Categories
мэдээ улс-төр

Бие даагчдын зөвлөл мэргэжлийн хүнийг сайдаар томилох шаардлагатай гэв

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр Төрийн ордонд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэд “Сайд нарыг яаралтай томилох хэрэгтэй. Гэхдээ мэргэжлийн хүнийг сайдаар томилох шаардлагатай” хэмээн мэдэгдэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээллийн эхэнд хэлэхдээ, “Өнгөрсөн долоон хоногт төсвийн төлөвлөлтийн байдлыг тодруулж Сангийн яаманд ажиллалаа. Энэ үеэр яамд эзгүйрсэн байна хэмээн үзэж, яамдыг эмхлэн байгуулах шаардлагатай гэж үзлээ. Ирэх жилийн төсөв гэхэд их тааруу төсөв болох дүр зураг харагдаж байгаа юм. Ирэх жил бид нийт төсвийнхөө 50 хувийг зээл төлөхөд зарцуулна. Энэ нь гурван их наяд төгрөгийн өр зээл барагдуулна гэсэн үг. Ингэж л энэ хоёр нам улс орныг удирдаж байна. Төсвийнхөө талаар өр төлдөг болсон ийм улс орон болжээ гэдгийг Сангийн яаманд ажиллах хугацаандаа харлаа” гэв.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Ч.Сайханбилэгийн Засгийн газар зургаан сайдаа томилох гэж байна. Эдгээр хүмүүс нь мэргэжлийн биш, бүгд давхар дээлтэй байгаа юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын толгойд өөрөө л байвал хамаагүй гэж үзэж байна. Ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Бие даагчдын зөвлөл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна гэдгээ хэлье” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “Монголын уул уурхай өнөөдөр цөөн хэдэн хүн, бүлэглэлийг баян болгоход чиглэгдэж байгаа. Харин бид нийт ард иргэддээ ашигтай байх хувилбарыг дэвшүүлсээр ирсэн. Бид Дубайд хийсэн Оюутолгойн гэрээ ямар ч ашиггүй гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан. Тавантолгойн гэрээ маш ноцтой байгаа. Тавантолгойн гэрээг Бээжинд үзэглэх гэж байгааг сэрэмжлүүлж байна. Ерөнхий сайд энэ сард Дубайд хийсэн Оюутолгойн гэрээ болон Тавантолгойн гэрээний асуудлаар бидэнд хариу өгөхгүй бол Үндэсний аудитын газарт хандана” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *