Казахстаны “Рэкетир” киноны хоёрдугаар анги өнгөрсөн баасан гаригт Монголд нээлтээ хийлээ. Нээлт “Өргөө” кино театрт болсон бөгөөд уг киноны нэгдүгээр ангийн гол дүр Русланд тоглосон Мурат Бисенбин, Саянд тоглосон Саят Исембаев нар болон “Сатай фильм”-ийн гүйцэтгэх захирал Анна Чакиртова нар иржээ. “Рэкетир” киноны уран бүтээлчдийг “Тэнгэрийн Модун” ТББ урьж авчирсан бөгөөд цаашид “Сатай фильм”-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж албан ёсоор Монгол болон Казахстаны кино контентуудыг хоорондоо солилцохоор болсон аж. Тус киноны нэгдүгээр анги 2007 онд нээлтээ хийж байжээ. Харин “Рэкетир-2” кино ийнхүү Монголд нээлтээ хийлээ. Уг киноны дууг реппер GEE, Desant нар хамтран дуулжээ. Ингээд “Рэкетир” киноны уран бүтээлчид нээлтийн үеэр сэтгүүлчидтэй цөөн хором ярилцсаныг хүргэе.
-“Рэкетир” киноны гол дүр бодит дүр гэсэн байх аа?
–Саят Исембаев: Энэ киног ЗХУ задарснаас хойших үеийн энгийн ардын амьдралыг харуулахаар Саяна Беккаримова гэх тамирчин залуугийн бодит амьдралаас сэдэвлэсэн бүтээсэн.
-Хоёрдугаар ангид Саян яах бол?
–Саят Исембаев: Хүн бүр түүнийг үхсэн гэж бодсон. Энэ ертөнцөд үнэгүй зүйл байдаггүйг Саян ойлгож байгаагаар хоёрдугаар анги эхлэх болно. Хүнд ганц л амьдрал заяадаг. Тэгвэл Саянд хувь заяа нь хоёр дахь амьдралыг бэлэглэнэ. Русланы үнэнч туслах байсан Саян бохир ертөнцөөс холдон амьдралаа шинээр эхэлсэн. Гэвч нэг өдөр талийгаачийн дүү өс хонзонд автсан Була гарч ирнэ. Ингээд дахин түүний амьдрал ээдрээтэй болж байгаагаар кино маань үргэлжилдэг.
-“Рэкетир”-ээр дамжуулж үзэгчдэд юу хүргэхийг зорьсон бол?
–Саят Исембаев: Гол зорилго нь залууст гэмт хэрэг, мафийн бүлэглэлийн хор уршгийг ойлгуулах, мэдрүүлэх.
-Киноны нэгдүгээр ангид ямар үйл явдал өрнөснийг товчхон сэргээж өгөөч?
-Мурат Бисенбин:Киноны нэгдүгээр ангид тэртээх 1990-ээд оны үед Алма-Атад өсөж торнисон авьяаслаг боксчин Саяны тухай гардаг. Түүний хувьд амьдралыг нударгаараа цэгцлэхээр шийдэж бохир ертөнцөд өөрийн мэдэлгүй уусан орж буй үйл явц сонирхолтой адал явдлаар өрнөдөг.
-Киног үзсэн хүн бүхэн түүнийг үхсэн гэж бодож байсан байх?
-Мурат Бисенбин:Тэгж бодож байна. Энэ эргэлзээг тайлахын тулд хоёрдугаар анги хийгдсэн. Руслан нас бараад арван жил өнгөрсөн байна. Харин Саян эргэн ирснийг монголчууд та бүхэн манай “Рэкетир-2” киноноос үзэх болно.
-Гуравдугаар анги хийгдэх болов уу?
–Мурат Бисенбин: Одоохондоо хэлж мэдэхгүй байна.
-Монголын кино урлагийг сонирхож үзэв үү. Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Монголчууд маш элгэмсэг хүмүүс санагдлаа. Ямартай ч танай улсад зочилсондоо баяртай байна. Монголын кино урлаг цаашид өргөжиж хөгжинө гэдэгт тун итгэлтэй байна. Бид цус нэгтэй хүмүүс. Тиймээс хамтдаа олон уран бүтээл дээр амжилттай ажиллана гэдэгт найдаж байна.
Ингээд Монголын бүх кино театруудаар гарч буй “Рэкетир-2” киноны жүжигчдийг танилцуулж байна.
Саят Исембаев
1975.10.14-нд төрсөн 1993 Селезневийн нэрэмжит Хореографын сургууль төгссөн. 2000 оноос Урлагт хөл тавьсан нэгэн. Казахстаны урдаа барьдаг жүжигчдийн нэг.
“Рэкетир-2”-д гэр бүлийнхээ төлөө зүтгэж яваа Саяны дүрийг бүтээсэн.
Асель Сагатова
“Рэкетир-2”-д Саяны эхнэр Аселийн дүрийг бүтээсэн. Тэрээр 1984 оны тавдугаар сарын 5-нд Семипалатинское-д төрсөн . 2000 онд “Мисс 31” канал өргөмжлөлийг хүртэж байсан бөгөөд 2004 оноос кино урлагт хөл тавьжээ.
Жан Байжанбаев
1961.1.5-нд төрсөн.1984оноос “Казах Фильм”-д жүжигчнээр ажиллаж байна.
“Рэкетир-2” кинонд Жаны дүрийг бүтээсэн. Жан бол бизнесийн өндөрлөгт бохир заваан замаар хүрсэн нэгэн. Мөнгө нэр хүндийн төлөө юу ч хийхээс буцахгүй, нэгдүгээр ангид нэгэн цагт нөмөр нөөлөгт нь багтаж явсан Русланыг хөлсний алуурчнаар алуулсан билээ.
Аружан Джазильбекова
1986.2.25-нд Алма-Атад төрсөн. 2004 онд Ford Models Supermodel of the Kazakhstan миссийн тэмцээнд тэргүүн байр эзэлж байжээ. “Рэкетир-2” кинонд Альбина буюу (Жаны) баян айлын эрх дураараа ч нөгөө талаараа гэнэн шударга охины дүр бүтээсэн.
Д.Даваасүрэн
Г.Даваамаа