Categories
мэдээ нийгэм

27 мянга орчим хүүхэд цэцэрлэггүй хоцорно гэв

Улсын
хэмжээнд хоёроос таван насны буюу цэцэрлэгт хамрагдах ёстой 116 мянга 500
хүүхэд байна. Энэ жил цэцэрлэгийн насны хүүхдийн 78 хувь буюу 90 мянга орчмыг
нь улсын болон хувийн цэцэрлэгт хамруулах боломжтойг Нийслэлийн боловсролын
газраас өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. Харин цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын
24-28-ны өдрүүдэд явуулахаар болжээ. Бүртгэлийн явцад эцэг эхчүүдээс ямар нэгэн
төлбөр, хураамж авахгүй. Зөвхөн оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн
төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх л шаардагдах юм. Мөн цэцэрлэгийн
эрхлэгч, багш нар зөвхөн хамрах тойргийн хүүхдүүдийг бүртгэж авна. Харин
хүүхдийн шээсний, цагаан хорхойны шинжилгээний тухайд наймдугаар сарын 22-оос
эхэлнэ. Ингэхдээ цэцэрлэгт албан ёсоор бүртгүүлж, баттай орохоор болсон
хүүхдүүд есдүгээр сарын нэгэн гэхэд шинжилгээний хариугаа тухайн цэцэрлэгтээ
барьж очиж болох зохицуулалтыг хийсэн байна. Гэхдээ шинжилгээг зөвхөн улсын
эмнэлэгүүдэд авахгүй лабораторийн үзлэг, шинжилгээ хийх эрхтэй бүх эмнэлгийн
хариуг хүлээн зөвшөөрнө гэдгээ нийслэлийн Боловсролын газрын дарга
Ц.Отгонбагана мэдэгдлээ.

Цэцэрлэгийн
бүртгэлийн явцад хандив нэрийдлээр бэлэн болон бэлэн бусаар эцэг эхээс төлбөр
авахыг хориглож, мөн шинээр цэцэрлэгт хамрагдаж байгаа харъяалалгүй хүүхдийг
авахгүй байхыг сануулсан. Үүн дээр НБГ-аас хатуу хяналтыг тавьж байгаа гэлээ.
Хэрэв бүртгэлийн явцад ямар нэгэн хууль бус үйлдэл гарвал дүүргийн Боловсролын
газар, НБГ-т иргэд гомдол гаргаж болох юм. Гэхдээ эцэг эхчүүд бүртгэлийн
ажиллагаа эхлээгүй байхад хүндрэл учруулж эхэлсэн тухай албаныхан ярилаа.
Тодруулбал өнгөрсөн долдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн БЗД-ийн 168, гуравдугаар
цэцэрлэгийн гадна аав, ээжүүд дугаарлаж эхэлжээ. Ингэхдээ өөрсдөө нэрсийн
дарааллаар бүртгэл бичиж, үүний дагуу бүртгэ гэсэн шаардлагыг цэцэрлэгүүдийн
удирдлагуудад тавьсан байна. Гэвч дээрх бүртгэл бичиж, дугаарлаж буй иргэдийн
дунд цэцэрлэгийн насны хүүхэдгүй, харъяалалын биш хүмүүс байсныг БЗД-ийн
боловсролын хэлтсийн дарга тодотголоо.

Мөн
энэ жил нэр бүхий хэдэн цэцэрлэгт “Элсэлтийн тасалбар” тараах журмаар
бүртгэлийг явуулахаар болжээ. Ялангуяа БЗД-т цэцэрлэгийн бүртгэлийг явуулахдаа
тухайн цэцэрлэг хамран тойрох хүрээний цэцэрлэгийн насны бүх хүүхдийг бүртгэн
авч, нийт хүүхдийн хэдийг нь цэцэрлэгт хамруулах вэ, хэдийг нь цэцэрлэггүй
үлдээх вэ гэдэгт судалгааг хийж, нарийн тооцооллыг гаргана гэлээ. Өнгөрсөн жил
элсэлтийн тасалбар тараах бүртгэлийг Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт туршиж байжээ.

Энэ
намар шинээр нийт 6400 орчим ортой улс, хувийн нийлсэн хэд хэдэн цэцэрлэг
ашиглалтанд орно. Харин 2015-2016 оны хичээлийн жилд нийслэлд нийт төрийн болон
хувийн нийлсэн 632 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах юм байна. Үүнээс 233 нь
улсынх, үлдсэн 399 нь хувийн хэвшлийн төлбөртэй цэцэрлэг байх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *