Categories
мэдээ нийгэм

“Хөлбөмбөг – Гэр бүл” нээлттэй өдөрлөг болно

Монголын хөлбөмбөгийн холбооноос өнөөдөр “Гэр бүлийн нээлттэй өдөрлөг” зарлаж байна.


Анх 1959 онд байгуулагдаж байсан МХБХ 2015 онд олон шинэчлэлийг эхлүүлж, шинэ эрин үедээ алхан орж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор холбооны үйл ажилгаа болон Монголын хөлбөмбөг өнөөдөр ямар түвшинд байгааг олон нийтэд нээлттэй харуулах зорилгоор өнөөдөр “Нээлттэй өдөрлөг”-ийг МХБХ-ны ногоон талбайд зохион байгуулж байна.

Өдөрлөг өнөөдөр 13:00 цагаас эхлэх бөгөөд та хамт олон, найз нөхөд, гэр бүлийхэнтэйгээ хүрэлцэн ирж, МХБХ-ны үйл ажиллагаатай танилцахаас гадна лигийн түүхэнд байгаагүй хамгийн өндөр шагналын сантай “Хүрхрээ” дээд лигийн шилдэг багуудын тоглолтыг үзэх боломжтой юм.

Мөн энэ өдөрлөгийн хүрээнд МХБХ-ны дээд лигт хамаарах шилдэг есөн клубын төлөөлөл хүрэлцэн ирж, хөлбөмбөгийн спортоор цаашид хичээллэх сонирхолтой хүүхэд залуусыг клубтээ бүртгэж авах боломж олгох юм.

“Нээлттэй өдөрлөг”-ийн энэ өдөр мөн МХБХ-ноос зохион байгуулж буй “Хүрхрээ” дээд лигийн дор зохион байгуулагдах 1 дүгээр лигийн тоглолт эхэлж байгаа юм.

“Гэр бүлийн нээлттэй өдөрлөг” нь ямар нэгэн хураамж байхгүй бөгөөд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, Монголын хөлбөмбөгийн ертөнцтэй танилцахыг урьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан багийн спортыг хөгжүүлэх тусгайлсан зарлиг гаргасан бөгөөд МХБХ энэхүү зарлигийг талархан хүлээн авч, хөгжлийн бодлогодоо тусган, олон ажил хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Монголын хөлбөмбөгийн хөгжил, ирээдүйн талаар та бүхэн өнөөдрийн өдөрлөгийн үеэр нээлттэй мэдээлэл авч болно.


“Хөлбөмбөг-Гэр бүл”-ийн өдөрлөгийн хөтөлбөрөөс:

1. 13:20-14:00 Гэр бүлийн гишүүд, лигийн тамирчидтай нөхөрсөг тоглолт хийх (6 vs 6)

2. 14:00-14:20 Дурсгалын зураг авахуулах

3. 14:20-15:00 МХБХ-ны байртай танилцах (Ногоон талбай, футзал, холбооны байр)

4. 15:00-17:00 “Хүрхрээ” үндэсний дээд лигийн тоглолт үзэх (Тухайн цагт “Сэлэнгэ Прэсс”, “Хоромхон” багууд тоглоно.)

Жич: Өдөрлөгийн үеэр “Хаан зайрмаг”, “Ноён Пицца”-ны хамт олон уух зүйл, хөнгөн хүнсээр үйлчилнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *