Categories
мэдээ улс-төр

Монгол, Катар улсын Батлан хамгаалахын сайд нар уулзав

Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттияа манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттияагийн айлчлал өнөөдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой уулзахаас эхэлсэн бөгөөд түүнийг албан ёсоор угтан авахад төрийн хүндэт харуул жагсч, Төрийн дуулал эгшиглэв. Үүний дараа Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой уулзаж, ажил хэргийн яриа өрнүүллээ.

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон манай улсад айлчилж буйд талархлаа илэрхийлээд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцох гэж байгаадаа баяртай буйгаа онцолсон. Мөн Монгол Улс, Катар Улстай 2007 онд “Монгол Улсын Зэвсэгт хүчин, Катар Улсын Зэвсэгт хүчин хоорондын хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулснаар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа эхэлж, цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, энхийг дэмжих ажиллагаа, терроризмтэй тэмцэх чиглэлээр хамтарсан дадлага, сургууль хийх зэрэг чиглэлээр өргөжин хөгжиж байна. ялангуяа хоёр талын хамтарсан сургуулийг уламжлал болгон зохион байгуулах, цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр бид идэвхтэй хамтран ажиллаж байгааг энд онцлон дурдмаар байна.

Үүнээс гадна Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг жил бүр өөрийн улсад Араб хэлний сургалтад хамруулж байдагт талархал илэрхийлсэн. Хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааг өргөжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхийн тулд Батлан хамгаалах яамд хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах саналтай байна гэв.

Уулзалтын төгсгөлд нь бүс нутгийн аюулгүй байдлын талаар харилцан мэдээлэл солилцох, хоёр орны Батлан хамгаалах яамд хооронд зөвлөлдөх уулзалт хийх механизмыг бүрдүүлэх, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох чиглэлээр хамтран ажиллах, энхийг дэмжих ажиллагааны төвүүд хооронд харилцаа тогтоох зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх саналтай байна гэсэн юм. Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттияа өнөөдөр Монголын Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Гадаад хэргийн сайдтай уулзана. Мөн Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид очиж өөрийн цэргүүдтэйгээ уулзах юм байна. Энэ ангид Монгол, Катар хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургууль болж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *