Categories
мэдээ улс-төр

ИЗНН гишүүдэд шаардах бичиг хүргүүлнэ

Өршөөлийн хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Иргэний Зориг Ногоон намынхан дэмжиж байгаагаа илэрхийлж, саяхан төв талбайд иргэдийн гарын үсэг цуглуулж байсан. Тус намынхан “Авлигач албан тушаалтнуудыг өршөөх нь буруу” хэмээн үзэж, өнөөдөр УИХ-ын гишүүдэд бичиг хүргүүлж байна. Тус шаардлагад “Хууль тогтоох эрхэм үйлсэд тань амжилт хүсэхийн хамт Монгол хүн, Монгол төрийг муухай харагдуулж, шударга ёс, төрдөө итгэх түмний итгэлийг үгүй хийх Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим заалтад анхаарлаа хандуулахыг танаас хүсч байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, залуу насны ааг омгоор санамсаргүй гэмт хэрэг үйлдсэн иргэддээ өршөөл үзүүлэх нь энэрэнгүй төрийн ёсон тул дэмжих нь зүйн хэрэг. Харин эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ард түмний баялгаас хумсалсан авлигачдыг өршөөхийг бид хэрхэвч тэвчих ёсгүй. Монгол Улс дааж давшгүй их өрөнд баригдан, баян хоосны ялгаа туйлдаа хүрч, нийгмийн шударга ёс алдагдахад авлигачид, хээл хахуульчид гол үүрэг гүйцэтгэсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим заалтад тавьсан хоригийг хүлээн авч, авлигачдыг өөгшүүлэхгүй гэдгээ нотлон харуулах түүхэн боломж танд ирлээ. Монгол төр ард иргэддээ энэрэнгүй хандан, харин авлигачдад хатуу цээрлэл үзүүлсэн цагт шударга ёс мөн чанараа олж, төрийн сүр хүчин мандан бадрах болно. Таны саруул ухаанд бид найдаж байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *