Categories
мэдээ цаг-үе

Баруунтаах нутгууд баахан жаргалтай

Баянхонгороос Бөмбөгөр сум, Байдрагийн гол, Бууцагаан сум хүртэл зам нэлээд бартаатай, олон салаа. Харин Говь-Алтайн Дэлгэрт ирэхэд шив шинэхэн засмал зам угтав. Алтай хүртэл үргэлжлэх уг зам урамтай. Арвайхээрийг өнгөрөөд зөрөх машины тоо багассаар Дэлгэрийн талд ганц хоёрхон л том машин зөрж өнгөрөв. Баарангийн даваагаар даваад газрын зурагт Ямбатын тал хэмээн тэмдэглэгдсэн газраар давхилаа. Тал гэхээр ойлгомжтой. Уулс газрын хаяанд харагдаад л байна, ер ойртохгүй. Салхи нэг л хэмнэлээр эцэс төгсгөлгүй урсана. Ээвийн буудлын хойхно гурван майхнаа зооцгоов. Ээвийн гүүр эвдэрсэн учир эргэн тойронд нь элдэв зам гарчээ. Борооны үед энд тэнд ачааны том машин шаварт сууж нааш цааш холхиж зам гаргажээ гэдгийг хатсан шавар шавхай илтгэнэ. Шаргын говь, Хүрэнгийн талыг нар дээр хөөрөхөөс өмнө туулъя гэцгээсээр хөдөллөө. Манай машины нумны нэгдүгээр өнгө нь хугарч бид цуваанаасаа хоцорчихов. Говийн тэр нам гүмд хэчнээн ч цаг саатав. Машин тэрэг бараг явахгүй. Хааяадаа л жижиг тэрэг, жийп өнгөрч харагдана. Утасны сүлжээ ч үгүй, сэлбэг байхгүй учир бид яах вэ. Манай аавын хувьд насаараа зам, гүүрийн барилгын салбарт ажиллаж, Монголын өнцөг булан бүрт хүрсэн замын мэргэжилтэй учир хээр хөдөө машин тэрэг эвдэрвэл өөртөө л найдаж, байгаа, гар доорх зүйлсээ ашиглан монголчлоод машинаа хөдөлгөдөг жолооч. Замын хажуугаар явж дугуйны олгой хаймар, тросс, төмөр утас хайв. Говийн олон салаа замын хажууд шатаад буудсан дугуйны өөдөс, хугарсан нумны хэлтэрхийнээс өөр зүйл таарахгүй. Данхраадныхаа доор ивчих алгын чинээ бадриухан чулуу олдсонгүй. Харин хонин гүрвэл л усанд сэлэх загас мэт хөл дор мэлс мэлсхийн өнгөрнө. Тэгж байтал зам ангийн индүү, бас бус юм тээвэрлэсэн ачааны хоёр машинд гар өргөж тусламж гуйв. Залуухан хоёр жолооч бууж ирээд өөрсдийн троссноос тасалж, олгой хаймарнаасаа хайчилж, төмөр утас илүүчиллээ. Тээврийн тэрэгний жолооч нарт байх л “сэлбэг”. Хүйсийн өргөн уудам говь, Дарви, Зэрэг сумаар өнөө л монголчилсон нумтайгаа явсаар Ховд хүрчихэв.

Маргааш нь техникийн захаас микроавтобусны нэгдүгээр өнгө авчраад тавьсан нь бараг л таарав. Ингээд аяллаа үргэлжлүүллээ. Буянт голд орж сэлцгээе гэтэл үертэй. Ховд хотынхны хувьд Буянт голын эрэг бол зуных нь гол зуслан. Голын хоёр талаар дүүрэн айлууд. Хүүхэд багачууд нь нүцгэн гүйлдэж, настайчууд нь гэрийнхээ гадна сууцгаана. Эрдэнэбүрэн сумын нутгаар явж Хашаатын даваан дээр ирвэл нутгийн улсуудтай таарав. Тэд Алтанцөгц сумын 90 жилийн ойн баяр наадамд оролцохоор Эрдэнэтээс хөдөлсөн нь энэ. Ингээд цуваандаа нийт таван машинтай болчихлоо. Салхитын гармаар гарч Алтанцөгц сумын нутагт хөл тавив. Алтанцөгц нуурын дэргэд аавын маань дүү Баяг ах, эхнэр, хүүгийнхээ хамт биднийг мөнгөн аягатай сүү, хадагтай угтав. Ховдоос хөдөлсөн гэдгийг дуулаад л өдрөөс хойш энд хүлээжээ. Олон жил уулзалдаагүй ахан дүүс учран золгохын жаргал эдэлж бүгд л нүдэндээ баярын нулимс цийлгэнүүлэн тэврэлдлээ. Аавын маань ах нутагтаа ирээгүй 40 жил болсон бол дүү нь 26 жилийн өмнө л нутгаасаа гараад өнөөдөр ийн ирж байна. Нутгаа зүүдлэн, ахан дүүсээ санан санасаар золгож байгаа хүмүүсийн жаргал ийм. Тэд багадаа тоглодог байсан газруудаа ярилцана. Хөх сайраар ингэж давхиад, Хоёр мөсөнд тэднийд очдог байлаа. Хасаг зээрдээрээ энэ хөндийгөөр ч мундаг давхидаг байлаа гэцгээн хорь, гучин жилийн өмнөх дурсамжаа хөглөнө.

Хөх сайраар гарч Эрэгт голоо гатлаад Дунд хясаанд Баяг ахынд буув. Хоёр охин нь хоол, унд цайгаа хэдийнэ бэлдчихсэн, мөн догдлон хүлээж байж.

Цамбагарав хайрхан нут­гийн­хаа хойморт шөнийн нам гүм дундаас ер бусын амгалан налайна. Цаст уулын түргэн урсгалт Эрэгт голын урсгал энүүхэнд сонсогдож, багадаа мэдэрч байсан байгалийн тэр омголон аязыг хорь гаруй жилийн дараа дахин мэдэрсэндээ туйлын ихээр баярлалаа. Өглөө сэрэнгүүтээ л Цамбагарав хайрханаа харж, дотроо зөндөө их залбирлаа.

Сумын наадам гурван өдөр сайхан болж өнгөрөв. Монголын өнцөг булан бүрт амьдран суугаа нутгийн уугуул иргэд бүгд шахуу ирцгээжээ. Арван жилийн найзууд уулзан багын явдлаа дурсан инээлдэнэ. Хөх сайр, Эрэгтийн дунд хясаа, Эхэн хясаа, Эрэгт гол, Хоёр мөсөн, Хоёр сайр, Таван бэлчир, Усаарын хүрхрээ, Хоёр толгой, Хүрэмт, Тэхт, Тэхтийн рашаан, Хагт, Булан, Хоогийн булаг, Өндрийн элэг, Цагаан түнгэ гээд өсч төрсөн сумынхаа газар бүрт нь очиж, ахан дүүстэйгээ үлгэрт л гардаг мэт хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй найрлаж “Гурван цастай Богд”-ыгоо дуулцгаав. Хүй цөглөсөн газрууддаа очиж, сүү өргөж, арц уугиулан төрсөн гэрийнхээ бууринд хөрвөөв.

Ээвийн буудлын гуанзнаас эхлээд л цайны аяга томорч, өнгө аагтан шаргал болж ирж байгаа юм. Хотын цайны газруудын том орцтой хоолны тавагтай дүйхүйц л хэмжээтэй аягаар цай аягална. Эхлээд ганц аягыг арайхийн бардаг байсан бол нутагтаа арав хоносны дараа суурин дээрээ тийм аягаар таван аягыг өндийсхийлгүй уучихдаг болсон. Баяг ахын эхнэр Урнаа бэр “Манай аяганууд ер нь том. Үүнээс багахан аяганд хүнд юм хийж өгөхөөр эвгүй байдаг юм” гэсэн билээ. Баян-Өлгийн монголчууд, урианхайчуудын хувьд зочин орж ирвэл аагтай цайгаа өргөн барина. Шимийн архиныхаа дээжийг өрхийн тэргүүн барих хооронд эзэгтэй нь тогоо тавьж мах чанадаг заншилтай. Тэгээд найр сайхан болохын үед уртын дуугаа дуулж, дуу бүхнээ

…Далай ламын адистай

Даяараа хамт жаргая

Найрлан жаргая аа… хэмээн дуулан жаргаадаг билээ. Манай нутаг өөрөөсөө ахмад хүнийг барагтай бол нэрээр нь дуудахгүй. Нэрээр нь дуудлаа гэхэд жишээ нь манай ээжийг аавын дүү нар Должин бэргэн эгч гэцгээнэ. Нагац, авга нараа ихэд хүндэтгэнэ.

Алтанцөгцөөс аймгийн төв рүү ороход Шүүгийн гүүрээр гарч Чидэлийн хөтөл, Хүйтэн хөтөл, Ургамлын хөтөл гэсэн хөтлүүдийг давна. Хатуугийн голоор гарч Бугат сумын нутгаар өнгөрнө.

Өлгийн төв нам гүм. Зуны налгар, амралтын өдрүүд үргэлжилж байгаа учир тийм байх учиртай. Өлгийн хамгийн том дэлгүүр “Цамбагарав” супермаркетад оров. Ер нь аяллын чанартай гааз, скоч, жижиг савлагаатай будаа, гоймон, хиам мэтийн зүйлс гүйлгээтэй байгаа шинжтэй. Эндхийнхэн Орос, Казахстан, Хятадаас бараа бүтээгдэхүүн, хүнсний ихэнх зүйлээ оруулж ирдэг болохоор юмны үнэ хямд санж. Казахстанаас жимс оруулж ирдэг бололтой. Хотод л харагддаггүй ховор чихрүүд элбэг. Хүнсний барааны үнэ хотынхоос дунджаар 50-300 төгрөгөөр хямд. Халуун усанд том хүн орвол 1500 төгрөг. Түлш, шатахууны үнэ Ховд, Увс, Говь-Алтайнхтай ойролцоо ч олдоцтой.

Өлгийн төвд аймгийн дүү нар, ээжийн ахан дүүсийнх гээд арав гаруй айлаар орох ажлыг хоёр өдөрт л нугалав. Ээжийн ойр төрөл болох авга эгч Шагдар нь биднийг хүлээж ядаад рашаанд явах цаг нь тулсан учир Дэлүүн сум руу Шигэртэйн рашаанд явчихаж. Олон жилийн дараа нутагтаа ирж байгаа дүүд маань өгөөрэй гээд шинэхэн оёсон дээл, шар тос, ааруул цагаан идээний дээжээ бэлтгээд явсныг бэр нь ээжид хүндэтгэлтэйгээр бэлэглэв. Нутгаа хэмээн зориод олон жилийн дараа ирсэн биднийг бүгд л сэтгэлээ дэвсэн угтан бэлэг өгцгөөж “Дараа жил дахин ирцгээ” хэмээн захисан билээ. Цагаан сүүний цацлаар дөрөөгөө мялаалгаад Өлгийн “Петровис”-оос машиныхаа банкыг дүүргэж аваад нааш хөдлөв.

Хаш толгойг жолооч бүр л мэднэ. Ховд голын хаяагаарх замаар явна. Гол нэлээд үертэй гүнзгий ногоорон, хүчтэй урсана. Зарим газраа боргио үүсгэх нь үзэсгэлэнтэй. Тавалтайн хавцлаар явж байтал аав “За энэ хайрханд өнөө ховор ан амьтад бүгд бий. Аргаль, янгирын ус руу орж ирдэг зам бий дээ” гэж хэлж дуусаагүй байтал хоёр гурван зуугаад метрийн зайтай зам дээр нэг амьтан хэвтэж харагдана. Машины хурдаа сааруулаад ажлаа. Янгирын төл үнүх. Засмал зам дээгүүр уулнаас бууж ирсэн амьтны турууны мөрөөр орж ирсэн шороо харагдав. Ус уудаг зам нь энэ аж. Үнүх яахав, залхуураад хэвтээгүй нь ойлгомжтой. Гэмтсэн байж таарна гэж бодоод дэргэд нь шахуу очвол өнөөх чинь цочсон ч нэг их үргэсэнгүй. Хэд гурав яваад л эргээд харна. Машин тэрэг, эсвэл шунахай нөхөд таарчихаж магад гэж бодоод уул руу нь үргээлээ.

Ачит нуур өнгөрөөд Увсын Ховд сумын нутгаар явлаа. Энэ зам жолооч нарын урыг шаардана. Гэнэтийн саад, бартаатай олон эргэлт, нугачаатай, ер нь л болгоомж хэрэгтэй. Шивэрийн гол үертэй бол заримдаа тээврийн жолооч нар намдахыг нь хүлээдэг, тийм хүчтэй. Харин биднийг гатлах үед тунгалаг байлаа. Газрын зураг дээр тэмдэглэгдсэн Шаазгай нуур 1980-аад оны үед нэлээд өргөн талбай хамарсан нуур байж. Гэтэл одоо хэмжээ нь багасчээ. Өлгий сумаар орж машины моторын тос, хиам, талх ундаа худалдаж авав. Наранбулаг сумын дундуур гарч шинэхэн хар зам руу орлоо. Энэ зам Хяргас нуурыг дуустал үргэлжилнэ. Сайхан замаар явах сайхан. Хар тэрмисийн амралтын газрын хашаанд машин тэрэг олон байна. Хяргас нуурын хөвөөнөө амрагчид майхан, тэргээ байрлуулжээ. Бид нуур руу гүйн орж хөлөө норгов. Ус нь бүлээхэн, долгио нь түмэн. Нар жаргахын алдад сая майхнаа зоож, шуузалсан махтай гоймонтой шөл хийж идлээ. Тэргэл саран хөөрч, салхи улам ширүүслээ. Майхнаа машинаасаа татаад уячихав. Майхан шөнөжингөө л салхинаа хөвсөлзөж хонолоо. Маргааш өдөр нь нуураас хөдөлж Завхан аймгийн нутагт орж ирлээ. Сонгино сумын томоохон дэлгүүрт нь орвол талх алга. Худалдагч нь “Талх тасарсан. Хотод гурилын үнэ нэмэгдэх гээд байна” гэнэ. Зурагт, радио, сониноос хол байсан бидний хувьд сүүлийн хэд хоногт сонссон сонин мэдээ энэ байв. Түдэвтэй сумын урд, баахан л тарвага хошгирсон дошны ойролцоо буудаллав. Нумны бэхэлгээ нь тасарчихаж. Авга эгч цай чанаж, борцтой цуйван хийлээ. Түдэвтэй сум орж тасарсан сэлбэгээ сурвал аз болж байв. Ийнхүү бөөн баяр болж сэлбэгээ аваад сумын урдхан, айл бараадаад майхнаа босгоод машинаа засч эхлэв. Тэгтэл айлаас нэг хар машин наашиллаа. Ахимаг насны болон гучин хэдтэй хоёр эр ирлээ. “Манайх руу ирж байгаа юм байна” гэж бодоод баярласныг яана. Тэгтэл хол зогсоод майхан бариад эхлэхээр чинь замд яваа улс байна гэж бодлоо” гэцгээнэ. Машины дугуй тайлалцах зуураа нутгийн сонин содноо хуваалцан ойрын жилүүдэд тохиогоогүй сайхан зуншлага болж байна гэлээ. Өглөө очиж цай уугаарай гэж хэлээд тэд харьцгаав.

Тосонцэнгэлд замын ажил ид өрнөж байна. Ер нь бид гол замуудаар явсан болохоор зам ангийн бригад, замын компаниудын баазтай их таарав. Ирэх жилийн намар гэхэд баруун аймгууд бараг хар замтайгаа холбогдчих боломжтой ч эдийн засгийн байдал иймэрхүү байвал 2017 онтой золгож мэднэ. Гэвч нэг харамсалтай зүйл ажиглагдсан нь баруун чиглэлийн замд гадны тэр дундаа хятадын замын компаниуд түлхүү орж ажиллаж байгаа нь харагдав. Манайхан өөрсдийнхөө замыг бариулахдаа дотоодын компаниудынхаа өмнө давж гарахгүй өндөр шаардлага, нөхцөл тавьдаг. Түүнд нь үндэсний компаниуд бүдэр­чихнэ. Ингэхээр гадны техник, хүчин чадал сайтай компаниуд бут цохиод л ороод ирдэг.

Солонготын даваан дээр үдлэв. Гуанзны хашаан дахь сүүдрэвчинд суулаа. Томоо гэгчийн халуун савтай цай. Хүн бүр л дөрөв, таван аяга цай ууж, цуйван идэв. Том тавагтай цуйван 5000 төгрөгийн үнэтэй.

Архангайн төв Цэцэрлэгийн Нийтийн захаас хонины нэг гуяыг 17 мянган төгрөгөөр авав. Үхрийн мах 5500 төгрөгийн үнэтэй. Цэнхэрийн халуун рашаанд очоод ил гал дээр мах шарж идэхээр зэхэж байгаа маань энэ л дээ.

Цэнхэр сумын нутагт, найзынхаа хүргэн ах Баяраа­гийнд очив. Хорь гаруй хоног бороо орж өчигдрөөс л тэнгэр онгойж байна гэнэ. “Малчин”-гийн шар хөргөгчнөөс эхлүүлээд гаднаа ачааны тэрэгтэй, сааль сүүний ажил ихтэй, нутагтаа ажилтайгаараа магтагдсан залуу малчин айл л даа. Аарцаа хурааж байгаа гэнэ. Намар аарц үнэд орохоор төв оруулна даа гэцгээнэ. Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. Амьдрал сайхан байна, бүх юм болж байна гэж ярьцгаадаг. Баруун аймаг тийш явах тусам амьжиргааны нөхцөл байдал жаахан доошилж байгаа нь орсон малчин айлуудаас анзаарагдана. Зуны аагим халуунаар өглөөхөн гаргасан малын махыг хөргөгчинд хийхгүй бол орой тийш юу болдог билээ. Үнэр танар оруулчихгүй гээд аргалаар утаж, өлгөдөг. Ингэж махаа нөөцөлдөг аргыг баруун аймгуудын малчин өрх бүр хэрэглэсээр л байна. Харин нааш, төв рүүгээ ойртох тусам малчдын амьдралын нөхцөл байдал илүү тохь тухтай болж, гэрээрээ дүүрэн цахилгаан хэрэгсэлтэй нь анзаарагдах. Цэнхэрийн рашаанд нэг хонож, халуун рашааны ваннд нь орчихоод Улаанбаатар руу хөдөллөө. Замаараа Эрдэнэзуугаар орж гол дуганд хурж байсан хурал номыг даган баясч амжив. Ийнхүү Монголын баахан жаргалтай баруунтаах аймаг, сумдаа тойрч 5200 орчим километр замыг хорь гаруй хоног туулсан тойрон аяллаа тоймолбол ийм буй.

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *