БНХАУ фашизм, Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялсны 70 жилийн ойд
зориулсан ёслолын арга хэмжээнд идэвхтэй бэлтгэж байна. Тэгвэл мягмар
гаригт Заньжякоу хотын орлогч дарга Жоу Лиминь, ОХУ-ын элчин сайд Андрей
Денисов, Монгол Улсын элчин сайд Цэдэнжавын Сүхбаатар нар болон
Монголын хоёр ахмад дайчны хамт Жанчхүүгийн даваанд байрлах (Жанбэй
хошууны Иеху уул) Зөвлөлт, Монголын дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ.
Ахмад дайчид болох 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон тухайн үед Хилийн
цэргийн Хэрлэнгийн 31 дүгээр отрядын цэрэг байлдагч Төмөрийн Бат-Очир,
мөн 8 дугаар морьт 23 дугаар хороо, 6 дугаар сумангийн нам эвлэлийн
дарга Эрэнцэнгийн Лувсанбалдан нар багтсан. Эдгээр ахмад дайчдын хувьд
94-95 настай.
Жанчхүүгийн даваанд байрлах уг байгууламж нь 1945 онд баригдсан, 396
метр квадрат талбайтай, нийт таван хэсгээс бүтдэг юм байна.
Монголын ардын армийн 21 мянга гаруй хувьсгалт цэрэг 1945 онд Японы
түрэмгийлэгчдээс Хятадыг чөлөөлөх дайнд Эрээн-Жанчхүү, Долонуур-Жэхэ
гэсэн хоёр чиглэлээр оролцсон байдаг. 1945 оны Чөлөөлөх дайны хамгийн
хүнд, ширүүн тулаан Жанчхүүгийн даваанд болсон бөгөөд Монголын ардын
армийн эрэлхэг баатар Аюуш, Жанчив зэрэг 13 дайчин энэ тулаанд амиа
алдсан билээ.
Жанчхүүгийн давааны бэхлэлтийг эвдэж, Японы цэргийн томоохон
бүлэглэлийг устгах ширүүн тулалдаан наймдугаар сарын 19-21-нд болсон юм.
1945 онд дайнд Монгол ардын хувьсгалт цэргээс (МАХЦ) нас барсан,
шархадсан, сураггүй болсон дайчдын дурсгалд зориулан Жанчхүүгийн даваанд
хөшөө босгожээ. Харин 1957 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шийдвэрээр
хөшөөг цамхаг болгон шинэчилсэн байна. Цамхагийг тойруулан цэцэрлэгт
хүрээлэн барьсан бөгөөд энэхүү бунхан нийт 13 га талбайг эзэлж байна.
Мөн бунханы эргэн тойронд мод тарьж, цэцэрлэгжүүлсэн бөгөөд одоо музей
шинэчлэн барьж байгаа аж.
1945 оны Чөлөөлөх дайны хамгийн хүнд, ширүүн тулаан
Жанчхүүгийн даваанд болсон бөгөөд Монголын ардын армийн эрэлхэг баатар
Аюуш, Жанчив зэрэг 13 дайчин энэ тулаанд амиа алдсан билээ.
- Лувсанцэрэнгийн Аюуш
- Магсар Жанчив
- Б.Сахьяа
- Манлайн Жүгдэр
- Пэлжээн Нямаа
- Гомбосүрэнгийн Дашдондог
- Тувааны Самданжамц
- Цэрэннадмидийн Маамуу
- Доон Дагва
- Гүнээн Лхамрагчаа
- Галсангийн Чулуунбат
- Сандагийн Шагдар
- Батын Пүрэв
Ирэх есдүгээр сарын 3-ны өдөр Бээжин хотноо болох 1945 оны чөлөөлөх
дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойд зориулсан баярын парадын бэлтгэлд
Ардын чөлөөлөх армийн 12 мянган цэрэг, байлдааны 200 онгоц оролцож
байгаа аж. Цэргийн ёслолын жагсаалд оролцох Монголын цэрэг эрс бэлтгэлээ
10 гаруй орны цэргүүдтэй Бээжин хотын төв дэх Тянь Ань Миний талбайг
дуурайлган хийсэн талбайд хийж байна. Уг арга хэмжээнд дэлхийн 20 орны
төрийн тэргүүн хүрэлцэн ирэхээр болсон тухай БНХАУ-ын Гадаад хэргийн
сайдын орлогч Чэн Гопин мэдээллээд байна.