-ХҮҮХДЭЭ МАШИНЫХАА АРД ТАЛД, ЗОРИУЛАЛТЫН СУУДАЛД СУУЛГАЖ ХЭВШЭЭРЭЙ-
Өнгөрсөн баасан гаригт нийслэлд зам тээврийн ноцтой осол гарч, арван сартай хүү, өвөөтэйгөө харамсалтайгаар амиа алдлаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг буюу “Дүнжигарав”-ын урд замд энэ сарын 28-ны 10.05 цагийн орчимд “Хьюндай Аксент” маркийн 21-85 УБЗ улсын дугаартай автомашин, “Киа Бонго” маркийн 46-37 УНБ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн. Ослын улмаас “Хьюндай Аксент” маркийн автомашины жолооч Т, хажууд нь сууж явсан арван сартай хүү хоёр нас барсан юм. Эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс болсон явдлыг тоймлон хүргэе.
Өвөө, ач хоёр өглөө бүр тэр замаар явдаг байжээ
Өвөө эмээ хоёр нь ач хүүгээ өдөр гэртээ аваачиж хардаг байжээ. Хүүгийнх нь хотын зүүн талд байдаг учраас өвөө нь ачийгаа өглөө бүр очиж авч, оройд хүргэж өгдөг. Тэгэхдээ Дүнжингаравын урд замаар л явдаг байсан гэнэ. Тэгж явахдаа машиныхаа урд талын суудлыг хойш нь хэвтүүлж байгаад ачийгаа хэвтүүлчихдэг. Бас суудлын бүсээр даруулдаг байжээ. Суудлын бүс бага насны хүүхдэд бол хамгаалалт гэхээсээ илүү даруулсан нэр төдий арга.
Осол гардаг өдөр яг тэр янзаараа урд суудал дээр, хамгаалалтын суудалгүй ачийгаа суулгачихсан явж. Дүнжингаравын урд зам дөрвөн эгнээтэй. Талийгаач Т урдаа явсан ачааны машиныг гүйцэж түрүүлэхдээ эсрэг урсгал руу оржээ. Хурдтай эсрэг урсгал руу ороод өөдөөс ирж явсан “Киа Бонго” маркийн машиныг мөргөсөн байна. Ослыг харсан албан бус эх сурвалж “Урд талынхаа машиныг гүйцэж түрүүлэхдээ маш хурдтай эсрэг урсгал руу орсон. Тормозных нь мөр бараг 20 метр орчим гарсан байна лээ. Суудлын автомашины (Хьюндай Аксент) урд хэсэг тэр чигээрээ шахам чихэгдсэн байсан. Жолооч, урд нь явсан хүүхэд хоёр хавчуулагдсан учраас онцгойгийнхон ирж харагдсан. Хүүхэд уйлах ч чимээ сонсогдоогүй. Битүү доргилт аваад тэр дороо бурхан болчих шиг харагдсан. Тэр ослыг хараад том, бага ямар ч насных бай хүүхэд л бол зориулалтын суудал дээр суулгах ёстойг мэдэрлээ” гэсэн юм.
Ачааны машины жолоочийн бие гайгүй байгаа аж. Гоо сайхны бүтээгдэхүүн импортолдог компанийн түгээгчээр ажилладаг тэрбээр “Гэнэт өөдөөс машин маш хурдтай гараад ирсэн. Зөрөх боломж олдоогүй” гэж мэдүүлжээ. Харин “Хьюндай Аксент” маркийн машины жолооч эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ.
Зориулалтын суудал хүүхдийн нас барах, гэмтэх эрсдэлийг 71 хувь бууруулдаг
Бага насны хүүхэд зориулалтын суудалгүй, ялангуяа урд суудалд явахдаа жолоочийн анхаарлыг сарниулах, босох, суудал дээрээ хөдлөх зэргээр гэмтэж бэртэх, зам тээврийн осол гаргах эрсдэлтэй байдаг. Одоогоос хоёр жилийн өмнө нэгэн эмэгтэй “Дэнжийн 1000” захын авто машины зогсоолоос хөдлөхдөө хүн дайрсан. Тэрбээр урд суудал дээрээ сууж явсан хүүхэд нь урагш унаснаас болж сандрахдаа тормозоо биш “хааз”-аа гишгэснээс үүдэж дээрх ослыг гаргасан тухайгаа мэдүүлж байжээ. Өнгөрсөн баасан гаригт ч талийгаач хүүг зориулалтын суудал дээр суулгаж явсан бол гэдэг харамсал төрнө. Учир нь зориулалтын суудал, суудлын даруулга хэрэглэснээр зам тээврийн ослоор нас барах, хүнд гэмтэх эрсдэлийг 0-1 насны хүүхдийг 71 хувь, 1-4 насны хүүхдийг 54 хувь, 4-8 насны хүүхдийг 45 хувь, 8-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдийг 50 хувь хамгаалдаг гэж судлаачид үзсэн байдаг. Замын цагдаагийн газраас өнгөрсөн жил хүүхдээ машинд зориулалтын суудалд суулгаж байхыг уриалсан сарын аян ч зохион байгуулж байлаа. Өнгөрсөн жил зам тээврийн ослоор 48 хүүхэд амиа алдаж, 233 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсны цөөнгүй нь автомашинд зорчиж явсан, зориулалтын суудалгүй байжээ. Өөрөөр хэлбэл, зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 24.4 хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж байсан аж. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийг насных нь байдлаар ангилахад 0-7 хүртэлх насны хүүхэд 39, 8-14 насны хүүхэд 48.5, 15-17 насны хүүхэд 12.5 хувийг эзэлжээ.
Хүүхдийг машинд заавал зориулалтын суудалд суулгахыг ихэнх улсууд шаарддаг. Манайд мөрдөж байгаа Замын хөдөлгөөний дүрэмд энэ тухай тусгасан байдаг. Хүүхдийн суудлыг машины ард талд байрлуулбал аюул багатай. Ялангуяа ард талын суудлын дунд хэсэг хамгийн аюулгүйд тооцогддог аж.
Ингэхдээ хоёр хүртэлх насны хүүхдийн суудлыг буруу харуулан бэхэлж, тогтоодог. 2-5 насны хүүхдийн суудлыг урагш харуулан байрлуулдаг. Таваас дээш насныханд суудлын даруулгыг зүүж чадах хүртэл нь өндөрлөгөөтэй суудал ашигладаг. Үүнээс дээш насныханд зориулалтын суудлын бүс хэрэглэдэг. Ингэхдээ бүсний доод хэсэг гуян дээгүүр, босоо бүс нь цээжин дээгүүр таарсан байх ёстойг анхаарна уу. Суудлын бүс хэрэглэж эхлэхэд хүүхдийн өндөр 145 см-ээс дээш байх ёстой ба үүнээс намхан байвал насанд нь таарсан зориулалтын суудалд суулгаж байхыг анхааруулж байна.