Categories
мэдээ цаг-үе

Ч.Жаргалсайхан: Таггүй траншейнд машинаа эвдсэн бол цагдаагийн байгууллага гомдлыг барагдуулна

Ирэх сарын 1-нээс эхлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ талаар Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхантай ярилцлаа.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдлээ. Ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль анх 1996 онд батлагдсан. Энэ хууль өнөөгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг тэр болгон хангаж чадахгүй байгаагаас өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсон. Хууль шаардлага хангаж байсан бол олон хүний амь нас, эрүүл мэнд аврагдах ёстой. Гэтэл жил ирэх бүр ослын тоо өсч байна. Үүнийг зөвхөн автомашины өсөлттэй холбохоос илүү Монгол Улсын эрх бүхий албан тушаалтан, яам, байгууллагууд хамтарч байж бууруулж болох юм гэдэг нь харагддаг. Өнөөдрийг хүртэл замын аюулгүй байдлыг хэдэн цагдаа гудамжинд зогсоод зохицуулаад, торгоод болчих мэтээр хүн болгон ханддаг болчихсон. Гэтэл замын хөдөлгөөний аюулгүй байдал бол олон байгууллагын уялдаа холбоо, хариуцлагатай холбоотой зүйл. Хуучин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэн юу хийх, хариуцах нь тодорхойгүй тунхгийн шинж чанартай байсан. Харин одоо Засгийн газар, дүүрэг, аймгийн Засаг дарга нар, цагдаагийн байгууллага, харьяа яам, агентлаг, Эрүүл мэндийн яам ямар ажил, үүрэг хариуцахыг тус тусад нь тодорхой болгож өгсөн.

-Журам нь батлагдсан уу?

-Хуулийг дагаад нийтдээ 26 журам батлагдах ёстой. Үүн дотор замын хөдөлгөөний дүрэм, ачиж зөөвөрлөх журам, бэлэн бусаар замын хөдөлгөөнийг хянах журам, жолооч бэлтгэх шалгалт авах, зам тээврийн осол хэрэгт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх журам гэх мэт орно. Есдүгээр сарын 1-нээс өмнө бүгд батлагдах юм. Энэ батлагдаад ирэхээр хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой эрхзүйн орчин нөхцөл байдалдаа тохирсон, ажил хэрэгч болох байх аа гэж бодож байгаа.

-Ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулбал цаад байгууллагыг нь торгоно гээд байгаа?

-Хот хооронд тээвэр хийдэг компанийн эзэн зорчигч тээврийн хэрэгсэл дээрээ ганц жолооч ажиллуулдаг гэж бодъё. Энэ нь ээлжийн жолоочийн цалинг хэмнэж байгаа ч хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй алхам. Тийм учраас заавал ээлжийн жолоочтой байлгах, хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой эрхзүйн зохицуулалтыг хангах ёстой. Жишээлбэл, Ховд руу явж байгаа автобус байлаа гэхэд жолооч нь зургаагаас найман цаг яваад амрах ёстой. Зогсоод ээлжийн жолооч нь солигдож нөгөөх нь амрах учиртай. Тэгэлгүй баазын захирал зөвхөн өөрийнхөө эрх ашгийг бодвол жолооч зүүрмэглээд зүв зүгээр хөдөлгөөнд оролцож байсан нэг хүн, тээврийн хэрэгслийг мөргөж дайрах эрсдэл үүснэ. Тиймээс мөнгө олохоос илүү хүний амь нас, эрүүл мэндийн төлөө анхаарлаа тавьдаг байх ёстой гэсэн сэтгэлгээ, харилцаа, хариуцлага тогтох зарчмыг хуулиараа гаргаж ирсэн.

-Явган зорчигчдод бас хариуцлага үүрүүлэх болсон байна лээ. Ялангуяа 10 хүртэлх насны хүүхдүүд ганцаараа зам гарах хориотой болж байгаа юм байна?

-Зарим улсад зам тээврийн ослоор хүүхэд нас барахгүй, гэмтэхгүй болчихоод байна. Яагаад хүүхэд нас бардаггүй юм гээд аваад үзсэн чинь ерөөсөө л тодорхой хэдэн ажлыг л хийсэн байна. Тухайлбал, тээврийн хэрэгслээр зорчихдоо тусгай сандлыг, тодорхой насны хүүхдүүдэд хэрэглэх ёстой. Мөн манайхан үр хүүхдүүдээ хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцохыг хэвийн үзэгдэл шиг хараад байх юм. Энэ бол аюултай зүйл. Замын хөдөлгөөнд оролцох дадал зуршил, өөрийгөө аюулаас хамгаалах сэтгэлгээ, арга барил суугаагүй хүүхдүүдийг хэн ч харгалзахгүй хаячихна гэдэг бол үхэл рүү аваачаад түлхэж байна гэсэн үг. Тийм учраас 10 нас хүртэлх хүүхдийг бүх хүмүүс анхааралдаа авмаар байна. Манай цагдаа нар ч гудамжинд хүүхэд явж байвал анхаарал тавьдаг болно. Сургуулийн захирал, эцэг, эх, асран хүмүүжүүлэгч нь бүгдээрээ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцох байдлыг цэгцлэх хэрэгтэй. Тийм учраас энэ хуульд хүүхдийг харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд оролцохыг хориглож байна.

-Согтуугаар жолоо барьсан тохиолдолд хариуцлагыг нь чангаруулж байгаа юм билээ?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох бол ерөөсөө л аймшигтай үзэгдэл гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Гэтэл энэ байдал буурдаггүй. Тиймээс хариуцлагыг чангатгаж өгнө. Энэ удаагийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дээр мөнгөн торгууль нэмэгдсэн хэмжээтэй байна. Ер нь бол Зөрчлийн хууль дээр явж байгаагаар бол үүнээс хүндрүүлэх нөхцөлтэй байгаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг гэмт хэрэгт тооцно гэсэн зарчмын зүйл явж байгаа. Тэгэхээр Зөрчлийн хуулийг батлагдсаны дараагаар энэ талаар ярья. Одоо байгаагаар бол тодорхой хэмжээний мөнгөн торгуулиар торгодог. Мөн эрхийг нь хасдаг. Гэхдээ аль нэгийг нь хэрэглэдэг биш шүү. Хуулиараа зэрэг хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл эрхийг нь хасаад торгоно гэсэн үг. Одоогийн байдлаар 384 мянган төгрөгөөр анх удаа ийм зөрчил гаргасан бол торгож байгаа. Давтан үйлдэлтэй тохиолдолд мөнгөн торгуулийн хэмжээ нь өсөх, эрхийг хасах хугацааг нэмэгдүүлэх ийм зүйл заалттайгаар байж байна.

-Мөн замын эвдрэл, арчилгаанаас болж осол гарвал хариуцсан компаниас нь зардлыг гаргана гэсэн байсан?

-Хөдөлгөөнд оролцогчид зам тээврийн осолд өртөхөөрөө зөвхөн жолоочийн буруутай үйл ажиллагаа гээд байдаг. Тиймээс бид хуульд тухайн зам, гэрэлтүүлэг, явган хүний замын хальтиргаа мөсийг цэвэрлэх энэ ажлуудыг огт хийгээгүйгээс болоод зам тээврийн осол гарсан нөхцөлд энэ нөхцөлийг бий болгосон албан тушаалтнуудад хариуцлага оноох заалтыг оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл тэр зам эзэнтэй болох ёстой. Жишээ нь, Улаанбаатар хотод худгийн таг гэхэд дулааных, усных, холбооных гээд их тоо гардаг. Эдгээр худгууд таггүйгээс осол, эвдрэл гарвал зохих байгууллагын албан тушаалтнуудад хариуцлага оноодог болж байгаа. Гэрэлтүүлэг муугаас болоод тухайн зам дээр осол гарвал гэрэлтүүлэг хариуцсан албан тушаалтанд бид хариуцлага тооцно гэсэн үг.

-Хяналтан дээрээ хэрхэн анхаарах вэ. Тамхины хяналтын тухай хууль шиг болох вий гэсэн яриа байна?

-Энэ ажлыг нэг хүний удирдлагаар зангидахгүй бол байгууллага албан тушаалтан болгон тус тусдаа ажлаа хийцгээгээрэй гэж хэлчихээд орхих нь утгагүй. Тийм учраас энэ хуулийн хэрэгжилтийг Ерөнхий сайд хариуцна. Энэ хүн үндэсний зөвлөл байгуулж ажиллана. Зам тээврийн ослыг 50 хувиар бууруулна гээд бүх л орнууд зорилт тавьчихаад ажиллаж байна. Манай улс түүнд нэгдье гэдгээ одоогоос тав зургаан жилийн өмнө амласан. Гэхдээ таван жил юу ч хийсэнгүй. Сая л хуулиа баталлаа. Тэгвэл бусад орнуудын үндэсний зөвлөлийн найман сайд эрчимтэй ажиллаж байна шүү дээ.

-Тухайлбал зөвлөлийн сайдууд юу хийх вэ?

-Манай Эрүүл мэндийн сайд статистик гаргахаас өөр юу хийж байгаа юм. Бусад оронд зам дээр осол гарвал тэр квадратыг хариуцсан эмч нь очиж үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдөр та нар анзаарч байгаа бол манай эмнэлгүүд ингэхгүй байна. Госпитал буюу Цэргийн нэгдсэн эмнэлгийн хажууд аваар гарахад тэр эмнэлгээс хүн гарч ирэхгүй. Гэмтлийнхэн л ирж авна. Ийм бүдүүлэг тогтолцоотой байгаа. Бусад оронд бол өрхийн эмч байсан ч энэ квадрат дотор осол гарах юм бол чи гүйгээд очих ёстой гэсэн үүрэгтэй байдаг. Ямар ч байсан хүнийхээ амийг аварч байгаа юм. Гэтэл өнөөдөр Эрүүл мэндийн сайд “Ийм зам тээврийн осол болоод байна, халдварт бус өвчлөлийн гуравдугаар зэрэгт манай орон байна” гэж дэлхий дахинд мэдээлэл өгөхөөс зохион байгуулж байгаа зүйл байхгүй. Жишээлбэл, ийм эм хэрэглэсэн бол хөдөлгөөнд оролцож болохгүй аюултай гэсэн жагсаалт байдаг. Гэтэл түүнийгээ сурталчлахгүй байна. Наад зах нь харшлын хлорфенамин гэдэг тайвшруулах эмийг уучихаад зүүрмэглээд машин бариад явж байна. Тэгээд урдуур нь хүн гүйхэд эрүүл хүн тоормоз гишгээд зогсчих газар дайрчихаж байх жишээтэй. Ийм эм бэлдмэлийг хэрэглэсэн тохиолдолд та хөдөлгөөнд оролцож болохгүй шүү гэдэг юмыг ЭМЯ тувт ярьж олон түмэнд ойлгуулж байх ёстой. Түүнчлэн жолооч бэлтгэх үйл ажиллагаан дээр хараа нь болж байна уу, өөрөө автомашин жолоодож болохгүй өвчтөн байна гээд хязгаарлаж байгаа юм алга. Тэгэхэд бусад оронд жолоодох үнэмлэхтэй байх эсэх асуудлыг ЭМЯ нь хариуцаж байна шүү дээ. Манайх уг нь замын хөдөлгөөний стратегиа баталсан орон. Түүнийг хариуцсан дэд бүтцийн сайд нэг ч удаа хурал хийсэнгүй. Тэр сайд яг Сангийн сайд шиг зам барих гэдэг зүйлээ л анхаарахаас биш хөдөлгөөний аюулгүй байдлаа хариуцахгүй байна. Одоо бол Ерөнхий сайд ганцхан зам тээврийг биш ерөөсөө л замын бодлого, хөдөлгөөн зохион байгуулалтын бодлого гээд энэ бүгдийг ажлын аппаратуудаараа бүгдээр нь хийлгэх юм. Эрх мэдлүүдийг орон нутагт өгнө гэдэг үүднээсээ Засаг дарга нарт нэлээд эрх өгсөн.

-Тухайбал, хотын дарга ямар эрх мэдэлтэй байгаа вэ?

-Түгжрэлийн асуудал, осол аваарыг бууруулах чиглэлээр хөтөлбөртэй байна. Хөтөлбөрийн дагуу ажлуудаа хийж зам тээврийн осол, түгжрэлийг бууруулах ажлыг цэвэр ИТХ, Засаг даргад үүргийг нь өгчихсөн шүү дээ. Аймгуудад бол ихэнхдээ хот хоорондын замд осол гардаг. Улаанбаатарт болохоор явган зорчигчид дайруулах нь их байна. Тэгвэл дайруулаад байгаа газар нь хайс хашлага, гэрэлтүүлэг, явган хүний гүүрэн гарц бүгдийг нь хийж өгөх юм. Тэгвэл нас баралт буурна шүү дээ.

-Онооны системтэй болж байгаа гэсэн?

-Замын хөдөлгөөний дүрэм зөрчих, хоёр машин мөргөлдөхийг манай иргэд хэвийн юм шиг ойлгодог болсон. Бид саяхан нэг статистик гаргасан чинь жилдээ нэг хүн дунджаар 100 удаа дүрэм зөрчсөн байна. Энэ арай дэндэж байна шүү дээ. Огт зөрчил гаргадаггүй хүмүүс байхад хэдэн зуугаар нь зөрчил гаргадаг хүмүүс байна. Зөрчил гаргаад байгаа хүмүүсийг болиулах талаар ажил хийх ёстой. Мөнгөтэй бол зөрчил гаргаад байж болох нь ээ дээ. Нэг өдөр хүн дайрах, машинтай мөргөлдөх нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр энэ хүмүүсийн зөрчлийн тоог хязгаарлахын тулд онооны систем гэдэг зүйлийг оруулж ирж байгаа. Онооны систем бусад оронд байдаг л зүйл шүү дээ. Тэдэн удаа зөрчил гаргах юм бол тэр хүний эрх цуцлагддаг. Тэгээд хууль дүрэм судлуулдаг. Ийм юмтай болж байгаа. Энэ бол шинэчилсэн хуульд гарч ирсэн томоохон зүйл.

-Зам тавьсан компанийн буруугаас болоод ч юмуу, траншейны таг руу ороод машинаа эвдсэн бол гомдлоо хаана гаргах вэ?

-Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж асуудлаа шийдүүлнэ. “Миний машин ингэж эвдэрлээ, худаг яагаад онгорхой байсан бэ. Төлүүлмээр байна. Зорчих хэсэг бүрэн бүтэн байх ёстой хуультай” гээд гомдлоо гаргана. Нийтийн эзэмшлийн замыг Улаанбаатар нэгтгэл хариуцдаг. Орон сууцны замыг СӨХ нь хариуцдаг. Бүгд л эзэнтэй байна шүү дээ. Тэр болгоны эзнийг олж бид хариуцлага тооцож байх ёстой.

-Явган зорчигч гарцгүй газраар гарах зэрэг зөрчил гаргавал замын цагдаа торгох уу, эргүүлийн цагдаа арга хэмжээ авах уу?

-Цагдаагийн албан хаагч хэн нь ч торгоно шүү дээ. Аль ч зөрчил дээр торгох эрхийг цагдаагийн албан хаагч бол хэн нь ч эдэлнэ.

-Малгайгаа дарж өмсөөд замаар хөндлөн гүйж гараад танигдахгүй өнгөрчихвөл яах вэ?

-Хэн байсныг тогтоож торгох ёстой.

-Орон тооны хувьд хангалттай хяналт тавих хэмжээний цагдаа байна уу?

-Засгийн газрын 153 дугаар тогтоол норм тогтоосон байдаг юм. Түүгээр бол суурин газар тээврийн хэрэгслийн тооноос хамаараад 350 тээврийн хэрэгсэл тутамд нэг гудамж, замын ажилтан байх ёстой. Тэгж тооцвол өнөөдөр манайд багаар бодоход 1200 цагдаа байх ёстой байтал 300 гаруй цагдаа л байна. Замын цагдаагийн одоогийн байгаа орон тоо бол 1990 оны тэр хэвээрээ байгаа. Нэг цагдаа дөрвөн хүний ажил хийж байна. Энэ байдал цагдаагийн бусад албадууд дээр мөн л байгаа. 150 км тутамд цагдаагийн байнгын постууд байж тэнд ажлын цагаар 8-9 хүнтэй баг ажиллаж байх ёстой. Гэтэл орон нутагт бас л дөрвөн цагдаагийн ажлыг нэг цагдаа хийж байна. Ихэнх замууд эзгүй байна.

-Есдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжинэ. Бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Цагдаагийн албан хаагчдадаа хууль дүрмээ сурталчилж, ойлгуулах сургалт явагдаж байна. Улаанбаатар хотод хууль хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг бүх л агентлаг газруудад хүргэх, танилцуулах, бүтэц зохион байгуулалтаа яаж хийхээ ярилцаж байна. Энэ болгоныг хийж хэрэгжүүлэх зөвхөн цагдаагийн байгууллага биш нэлээд олон байгууллага тодорхой ажлууд хийж эхлэх байх аа.

-Гарцгүй газраар гарахад торгууль төлөх хуультай боллоо. Торгууль төлөх чадваргүй хүн байвал яах вэ?

-Бэлэн бусаар Улаанбаатар хотод торгоод эхэлчихсэн шүү дээ. Тэр цаг үед мөнгөгүй байлаа гэхэд тодорхой хугацааны дараа төлөх эрх байгаа. Тэгээд төлөхгүй бол бид шүүх шийдвэрийн газраар л дамжуулж явна. Шүүхэд асуудал тавихад захиргааны зөрчлийг биелүүлээгүй субъектыг бол албадан ажил хийлгэх, яах ийх шийдвэрийг шүүх гаргана. Цагдаа төлүүлэх ажлыг хариуцахгүй. Төлөхгүй яваад байгаа хүмүүс бүртгэгдээд яваад байна гэсэн үг. Дараа нь шүүхэд өгчихнө.

-Торгуулийн хэмжээг ихээр тогтоосон юм биш үү?

-Ерөөсөө эдийн засагтай нь ярих бол олон улсад шалгарсан арга. Бидний зүгээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийг сая төгрөгөөр торгох санал өгч байсан шүү дээ. Үүнийг хууль санаачлагчид бага болгосон. Гэхдээ давтан буюу хоёр гурав дахь удаагаас ихэснэ. Өмнө нь байсан торгууль анх гарч байсан үедээ их байсан ч одоогийн байдалтай харьцуулахад бага болчихсон байсан юм.

Ж.БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *