Categories
мэдээ улс-төр

Шинээр ашиглалтад орох цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон Баянгол дүүргийн холбогдох албаны хүмүүс өчигдөр Баянгол дүүрэгт шинээр баригдаж байгаа хоёр цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцсан юм.

Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа цэцэрлэг өмнө нь Олон улсын галт тэрэгний тасалбар худалдаалах төв байсан бөгөөд зориулалтыг нь өөрчилж цэцэрлэг болгож байгаа аж. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн цэцэрлэг¬ийн хүртээмж хангалтгүй байгаа тул УБТЗ-ын даргын 2015 оны тавдугаар сарын 25-ны өдрийн А-118 тоот тушаалаар Олон улсын тасалбар худалдаалах төвийн барилгыг найман бүлэгтэй, 200 хүүхэд хүлээж авах хүчин чадал бүхий цэцэрлэг болгон өөрчилж байгаа юм байна. Тус төвийн барилгыг шинэчилж, цэцэрлэг болгох ажлыг төмөр замынхан өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, дотоод нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна.

Одоогоор барилгын ажил 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд есдүгээр сарын эхээр ашиглалтад оруулж, есдүгээр сарын 21-нд цэцэрлэгийнхээ нээлтийг хийж, хүүхдүүдээ хүлээж авах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Цэцэрлэгийн барилгын үйл ажиллагаатай танилцах үеэр УИХ-н гишүүн С.Одонтуяа Улаанбаатар төмөр замын хамт олонд бүх хөрөнгө оруулалтыг байгууллагаасаа гаргаж цэцэрлэг барьж байгаад 200 гаруй эцэг, эхчүүдийн өмнөөс талархлаа илэрхийлсэн юм. Мөн тэрбээр “Баянгол дүүрэг нь цэцэрлэг, сургуулийн 80 хувийн хамралттай байгаа. Гэвч өнгөрсөн хавар гарсан тооцоо судалгаагаар нийтдээ 8000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байсан бол энэ намар шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор энэ тоо нэг талаасаа багасна, нөгөө талаасаа ч ихсэх байх” хэмээн хэллээ. Улмаар цэцэрлэгийн барилгын доторх бүтэцтэй танилцаж, ажлын явцтай нарийн танилцлаа.

Дараа нь Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийг зорьсон юм. Тус цэцэрлэг нь зургадугаар бичил хорооллын хойно байрладаг бөгөөд 1965 онд байгуулагдаж байжээ. Өмнө нь дөрвөн бүлэгтэй 100 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай байсан тус цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар өргөтгөн, 10 бүлэгтэй, 240 хүүхдийн багтаамжтай болгон өөрчилж байгаа юм байна. Одоогоор барилгын ажил 95 хувьтай яваа бөгөөд энэ ондоо багтаад ашиглалтад орно гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа. Ямар ч байсан оноос өмнө ашиглалтад орчихвол өмнө нь авч байсан 100 дээрээсээ нэмээд 140 хүүхдийг хүмүүжүүлэх боломжтой болох аж. Ийнхүү 2015-2016 оны хичээлийн жилд Баянгол дүүрэг хоёр цэцэрлэгээр хүчээ сэлбэж, гэртээ сууж байгаа 300 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээр болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *