Шинэ хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн сурах бичгийн хүрэлцээ хангамж, үнэ өртгийн талаарх гомдлууд тасардаггүй. Тэгвэл энэ байдлыг давтахгүйн үүднээс Монголын залуучуудын холбооны Боловсролын байнгын хороо, БСШУЯ-тай харилцан тохиролцож, сурах бичгийг хямд үнээр Улаанбаатар хотод болон орон нутгуудад түгээх ажлыг зохион байгуулахаар болжээ.
Ингэхдээ сурах бичиг зарах байнгын цэг ажиллуулж, нэг ч төгрөгийн нэмэгдэлгүй борлуулах юм байна. Уг цэгүүд ирэх сараас эхлэн 11 дүгээр сар хүртэл Номын цагаан өргөө, Багшийн хөгжлийн ордны гадаа талбайд ажиллах аж. Сурах бичгүүд 1900-3900 төгрөгийн үнэтэй байна.
Энэ хичээлийн жилд нийтдээ 580 гаруй мянган сурагч ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг ашиглана. Нийт 5 сая гаруй сурах бичиг тараагдах юм байна.