Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг ээлжит бус чуулганыг хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзжээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцжээ. Энэ үеэр ээлжит бус чуулганыг зарлахдаа хууль зөрчсөн байж болзошгүй гэсэн асуудлыг хөндсөн тухайн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэв. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлд УИХ-ын гишүүний гуравны нэгээс дээшхи нь шаардсанаар эсвэл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачлагаар ээлжит бус чуулган чуулж болно” гэж заасан байгаа. Гэтэл УИХ-ын ээлжит бус чуулганыг УИХ-ын дэд дарга зарлан, өнөөдөр хуралдууллаа.

УИХ-ын гурван дэд дарга бий, М.Энхболд, Л.Цог, Р.Гончигдорж гэсэн. Ээлжит бус чуулган энэ долоо хоногт дуусах юм бол МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд ээлжит бус чуулган зарлаад тодорхой асуудал хэлэлцээд явах болбол яах вэ. Цаашдаа ийм буруу жишиг тогтох вий, яагаад УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлалгүй, дэд дарга зарлав гэдгийг онцлон ярилаа” гэсэн юм.

Мөн бүлгээр Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар хүлээж авахаар болж дэмжсэн байна.

Бүлгийн дарга С.Бямбацогт “Бүлэг анхнаасаа авлига, албан тушаалын хэргийг өршөөж байгаа цагаан захтнуудыг дэмжих нь буруу гэдэг байр суурьтай байсан. Өршөөлийн хуулийн хоригийг хүлээж авсантай холбогдуулж, УИХ-аар Өршөөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж таарна. Энэ үед авилга, албан тушаал, хээл хахуулийн хэргийг өршөөхгүй байхад бүлгийн гишүүд нэгдсэн байр суурьтай оролцоно.

Өршөөлийн хуулийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн залуус, эмэгтэйчүүд, ахмадууд болон олон хүн хүлээж байгаа. Энэ хүмүүсийг өршөөж, хүнлэг энэрэнгүй хандах нь зөв. Тийм учраас өршөөлд зайлшгүй хамрагдах хүмүүсийг хурдан өршөөх хэрэгтэй.

Засгийн газрын зарим гишүүнийг томилох асуудалд бусад бүлгийн байр суурийг харж байна. Гэхдээ бид “давхар дээл”-тэй буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдох нь буруу гэдэг байр суурийг баримтална. Бид 2013 оноос хойш энэ байр сууриа баримталж ирсэн. МАН-аас шийдлийн Засгийн газарт томилогдсон зургаан сайдын хоёр нь буюу үндсэн чиг үүргийн яамны сайд нь УИХ-ын гишүүн байсан. Зургаан сайдаас хоёр нь давхар дээлтэй бусад сайд нар дан байсан” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *