Орхон аймгийн онцгой байдлын газарт
аврах гал унтраах үндсэн зориулалтын, байгалийн онцгой, хүнд нөхцөлд
ажиллах хүчин чадалтай ОХУ-д үйлдвэрлэгдсэн 2015 оны шинэ загварын Урал
4320 маркийн автомашиныг хүлээлгэн өглөө.
Галын үндсэн албаны Урал-4320 автомашин
нь 7-8 хүний багтаамжтай, туулах чадвар сайтай 3 тэнхлэгтэй цуваа
дугуйтай ус шавар, цас, болон бартаат замд явах чадалтай юм. Түүнчлэн
5000 литр ус, 360 литр хөөс агуулах багтаамжтай мөн 7,4 метрийн гүнээс
40 минутын хугацаанд ус соруулан дүүргэх бөгөөд секундэд 20 литр ус
шүршдэг. Гал унтраах багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон, 20 метр
хүртэлх өндөр галыг унтраах хүчин чадалтай буюу ОБГ-т одоо ашиглагдаж
байгаа автомашинаас 1 дахин илүү хүчин чадалтай ажээ.
Энэхүү автомашиныг авахад орон нутгийн төсвөөс 200 сая төгрөгийг
зарцуулсан бөгөөд тус техник нь хүнд нөхцөлд ажиллах хүчин чадалтай
гэдгээрээ онцлог юм. Ард иргэдийн аюулгүй амьдрах нөхцөл бололцоог
хангаж ажиллах үүрэг бүхий онцгой байдлын газрын тоног төхөөрөмжийн
бүрэн бүтэн байдал, өндөр хүчин чадал бүхий техник төхөөрөмж зэрэгт
аймаг орон нутгийн зүгээс онцгой анхаарч ажилладаг.
Орхон аймгийн онцгой байдлын газар нь энэ онд онцгой байдлын ерөнхий
газрын санхүүжилтээр өндрийн нөхцөлд ажиллах аврах шат болон холбогдох
тусгай хэрэгслүүдийг хүлээн авсан. Энэ удаад хүнд нөхцөлд ажиллах аврах
автомашиныг хүлээн авснаар манай аймгийн онцгой байдлын газрын техникийн
шинэчлэл 80 хувьд хүрч байгааг онцоллоо.