Categories
мэдээ цаг-үе

Есдүгээр сарын 1-нээс хэрэгжих Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуультай танилц

-Замын хөдөлгөөний дүрэм, холбогдох журмуудын төслийг боловсруулж дуусчээ-

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ наадмын өмнө баталсан. Шинэ хууль есдүгээр сарын 1-нээс буюу ирэх мягмар гаригаас хэрэгжиж эхэлнэ. Хуулийг дагаж мөрдөх дүрэм, журам бэлэн эсэхийг Замын цагдаагийн газраас тодруулахад “Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад Засгийн газарт өргөн барьсан. Засгийн газар батална. Мөн холбогдох байгууллагууд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг дагаж мөрдөх 25 журмын төслийг боловсруулаад Хууль зүйн яаманд хүргүүлсэн.

Хууль зүйн сайд журмыг баталснаар цагдаагийн байгууллага хариуцан мөрдүүлэх юм” гэлээ. Холбогдох дүрэм, журам нь батлагдсан даруйд сүлжээнд мэдээлэл суулгах зэрэг ажлыг хийхэд техникийн ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээлсэн.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг дагаж Замын хөдөлгөөний дүрэм шинэчлэгдэнэ. Дүрэмд тээврийн хэрэгслийн ангилал, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар, замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, явганаар болон тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох журам, холбогдох стандартаар тогтоосон замын хөдөлгөөн зохицуулах дохио, замын тэмдэг, тэмдэглэлийн загвар, утга агуулга, тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт, тээврийн хэрэгслийн таних тэмдгийн загвар, хэрэглэх журмыг тусгахаар хуульчилжээ. Мөн Бэлэн бус хэлбэрээр торгууль ногдуулах журам, Жолоочийн зөрчлийн оноо тооцох журам, Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны журам, Жолоодох эрх дуусгавар болох, сэргээх, Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам, Зам тээврийн ослын улмаас нас барсан, гэмтсэн хүнийг бүртгэх заавар зэрэг журам, заавар батлагдах юм байна.

Жолооч зөрчил гаргах бүрт оноо авч “хар дэвтэр”-т бүртгэгдэнэ

Зөрчил гаргасан жолооч, замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигч зөвхөн бэлэн бус хэлбэрээр торгууль төлнө. Мөн зөрчил гаргасны тоогоор оноо тооцуулж, “хар дэвтэр”-т бүртгүүлнэ. Хянан шалгах болон бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах, зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг Хууль зүйн сайд батлах юм. Зөрчлийн оноог тооцохдоо Зам тээврийн осол, хэрэг зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд байгаа мэдээлэлд үндэслэх юм байна. Зөрчлийн оноо тогтоосон дээд цэгт хүрсэн тохиолдолд жолооны эрхийг нь цуцлах аж.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан ажиллаж эхэлнэ. Нэгдсэн сан нь дотроо хэд, хэдэн төрөлжсөн сантай. Тээврийн хэрэгсэл болон жолоочийн бүртгэл мэдээллийн сан одоо ч бий. Үүнээс гадна жолооч таны сурсан жолооны курс, хэдэн машин, багштай зэрэг мэдээлэл мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байх юм. Хэрвээ суралцсан жолооч нар нь зөрчлийн оноо ихтэй байвал тухайн жолооны курсийн эрхийг цуцлах үндэслэл болох аж.

Налайхын зам, Долоон буудалд осол их гардаг учраас лам нар ном уншиж байна гэсэн яриа гардаг. Тэгвэл аль замд осол их гарч байна, шалтгаан нь юу байгааг мэдээллийн санд албан ёсоор нэгтгэхээр болжээ. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад зам, замын байгууламжийн эвдрэл, гэмтлийн бүртгэл, мэдээллийн санд замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй зам, замын байгууламжийн төлөв байдал, эвдрэл, гэмтлийн бүртгэл, мэдээлэл байх аж.

Гадаадын иргэн олон улсын жолооны үнэмлэхээр нэг жил жолоо барих эрхтэй

Жолоодох эрхийн болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг ойлгох, бүртгэх ажлыг цагдаагийн байгууллага хариуцах юм. Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцүүлэн, жолоодох эрхийн үнэмлэхийг үндэслэн олгоно. Гэхдээ энэ үнэмлэх Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэхгүй. Зөвхөн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхээр замын хөдөлгөөнд оролцох юм байна. Дотооддоо жолоо барих эрхийн үнэмлэхийг арав, олон улсын жолооны эрхийн үнэмлэхийг гурван жилийн хугацаатай олгоно.

Харин олон улсын жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэхээр гадаадын иргэн манай улсын нутаг дэвсгэрт нэвтэрснээс хойш нэг жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. Дараа нь хуулийн дагуу Монгол Улсын жолооны үнэмлэх авах юм байна.

Жолоодох эрхгүй этгээд согтуу машин баривал 768 мянган төгрөгөөр торгуулж, нэг сар баривчлагдана

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан этгээд жолоо барьсан бол 192 мянган төгрөгөөр торгуулна. Мөн ийм хүнд жолоогоо шилжүүлсэн машины эзэн 192 мянган төгрөгөөр торгуулах аж. Одоо мөрдөж байгаа хуулиар согтуу машин баривал эрхийг нь хасдаг. Тэгвэл шинэ хуулиар эрхийг нь хасахаас гадна торгох юм. Согтууруулах ундаанаас гадна мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ жолоо баривал хариуцлага хүлээнэ. Согтуурлын зэргийг багажаар хэмжчих бол мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх зааврыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах юм байна.

Согтуу, мансуурсан этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол 384 мянган төгрөгөөр торгож, жолооны эрхийг нь зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасна. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгуулахаас зайлсхийвэл мөн дээрх хариуцлагыг тооцох аж. Хэрвээ ийм зөрчлийг давтан үйлдвэл 30 хоног баривчилж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах юм байна.

Таны машиныг согтуу, мансуурсан хүн жолоодсон бол та бусдад жолоо шилжүүлсэн гэх үндэслэлээр 96 мянган төгрөгөөр торгуулна. Жолооны эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол 768 мянган төгрөгөөр торгож, нэг сар баривчлах шийтгэл онооно.

Ядарсан ажилтнаараа жолоо бариулбал 576 мянган төгрөгөөр торгоно

Хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч нар үүрэглэж яваад осол гаргах тохиолдол цөөнгүй бий. Орон нутагт гарсан зарим ослын шалтгаан, цаг хугацааг харахад үүрээр, шөнө дунд нойрмоглож явснаас үүдсэн байдаг. Тэгвэл шинэ хуулиар ийм тохиолдолд жолоочоос гадна тухайн иргэнийг ажиллуулдаг хуулийн этгээд хариуцлага хүлээх юм байна. Өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол 48000, ийм хүнд жолоогоо шилжүүлбэл 19200 төгрөгөөр торгуулна. Ядарсан ажилтнаараа жолоо бариулсан бол хуулийн этгээд 576 мянган төгрөгийн торгууль хүлээх юм байна. Ядарсан эсэхийг хэдэн цаг тасралтгүй машин жолоодсоноор нь тогтоох гэнэ.

Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол 48 мянга, ийм хүнд жолоогоо шилжүүлсэн бол 19200 төгрөгөөр торгуулах нь.

Улсын бүртгэлд бүртгүүлээгүй машин жолоодсон бол иргэнийг 96 мянга, хуулийн этгээдийг 192 мянган төгрөгөөр торгохоор хуульчилжээ. Техникийн үзлэгт ороогүй, тэнцээгүй машин жолоодсон иргэн, хуулийн этгээд дээрх хэмжээний торгууль төлнө.

Түргэний машинд зам тавьж өгөхгүй бол 19200 төгрөгийн торгууль төлнө

Цагдаа, түргэн, галын машин зэрэг тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан машины жолоочид давуу эрх олгоогүй бол 19200 төгрөгөөр торгуулах аж. Хууль сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах байгууллага, төрийн тусгай хамгаалалт, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрлэлийн ослын шуурхай дуудлагын болон дохиолол хамгаалал, даатгалын шуурхай алба, хот тохижилт, тусгай зориулалтын чирэгч ачигч, техникийн хяналт болон замын арчлалт, засвар үйлчилгээ, хяналт шалгалтын зориулалттай шуурхай ажлын тээврийн хэрэгслээс бусад нь тусгай дуут дохио хэрэглэхийг хоригложээ. Хэрвээ эдгээрээс өөр машинд дуут дохио, гэрлэн дохио суурилуулсан бол 48 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

Зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол торгуулна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар цагдаагийн шаардлага биелүүлээгүй, гэрлэн дохио болон цагдаагийн хориглосон дохио, сигналаа дуугаргах журам зөрчих болон ослын дохио, тэмдэг зөрчсөн бол 19200 төгрөгөөр торгуулна. Мөн эгнээ байр буруу эзэлсэн, давуу эрхтэй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй, хориглосон газар эргэсэн, гэрэл шилжүүлээгүй, явган хүний зам эсвэл авто замын гадна талаар явсан бол дээрх торгуулийг төлнө. Харин урсгал сөрвөл 96 мянган төгрөгөөр торгуулна. Жолооч жолоо барьж байхдаа утсаар ярих, явган хүнд зам тавьж өгөөгүй, хамгаалах бүс хэрэглээгүй бол 9600 төгрөгөөр торгохоор хуульчилжээ. Мөн зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол дээрхийн адил хариуцлага хүлээнэ.

Хэт удаан явах, шаардлагагүй үед тормоз гишгэвэл хариуцлага хүлээнэ

Урд явсан машин огцом тормозлосноос болж осол гарахад арын машин зай бариагүй гэх шалтгаанаар хариуцлага хүлээдэг. Тэгвэл шинэ хуулиар жолооч шаардлагагүй үед хэт удаан явах, огцом тоормозлох эсвэл хурд хэтрүүлбэл 19200 төгрөгөөр торгуулна. Хэт хурдан явахдаа зөвшөөрөгдсөн дээд хязгаараас таваас илүү хувиар хэтрүүлсэн бол 48 мянган төгрөгөөр торгохоор хуульчилсан байна.

Үүнээс гадна хүн тээвэрлэх журам зөрчвөл 96 мянга, ачаа тээвэрлэх журам зөрчвөл иргэн 96-192 мянга, хуулийн этгээд 576-768 мянган төгрөгөөр торгуулна.

Хүүхдээ ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулбал 192 мянган төгрөгөөр торгоно

Ирэх мягмар гаригаас эхлэн гарцгүй газраар зам гарвал 19200 төгрөгөөр торгуулна. Явган зорчигч согтуугаар дүрэм зөрчсөн бол 48 мянган төгрөгөөр торгуулах юм байна.

Үүнээс гадна зам тээврийн осол, хэргийн талаар холбогдох байгууллагад мэдээлээгүй бол иргэнд 19200, хуулийн этгээдэд 192 мянган төгрөгийн торгууль ногдуулна. Оршин байгаа газартаа хамаарах мөс, замын бохирдол цэвэрлээгүй, замын ойролцоо ажил, үйлчилгээ эрхлэхдээ аюулгүй байдлыг хангаагүй бол иргэн 48 мянга, хуулийн этгээд 384 мянган төгрөгөөр торгуулна.

Хүүхдүүд ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байгаад осолд орох нь их байдаг. Тэгвэл эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтнууд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэг хүлээжээ. Хэрвээ 10 хүртэлх насны хүүхэд ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байгаад эрсдэлд орсон бол эцэг эх, асран хамгаалагч, боловсролын байгууллагын албан тушаалтанг 192 мянган төгрөгөөр торгох юм.

Эвдэрсэн зам, таггүй траншейны нүхнээс болж машинаа эвдсэн бол хохирлоо нөхөн төлүүлнэ

Траншейны нүх эсвэл эвдэрсэн зам дээр машиныхаа эд ангийг эвдэх тохиолдол бишгүй гардаг. Тэгвэл шинэ хуулиар зам тавьсан, траншейн хариуцсан нөхдүүд жолоочийг хохиролгүй болгож өөрсдөө хариуцлага хүлээхээр зохицуулжээ. Тодруулбал, “Зам дээр хийгдсэн үзлэгийн болон шүүрт худгийн таг байхгүй, алга болсон, эвдэрсэн, замын зорчих хэсгийн түвшинтэй нэг түвшинд байрлуулаагүйгээс зам тээврийн осол, хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн болон зам тээврийн осол, хэрэг гарсан бол хариуцдаг аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж зөрчлийг арилгуулан, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (192 мянга), хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр(960 мянга) торгох шийтгэл оногдуулна” гэж заажээ. Зам дагуух гэрэлтүүлгийн эвдрэл зам тээврийн осол гаргах нөхцөл бүрдүүлсэн бол мөн хариуцсан этгээдээр хохирлыг төлүүлж, албан тушаалтныг 384 мянга, аж ахуйн нэгжийг 960 мянган төгрөгөөр торгох аж.

Үндэсний зөвлөл шинээр байгуулна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг УИХ жил бүрийн нэгдүгээр улиралд хэлэлцэж, санал дүгнэлт гаргах юм байна. Өөрөөр хэлбэл, өмнөх жилд гарсан зам тээврийн осол, түүний шалтгаан, үүрэг хүлээсэн холбогдох байгууллагууд хэрхэн ажилласан талаарх тайланг УИХ-аар хэлэлцүүлэхээр болжээ. Энэ тайланг шинээр байгуулагдах Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл тайлагнана. Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд даргалах бөгөөд Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын удирдлагын төлөөллийг тэнцүү оролцуулсан, орон тооны бус бүтэцтэй байх аж. Орон тооны ажлын албатай байх уг зөвлөл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлогын бичиг баримт боловсруулах, бүртгэл мэдээллийн нэгдсэн санг нэгтгэх, тайлан гаргах үүрэгтэй ажиллана. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга ч зам тээврийн ослыг бууруулах, урдчилан сэргийлэх урт болон дунд хугацааны хөтөлбөр боловсруулах үүрэг хүлээжээ. Үндэсний зөвлөлөөс эхлээд орон нутгийн төрийн байгууллага, ИТХ зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг байнга зохион байгуулах талаар хуульд тусгасан байна.

Үүнээс гадна зогсоолгүй газар тавьсан машиныг ачих, тээвэрлэх маргаан байнга шахам гардаг. Тэгвэл харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах шийдвэр гаргах, төлбөрийн хувь хэмжээг тогтоох үүргийг ИТХ хүлээжээ.

Б.Цэцэгдэлгэр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *