байгаа. Монгол Улс чихрийн шижин, зүрх судасны өвчлөл, хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Цаашид олон нийтэд суурилсан иргэдийг оролцоог дэмжсэн үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх нь чухал байна. НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын энэ удаагийн ажлын айлчлалд амжилт хүсье. Цаашид энэ чиглэлээр амжилттай хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэв.

М.ЦЭЦЭГ