Цэцэрлэгийн насны
хүүхэдтэй бүхэн сүүлийн хэдэн хоногийг уйлаан, хайлаан болж өнгөрөөлөө. Салбар
яам, боловсролын газрынхан ч “Хүрэхгүй цэцэрлэгийг яалтай билээ” гэцгээж
харууслаа илэрхийлэв. Бүртгэл наймдугаар сарын 24-нөөс эхэлнэ гэж сарын өмнө
зарласан ч эцэг, эхчүүд товлосон өдрөөс долоо, найм хоногийн өмнө гудас,
хөнжлөө дэвсээд цэцэрлэгийн өмнө тухлав. Дундаасаа нэгийгээ “дарга”-аар сонгож
дэс дугаартай цаасан дээр овог нэр бичүүлж, түүнийгээ хамгаалах гэж ээлжээр
манаанд гарцгаасан. Хоёр настай ахыг нь цэцэрлэгт оруулах гэж хоёрхон сартай
хүүхдээ хөхүүлээд цэцэрлэгийн гадна хонож байгаа эмэгтэйг харахад өрөвдөлтэй.
Цаг аргацаах гэсэн аавууд ажлаа тасалчихаад цэцэрлэгийн хашаанд өдөржин шөнөжин
даалуу, хөзөр тоглох нь бэрх. Хүүхдээ хараад гэртээ сууж болохгүй, хувийн
цэцэрлэгт төлбөрийг нь дийлэхгүй учраас төрийн цэцэрлэг бараадах гэж үйлээ үзэж
байгаа нь энэ.
Эцэг, эхчүүд
хэдэн арваараа цэцэрлэгийн гадна хонож, өнжих эмгэнэлтэй дүр зураг намрын
намарт давтагддаг. Намрын намарт л “Цэцэрлэггүй хоцорчихлоо” гэсэн уйлаан
хайлаан сонсогддог. Гаслантай нь хэдэн шөнө гадаа хонож, төчнөөн өдөр наранд
шарагдавч цэцэрлэг нь цөөн болохоор аав, ээж бүр хүүхдээ өгч чадалгүй үлддэг.
Ямар сайндаа цэцэрлэгийн хашаа сахиж гурав хоносон аав “Хашаа дагуулж татсан
олс түшиж гурван хоног зогссоны эцэст энэ цэцэрлэгийн хаалгыг татаж чадсан ч
тоо гүйцсэн гэдэг шалтгаар уйлаад гарлаа” гэж цахим хуудастаа бичиж үлдээх
билээ. Уг нь төр ард түмнээ цэцэрлэг, сургууль, эмнэлгээр хангах үндсэн
үүрэгтэй. Үүргээ биелүүлдэг бол хүүхэд бүр цэцэрлэгтэй байхсан. Харамсалтай нь
Монголын төр ард түмнийхээ төлөө юу ч хийдэггүй. Өнгөрсөн жил нийслэлд төрийн
өмчийн 189 цэцэрлэгт 63 мянган хүүхэд хүмүүжиж байсан. Харин хувийн буюу
төлбөртэй цэцэрлэгт 83 мянга 575 хүүхэд хамрагдсан. Энэ жил 20 цэцэрлэг л
шинээр нэмэгдсэн. Гэтэл цэцэрлэгийн насны 116 мянган хүүхэд хүлээж буй. Төрийн
өмчийн 220, хувийн 339 цэцэрлэгт нийтдээ
91 мянган хүүхэд л багтана. Цаана нь 27 мянган хүүхэд цэцэрлэггүй үлдэхээс
аргагүй гэсэн тоон баримтыг нийслэлийн Боловсролын газраас өгсөн. Ийм учраас
цэцэрлэгийн гадна олон хоносон эцэг
эхчүүдийн дугаарыг харгалзахгүйгээр сугалаа татуулж, азтай хүүхдийг цэцэрлэгт
авна гэсэн зарыг ч тараасан. Үндсэн хуулиараа үнэ төлбөргүй боловсрол эзэмших
эрхтэй ч төр өөрөө азтайд нь сургуулийн өмнөх боловсрол олгоно, азгүй нь гэртээ
бай гэдэг сонголтыг өглөө. Үүнийг эсэргүүцсэн эцэг, эхчүүд цуглаж тэмцэхдээ
хүрэв. “Газар эзэмшихэд сугалаа, байр авахад сугалаа, цэцэрлэгт ороход хүртэл
сугалаа. Монголд азгүй бол амьдрах арга алга” гэж залуус хошигнов. Инээдтэй мэт
боловч ийм эмгэнэлт дүр зургийг харсаар, дасан зохицож амьдарсаар байна.
Уг нь цэцэрлэгийн
асуудлыг шийдэхэд тун амархан. “Өдрийн сонин” урьд нь “Түшмэдийн ордонг түмний
эмнэлэг болгоё” гэж уриалж, бичиж байсан. Дүүргүүдийн захиргаа найм, есөн
давхар өндөр ордон бариулаад түшмэд нь тийшээ нүүж байхад өвлийн хүйтэнд нялх
үрс минь эмнэлгийн хонгилд чичрээд хэвтэж байлаа. Ханиад томуу ихэдсэн өвлийн
хүйтэнд бид Сүхбаатар дүүргийн шилэн ордонг “100 айл дахь” хүүхдийн эмнэлэг,
Хан-Уулын Засаг даргын тамгын газрын сүрлэг барилгыг Яармагийн навтархай
эмнэлэгтэй харьцуулж сурвалжлаад түшмэдийн том, том ордонг түмний эмнэлэг
болгоё гэж уриалж байлаа. Энэ санаа олон нийтийн анхааралд өртөж, нийгэмд үр
ашгаа өгсөн. Дээд түвшинд энэ санал дэмжигдэж Засгийн газрын X байрыг 150 ортой
хүүхдийн эмнэлэг болгох шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар
сард гаргасан. Үүнтэй зэрэгцээд шинэ эмнэлэгт ажиллах хүүхдийн эмч, боловсон
хүчинг бэлтгэх үүргийг салбар яаманд өгсөн. Гэхдээ барилгын гаднах зогсоол,
дотоод засал зэрэг нь асуудал дагуулж гацчихсан юм билээ. Одоо үлгэр мэт
сонсогдож байгаа боловч яваандаа хэрэгжих зам нь нээгдчихсэн гэсэн үг.
Үүн шиг
цэцэрлэгийн асуудлыг яаж шийдэх вэ гэж үү. Шийдэл гаргахад цэцэн ухаан хэрэггүй
мэт санагдана. Хотоор дүүрэн байгаа баар, цэнгээний газруудыг цэцэрлэг болгоё.
Орон сууцны байр болгоны гадна хоёр, гурван давхар барилгатай баар, цэнгээний
газар байгаа. Нийслэлийн хэмжээнд 198 баар, 491 ресторан, зоогийн газар, 424
кароаке, 429 паб байдаг гэсэн дүн мэдээ бий. Сүүлийн үед баар, цэнгээний
газраар үйлчлүүлэх хүн цөөрсөн. Орой үдэш хоёр, гуравхан залуу пиво шимээд сууж
байдаг болсон. Үйлчлүүлэгчгүй шахам ажилладаг учраас эзэд нь алдагдал хүлээж
байгаа. Хүнгүй байснаас хаалгаа хаачихъя гэтэл хоёр, гурван давхар том барилгыг
ашиглахгүй байна гэдэг хайран. Тийм учраас Монголын төр баар, цэнгээний газрын
эзэдтэй гэрээ, хэлцэл хиймээр байна. Барилгыг нь төр түрээсэлж, цэцэрлэгийн
зориулалтаар ашиглах гэрээ хийх хэрэгтэй. Мэдээж, өдөрт 3-4 хүнд үйлчилснээс
илүү орлого олох гэрээг эзэдтэй нь хийг. Үр дүнд нь төр түмнээ цэцэрлэгээр
хангана. Баар, цэнгээний газрын эзэд түрээсийн мөнгө аваад явна.
Ийм түрээсийн
гэрээ хийгээд цэцэрлэгийн зориулалттай байр бэлэн болмогц цэцэрлэгт ажиллах
мэргэжлийн баг бүрдүүлэх нь дамжиггүй. Төр түрээсийн төлбөрөөс гадна байрны
ашиглалт, хүүхдэд оногдох хувьсах зардлыг нь өгөөд ажиллахад Улаанбаатар хотоор
дүүрэн улсын цэцэрлэг бий болно. УБТЗ-ынхан олон улсын билетийн кассын байраа
цэцэрлэг болгон тохижуулсан байна лээ. Засвараа удахгүй дуусаад энэ жил 300
гаруй хүүхэд хүлээж авах юм. Баар, цэнгээний газруудыг цэцэрлэг болгоход ийм
шуурхай арга хэмжээ авмаар байна. Үүний тулд төр сэхүүн зангаа хаях хэрэгтэй.
Ядуу байж цамаан загнаад нэмэргүй. Дэлгүүр, гуанзны дэргэд цэцэрлэг байж
болохгүй гэсэн цамаан стандартаа өөрчлөх хэрэгтэй. Тэгсэн цагт баар цэцэрлэг
болох ажил шуудраад ирнэ. Бүх хүүхдийг цэцэрлэгээр хангахад 1.2 их наяд төгрөг
хэрэгтэй. Энэ мөнгийг төр шууд гаргачихаж чадахгүй. Үүний оронд хоёр зуу гаруй
баарны түрээсийг төлөөд, хувьсах зардлыг нь хариуцаад түмнээ цэцэрлэгтэй
болговол иргэд өөрийнх нь төлөө ажилладаг төртэй гэдгээ мэдэрнэ. Монголын төр
ямаа бүрт таван мянган төгрөг өгч байсан түүх бий. Ямаанд өгдөг их мөнгөө яслид
өгөхөд харамсах хүн хаана ч гарахгүй.
Энэ санааг мэргэн
уншигч та хэрхэн тунгаах бол.