Categories
мэдээ нийгэм

Чөлөөлөх дайны 70 жилийн ойг угтсан ёслол болно

Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 0I дүгээр зарлигаараа 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон билээ. Уг зарлигийн дагуу Засгийн газрын тогтоол гарч ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ахлан ажиллаж байгаа аж.

Ойг угтан түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж буй.

Ажлын хэсэг Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний дагуу нийслэл болон Дорноговь, Сүхбаатар аймгуудад баярын арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Тухайлбал, Сүхбаатар аймагт энэ сарын 19, Дорноговь аймагт энэ сарын 21-нд ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ өдөр 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон МАХЦ-ийн дивизүүдийн тугийг залж, тус аймгууд дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд цэргийн ёслолын жагсаал алхах аж.

Энэ үеэр Зэвсэгт хүчний 084 дүгээр анги шүхрийн буулт, гардан тулааны үзүүлэх тоглолт, ЗХЖШ-ын дэргэдэх Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолт, “Бид ялав” үзэсгэлэнгийн нээлт, баярын хурал, ЦДБЭЧ-ийн уран бүтээлчдын хүндэтгэлийн тоглолт зохиогдох гэнэ.

Уг арга хэмжээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, ахмад дайчид, орон нутаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд оролцох юм байна.

Харин нийслэл хотод энэ сарын 28-нд Соёлын төв өргөөнд баярын хурал, хүндэтгэлийн концерт, цэрэг дайчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх зэргээр ялалтын баярт зориулсан арга хэмжээ үргэлжилэх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *