Дуурийн театрын тайзнаа “Хязгааргүй” моно операгаа 350 ам.доллараар тавьж тухайн үедээ шуугианы эзэн болж байсан эрхмийнд өнжлөө. Төв аймгийн ”Монгол туургатан” театрын дарга байхдаа найруулсан “Хязгааргүй” нь тэр жилийнхээ “Гэгээн муза”-гийн хөгжимт драмын төрөлд хамаг цомыг нь хамж, бүр гран приг нь хүртэл авч байсныг театрт дурлагчид андахгүй. “Хязгааргүй” моно операг урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг найруулсан юм. Тэрээр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа аж. Ч.Ганхуяг найруулагч руу өнгөрсөн баасан гаригт утас цохилоо. “Хүрээд ир ээ” гэж уриалгахан зөвшөөрлөө. Найруулагчийнх Төв аймгийн Зуун мод суманд хоёр өрөө орон сууцанд амьдардаг юм байна. Биднийг ороход гэрийн эзэгтэй “Гэгээн муза”-гийн хэд хэдэн цом эгнүүлсэн ханын шүүгээ, буйдан, телевизтэй зочны өрөөндөө урив. Бага охин нь цай хоол бэлдэхэд ээждээ тусалж, найруулагч бидэнтэй яриа дэлгэлээ.
Ч.Ганхуяг найруулагчийн багш нь “Говийн зэрэглээ”-гийн Арслангийн дүрээр олны сэтгэлд үлдсэн Г.Доржсамбуу юм байна. “Миний багш наддаа бурхан. Хоёрдугаар курсээсээ багшаасаа салаагүй. Би ангиасаа ганцаараа найруулагчаар төгссөн юм. Шулуун шударга гэж жигтэйхэн хүн байсан. Их хатуу үгтэй. Хүний алдааг нүүрэн дээр нь шууд хэлж орхино. Хүнийг том жижиг гэж сүрдэхгүй, бардахгүй. Намайг дипломын жүжгийнхээ сургуулийг хийж байтал Гомбосүрэн гуай тайзан дээгүүр алхаад буугаад явчихлаа. Тэр мундаг том жүжигчинд нэг муу оюутан юу хэлэхэв. Гайхаад зогсч байтал багш, хөөе чи зогс гэж хашгирдаг юм.
За тэгээд л хэн чамд ингэж заасан юм, театр гэж юу болохыг мэддэггүй ийм хүн театрт ажиллаж байдаг, Монголын хамаг төмрийг энгэрээрээ дүүрэн овоолчихоод юугаа мэдэж явсан амьтан бэ чи, орж ирсэн газраараа буцаад гар гэж ирээд тачигнаж гарлаа. Гомбосүрэн гуай ч уучлал гуйгаад буцаад алхсан. Ийм тохиолдол ярья гэвэл өчнөөн л дөө” гэж байна. Багшийнх нь тухай гэгээлэг дурсамж сонсож нэг хэсэгтээ л инээд шуугиан болов. Найруулагч зургийн цомог эргүүлэнгээ “Миний хуриман дээр багш очсон юм. Тэгэхээр их сүрлэг хурим болсон байгаа биз. Хуримын орой өнөөдөр шавьтайгаа сайхан ярьж хононо оо гэж байна. Тэгээд “Монголын найруулагчдаас миний хүүд хэн илүү таалагддаг вэ” гэж асуудаг юм. Би Нямгаваа найруулагчийг их шүтнэ. Тэрийгээ л хэллээ. Гэтэл багш босоод хамаг юмаа цүнхлээд унав аа. Хаачих гэж байгааг нь асуутал “Битгий хуцаад бай, чи тэр Нямгаваа дээрээ очихгүй юу” гээд жигтэйхэн. Би ч дагаад гарлаа. Зочид буудалд өрөө авч өг гэхээр нь хэлснээр нь болголоо. Нэг их удалгүй за за больё больё хоёулаа гэртээ харья гэж билээ” хэмээн яриагаа үргэлжлүүлэв. Цагаан инээдтэй ийм дурсамж багш, шавь хоёрын дунд өчнөөн юм.
“Хязгааргүй” моно операг 350 ам.доллараар тавих болсон шалтгааныг сонирхоход “Би Монголын урлагт гавьяа байгуулсан амьтан. Театрын билет 3000 төгрөг байх үед найруулсан жүжгээ 10 мянган төгрөгөөр тавьж байлаа. Араас нь Баабарын “Бооцоо” 999 мянган төгрөгөөр үнэлэгдсэн. Үүний дараа билет 6000 төгрөг болсон. “Хязгааргүй”-г 350 ам.доллараар үнэлж зарсан хойно театрын билет 10 мянган төгрөг болсон. Монголын урлагт үнэлгээний хэмжүүр тогтоосон л байгаа биз” гэж хэлээд хөгжилтэй инээлээ. “Монгол туургатан” театрын даргын албаа сонгуулийн дараахан өгсөн гэнэ. “Хөдөөгийн театр “Гэгээн муза” наадмаас гранпри авлаа гээд тухайн үедээ шуугицгааж байсан. Та яагаад ажлаа өгчихсөн юм бэ” гэж сонирхоход “Юм хийж эхэлдгийн даваан дээр сонгууль болоод давалгаанд нь арчигдсан даа” гэснээс өөр үг унагасангүй.
Ч.Ганхуяг найруулагчийнх хоёр охин, ганц хүүтэй юм байна. Охидыг нь Номундарь, Номунзаяа гэдэг аж. Бага хүү нь Тэнгис. Долдугаар ангийн сурагч гэнэ. Биднийг очиход Тэнгис найзуудтайгаа тоглохоор гарсан байлаа. Найруулагчийн ханийг Б.Ганчимэг гэдэг аж. Эхнэрээ “Манай гэрийн босс, миний асран халамжлагч. Хүүхдүүдтэйгээ үлдэхэд хоол цай нь таалагдахгүй. Байж байгаа нь таалагдахгүй. Энэ хүний гараас холдвол би гэдэг хүн үсрээд ойчно” гэж тодорхойлов. Байсгээд охиноосоо “Аавынх нь тэр юм хаана байна” гэж асууж байгаагаа “Би энэ айлд мэдэх юмгүй хүн. Ямар сайндаа л бага хүү “Миний аав” гэсэн зохион бичлэг хийхдээ “Миний аав ажлаасаа ирээд диван дээр хэвтэж, телевизор үздэг” гэж бичихэв” гэж тайлбарлаад хөгжилтэй инээлээ.
Гэрийн эзэгтэй загасны шөл, бууз, өргөст хэмхийн салат бэлджээ. Хооллох зуур удам судрын тухай яриа өрнөв. Ч.Ганхуяг найруулагч ааваараа бол Дундговийн хүн юм байна. Аав нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул аж. Ээж нь Архангайнх гэнэ. Хотод төрөөд Архангайд өсч тэндээ дунд сургууль төгсчээ. Урлагийн гэр бүлд төрж өссөнөө ярив. Аав, ээж нь хоёулаа жүжигчин. Эмээгийнх нь эмээ “Дангийн даавуун майхан” гэдэг дууг зохиосон хүн гэнэ. Манжуудыг Монголоос гаргах үед нэг манж залуутай хайр сэтгэлийн холбоотой байж. Өнөө залуугаа хилийн ойролцоо майхан барьж байж гаргаж өгөхдөө олонд түгсэн энэ дууг зохиожээ. “Дангийн даавуун майхан даваан дээр дэрвэлзэнэ ээ, давхраат нүдтэй манжийн хүн даван давтлаа тормолзоно хө” гэсэн дууг зохиосон эмэг нь хэлэмгий гэж жигтэйхэн хүн байж. Гэрийн эзний аавын ээж Дэнсмаа гэж сайхан дуулдаг хөгшин байсан гэнэ. Зураач Доржпалам, зохиолч Д.Батбаяр хоёр аавынх нь талын хамаатан аж.
“Урлагийн гэр бүлд өссөн болохоор найруулагч болъё гэж шийдсэн үү” гэж сонирхоход урдаа байгаа загасны шөлнөөс халбагадангаа “Ёстой тэгж бодож байгаагүй. Би чинь арван жилд байхдаа сахилгагүй, сурлагаар гойд биш хүү байсан. Мөрөөдөл гэвэл жолооч болох. Хүүхдүүдийн дурсгалын дэвтэр дээр ачаатай, ЗИЛ-130 машин зурчихна. Тэгээд болоогүй ээ, доор нь энэ бол миний мөрөөдөл гээд биччихнэ. Арав төгсөх гэж байтал Архангайд кино драмын ангийн элсэлтийн шалгалт авахаар хэсэг хүн очдог юм. Аав шалгалт ирснийг дуулаад “Хүн болоод нэг удаа конкурсдсэн юм гэж хожим дурсаж ярихад сайхан шүү дээ. Миний хүү нэг шалгуулаад үзэх үү. Чамд авьяас бий. Тэнцэхгүй бол тэр л биз. Тэнцсэн ч үнэхээр дурлаад байвал жолоочоо хий” гэж аядуухан хэлж байна. Эвгүй хэлбэл гөжнө гэдгийг мэдэх учраас тэгсэн хэрэг. Тэгээд л ганцаараа тэнцэж байлаа” гэж ярив.
Дээд сургуулиа дөнгөж төгсөөд Архангайн соёлын ордонд найруулагчаар ажиллах үедээ аймгийн дарга нартай нэлээд үздэг байж. Сүүлдээ хурлаар орж дилломоо хураалгах шийдвэр сонсч байснаа сонирхууллаа. “Диплом хураана гэнгүүт өнөө мундаг амьтан чинь дипломтой ч, дипломгүй ч найруулагч гэж хэлээд ураад шидчихэж байгаа юм. Тэгээд мөрдөнд орж, 45 хоног суугаад жил зургаан сарын хорих ял сонслоо. Азаар Октябрийн 70 жилийн ойн зарлигт орж өршөөгдсөн дөө. Дараа нь намайг Хангай сумын соёлын төвийн эрхлэгчээр ажилла гэдэг юм. Юу гэж очихов. Тээврийн товчоон дээр энэ хүнийг гадагш явуулахгүй гэж бичээд зураг наачихсан. Аргаа бараад найзынхаа машины ачаан дор орж нуугдаад Архангайгаас гарч байлаа. Намын хянан шалгах хороонд өргөдөл бичлээ. Хотод ирээд ажилд авах газар байхгүй. Очих айлгүй. Оройдоо орцоор хоноглож хэсэг явдаг юм. Сүүлдээ хэцүүднэ биз дээ. Юу ч гэсэн намын хянан шалгах хороогоор оръё гээд Засгийн газрын ордонд ордог юм. Дарга нь Лхамжав гэж хүн байсан. Ороод ярих гэтэл самсаа шархираад болдоггүй. Аавыгаа харсан хүүхэд шиг гомдоод. Учраа хэлтэл шийдвэр аль эрт гарсан шүү дээ гэдэг байгаа. Бичиг хэрэг нь явуулаагүй байж л дээ. Лхамжав гуай тэр дор нь сайд руу яриад асуудлыг өнөөдрийн дотор шийд гэсэн үүрэг өглөө. Баярлаж үзээгүйгээрээ баярласан. Хоёр, гурван хоног юм идээгүй өлссөн гэж жигтэйхэн явсан үе. Юу нь хатгасан юм “Би танд маш их баярлаж байна. Та надад 50 төгрөг зээлээч. Цалингаа аваад явуулъя” гэчихлээ. Лхамжав гуай нэг их инээснээ ширээнээсээ цоо шинэ тавин төгрөг гаргаж ирээд “За залуу амжилт хүсье. Нисээд бай даа” гэдэг юм. Тэндээс яаж гарснаа ч мэддэггүй юм, нэг мэдэхэд Улаанбаатар ресторанд урдаа баахан хоол өрчихсөн сууж байсан” хэмээн ярилаа. Ингээд Дундговь аймгийн театрт найруулагчаар очжээ. Дараа нь Баянхонгор, Архангай гээд хэд хэдэн аймгийн театрт ажилласан гэнэ. Хэчнээн удаа нүүснийг нь сонирхоход “Юу ч үгүй болтлоо нүүсэн айл. Нэг ч тавилгагүй, хөнжил гудас, гурван аягатай болтлоо нүүж байсан. Улаанбаатарын бүх дүүргийг гүйцээсэн байдаг юм” гэж байна.
Энэ үеэр бага хүү нь орж ирлээ. Найруулагч хүүгээ өглөө босонгуут 100 суниалгаж, гантель өргүүлдэг гэнэ. “Миний хүү чинь тэгж болохгүй л гэвэл үгээр болно. Зургаан сард нэг чипс ид гэхэд зургаан сарыг тоолоод суучихдаг нөхөр дөө” гэж хэлээд бага хүүгээ үнсэв. Тэнгис ээжийнхээ хийсэн буузыг идэж аваад тоглохоор гарлаа. Гал тогооны өрөөнд ээждээ туслаад завгүй байсан Номунзаяа ч гарах гэж байгаа бололтой. Аль хэдийнэ хувцсаа солиод өмсчихөж. “Би ааваараа бахархдаг. Ийм аавын охин болж төрсөндөө баярладаг. Гаднаасаа ааштай юм шиг харагддаг байж магадгүй. Гэхдээ огтхон ч тийм биш. Миний аав их зөөлөн хүн” гэж хэлээд гарч одлоо.
“Энэ жүжгийг нь сэтгэлдээ тултал хийсэн дээ гэж бодох бүтээлээ нэрлээч” гэхэд “Ромео Жульетта”-гаа онцлов. “Будаа болтлоо шүүмжлүүлээд таг болсон доо. Надад амбицтай улс өөрсдийнхөөрөө зүтгэж буруутгах гэж үзсээр байгаад дарсан. Одоо дахин сэргээн тавья гэж бодож байгаа. Тэгвэл Францын Авинионы фестивальд тоглох юмсан гэж боддог” хэмээн ярив. “Ч.Ганхуягийн “Ромео Жульетта” бусад найруулагчдаас юугаараа онцлог, өөр вэ” гэж сонирхоход “Бүхлээрээ өөр. Уг нь “Ромео Жульетта” гайхамшигтай гоё хоёр залуугийн тухай жүжиг. Миний Ромео, Жульетта тийм биш. Галзуугийн эмнэлгийн өвчтөнүүд “Ромео Жульетта”-г уншаад дүрээ булаацалдаж авдаг. Тэгээд давтаж, тоглосоор дүрүүдээ өөрийн болгочихож байгаа юм. Ромео нь дал гарсан өвгөн. Жульетта нь 16, 17-той залуухан охин. Сүүлдээ үхэл нь жинхэнэ үхэл болдог. Тэд эмнэлгээсээ оргож задгай театрт жүжгээ тоглож байгаад баригддаг юм. Олон жил бодож байгаад хийсэн бүтээл. Өнөөдөр хайр сэтгэл гэж хаана юу байна, чин үнэн хайрын төлөө тэмцэл, чин үнэн дурлал бий юу гэсэн асуултад хариу хайсан. Дурлал, хайрынхаа төлөө тэмцэж байгаа хүн өнөөгийн нийгэмд галзуу хүн болж харагддаг. Тэгэхээр галзуу хүмүүс нь эрүүл үү, эрүүл нь галзуу юу. Мөн чанар нь яг юу юм. Энэ санааг хэлэх гэж сонгож авсан хувилбар” гэсэн хариу хэллээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд байсан Баатар найруулагч “Ромео Жульетта” жүжгийнх нь талаар “Би хэзээ ч ингэж бодож чадахгүй юм билээ. Яаж бодсон юм гэж гайхдаг. Гайхалтай л гэхээс өөр үг хэлж чадахгүй” гэж ярьжээ.
Энэ жилийн наадмын нээлтийн баатруудтай хэсгийг Ч.Ганхуяг найруулагч найруулжээ. “Миний санаачилсан сценариар хийлгэнэ гэвэл хийе” гэж байж ажилласан гэнэ. Улсын наадмын нээлтийг зургаан удаа найруулсан юм байна. Наадмын нээлт дээр шүүмжлэлтэй явдгаа ч хуваалцав. “Хэн дуртай нь жил бүр наадмаар тоглоод баймааргүй санагддаг. Наадмын нээлт гэдэг чинь нэг л ёслол. Есөн цагаан туг залах ёслол шиг наадам нээдэг тогтсон нэг ёслолтой болмоор байгаа юм. Тэр ёслолыг нь үзэх гэж дэлхий ирдэг байвал илүү өгөөжтэй. Бээжинд өглөө бүр төрийн далбаа өргөх ёслол болдог. Дөрөв, таван цэрэг л хааны ордноос гарч зам хөндлөн гараад бүх хөдөлгөөн зогсч тугаа зөөгөөд алхдаг. Ийм жижигхэн ёслол хэрнээ дэлхийн жуулчдын үзэхгүй өнгөрөх аргагүй ёслол болчихсон. Монгол наадам тийм л байх ёстой. Би өмнө нь саналаа хэлж байсан. Төрийн ёслолын албаны өмнөх дарга халгаагаагүй” гэж ярив.
Гэрийн эзэгтэй хоолны дараа нэрс жимс таваглаж тавилаа. Ер нь л үг дуу цөөтэй хүн юм. 1987 онд аравдугаар анги төгсөөд аймгийнхаа соёлын төвд бүжигчнээр оржээ. Ч.Ганхуяг найруулагчтай 18 насандаа ханилсан аж. “Миний аав, ээж Дундговийн улс. 1959 онд гэр бүл болоод өнөөдрийг хүртэл сайхан амьдарч яваа буянтай буурлууд бий. Би ч гэсэн ханьтайгаа олон жил жаргал, зовлонгоо хуваалцаж сайхан амьдарч байна. Энэ л манай удмын бахархал даа” гэснээс өөр үг унагасангүй. Найруулагч хажуунаас “Манай хүн чинь өдөрт 16 үг хэлдэг байсан юм. Сүүлийн үед 1860 үг хэлдэг болчихсон. Хажууд нь ийм яриа хүн суугаад байхаар халдварладаг шиг байгаа юм” гэж эхнэрээ цаашлуулаад авав. Тэгснээ зургийн цомгоос эхнэрийнхээ бүжиглэж байх үеийн зургийг харуулаад “Ийм цагаан дарь эхийг ногоон дарь эх болгочихсон хүн дээ би” гээд мушилзав. Цагаан дарь эхийн өмсгөлтэй бүжиглэж байх үеийнх нь зураг аж. Хорь дөнгөж хүрч байгаа үеийнх нь патиар бололтой.
Гэрийн эзэн ноднингоос л гэр амьтай болж байгаа аж. Цэргийн дуу бүжгийн чуулгын найруулагч болсноос хойш өглөө бүр долоон цагаас гэрээсээ гарч байгаа гэнэ. Орой арав, арваннэгэн цагт л гэрийн бараа хардаг юм байна. Чуулгаа гадагш нь гаргах, дэлхийн урлагийн тайзнаа Монгол гэсэн нэрийг дуудуулах ойрын зорилготой яваагаа сонирхуулав. Кино хийх бодолтой яваагаа ч хуваалцав. Ч.Ганхуяг найруулагч эмнэлгээс чөлөөгөөр гарч биднийг хүлээж авсан юм. “Хамгийн болдоггүй юм зүрх. Аппараттай байгаа юм. Мөнгө төгрөгийн эв таарвал хагалгаанд орж судаснуудаа солиулаад ирчихвэл аятайхан болчих гээд байдаг. Японд хагалгаа хийлгэхэд 100 гаруй сая төгрөг болох юм билээ” гэж ярив.
Хошин шогийн хамтлагуудын талаар ямар бодолтой явдгийг нь сонирхоход “Урлаг биш гэх аргагүй. Би буруутгадаггүй. Эд чинь мэдрэмжийн хувьд их өөр. Зрителээ мэдрээд байна л даа. Тоглоод байгаа юм нь яг нарийндаа дорно дахины театрын элементүүд. Дорно дахиныхан инээх, уйлах дуртай. Бодох дургүй. Юм бодуулна гэдэг чинь европ стандарт. Дорно дахинд уярах, уйлах, инээх ёстой. Энэ үндсэн жанр нь. Хошин шог зарим хэсэгтээ нулимстай байдаг шүү дээ. Тэгэхээр хаа хамаагүй хүний юм хийгээд байгаа улс биш” гэж байна.
Найруулагч биднийг үдэж өгөхдөө “Сүүлийн үед хүмүүс хүүхдээ тоо сайн бодуулж, хэл сургах гэж зүтгээд байна. Хүүхдүүдийн зүрх сэтгэлийг зөөллөх уран сайхны суурь боловсрол гэж алга. Уран сайхны суурь боловсрол бодлогоор тавигдаагүй нөхцөлд хүний хүсэл мөрөөдөл, зүрх сэтгэлийн ертөнц төгс боловсрохгүй. Зөв хүн болгохын тулд, сэтгэл нь эмзэглэж, өвдөж чаддаг хүчийг бий болгохын тулд уран сайхны суурь боловсрол байхаас аргагүй. Холливудын алдартай найруулагчид сургуульд үзсэн суурь боловсрол дээрээ л дөрөөлсөн байдаг” хэмээн бодлоо хуваалцсан.
“Хэнд зориулж юу бичиж юу хийхээ мэдэхээ байж байна. Өнөөдрийн үзэгчдэд таалагддаг юм хийнэ гэхээр тэдний сэтгэхүйгээр ажиллах хэрэгтэй болно. Тэр сэтгэхүй нь надад байхгүй. Тэгэхээр миний хийсэн бүтээл тэдэнд таалагдахгүй” гэх мэтийн найруулагчийн л амнаас гарах “хөндлөн” үгсийг тэднийд байх хугас өдөржин сонсч, урлагийн тухай, театрын тухай хөөрөлдлөө.
Ц.Баасансүрэн
Гэрэл зургуудыг Д.Лхагвадорж