Categories
мэдээ цаг-үе

Р.Бат-Эрдэнэ: Эрэлттэй хөтөлбөрүүдийн төлбөр байгалийн ухааныхаас өндөр байгаа

МУИС-ийн захирал, доктор Р.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Намар болохоор их сургуулиудын төлбөр анхаарал татаж байна. Сургалтын төлбөр нэмэгдсэн гэх мэдээлэлтэй зэрэгцээд, чанар сайжирсан уу гэсэн асуулт дагаж байна. Танай сургуулийн хувьд байдал ямар байгаа вэ?

-Сургалтын төлбөр сургуулийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг гол эх үүсвэр. МУИС-ийн хувьд сургалтын төлбөрөөс гадна бусад орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх санаачилгууд гарч байгаа. Ийм учраас 2016 оны санхүүгийн төлөвлөлтийг хийхдээ МУИС-ийн нийт орлогод сургалтын төлбөрөөс олох орлогын хэмжээ 51 хувь орчим байхаар тооцсон. Одоогоос дөрвөн жилийн өмнө энэ хэмжээ 78 хувь байсан. Энэ нь сургалтын төлбөрөөр дамжиж суралцагчид очих дарамтыг хэт өсгөхгүй байх чиг барьж байгаагийн илэрхийлэл.

-Сургалтын төлбөрөөс бүрэн хамааралтай байдал харьцангуй буурч байгаа гэсэн үг үү?

-Хамаарал буурч байгаа. Гэхдээ нэг хүний төлдөг төлбөрийн хэмжээ буураагүй. Үнэ тарифийн өөрчлөлт, шинээр бий болох үйлчилгээ, шаардлагатай үйл ажиллагааг өргөтгөх хэрэгцээнээс үүдэлтэйгээр зардал өсч байна. Их сургуулийн бүрдүүлж буй орлого үндсэндээ оюутны суралцах үйл ажиллагааг дэмжихэд шууд болон шууд бусаар зарцуулагддаг. Төлбөрийн хэмжээг тогтоохдоо бодит зардлыг бүхлээр нь оюутны нуруун дээр үүрүүлээгүй юм. Гэтэл зардал гаргахгүйгээр чанар аяндаа бий болохгүй. Ер нь сургалтын төлбөр гэдэг сургууль ашиг олж байгаа хэрэг ерөөсөө биш. Гарч байгаа зардлаа үйлчилгээ авч байгаа хүмүүстэй хувцаалцах хэлбэр.

-Энэ жил МУИС оюутнууддаа шинээр юу санал болгож байгаа вэ?

-Орж байгаа орлогын ихэнх нь үйл ажиллагааны санхүүжилтэд явдаг. Сургалтын орчинг сайжруулахтай холбоотой нэлээд хөрөнгө оруулалтыг БСШУЯ, Засгийн газраас хийсэн. Зөвхөн энэ онд гэхэд Засгийн газрын шугамаар тэрбум гаруй төгрөгийн лаборатори, тоног төхөөрөмж энэ сургуульд нийлүүлсэн байна.13 лаборатори шинээр байгуулсан. Гэх мэтчилэн төр үүсгэн байгуулагчийн хувиар их сургуулиудад оруулж байгаа хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд огцом нэмэгдлээ. Улсын төсвөөс, олон улсын байгууллагын гарал үүсэлтэй зээл тусламжийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Ийнхүү шинээр байгуулж буй лабораторийг ажиллуулахын тулд ашиглалтын зардлыг өсгөх шаардлага гарч байна. Нөгөө талаас МУИС хамгийн шилдэг багш нарыг ажиллуулахыг хичээдэг. Энэ хүмүүсийг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай. Хувийн сургуулиуд юм уу гадны хөрөнгө оруулалттай томоохон сургуулиудад багшийн цалин хэд байна? Монгол Германы технологийн сургуулиар жишээ авч болно. Тийм сургалт явуулахын тулд багшид хэдийг төлж байна. Нэг багшид хэдэн оюутан ногдож байна. Түүнтэй харьцуулбал МУИС түүнтэй адилтгах төрийн өмчийн их сургуулиуд маш бага зардлаар ажиллаж байна. Энэ нь шилдэг мэргэжилтнийг татаж ажиллуулах өрсөлдөх чадварыг бууруулж, эргээд чанарт их нөлөөлж байна л даа.

-Тэрбум гаруй төгрөгийн лабораторитой болжээ. Эдгээр нь оюутнуудад яаж үр ашгаа өгөх юм?

-Их сургуулиудад ерээд оноос хойш хөрөнгө оруулалт хийгдээгүй юм шүү дээ. Сүүлийн хоёр, гурван жилд их сургуулиудад хөрөнгө оруулалт хийгдэж байна. Лабораториудын ихэнх нь байгалийн ухааных.Суурь судалгаа хийнэ. Сургалтад ашиглагдана. Энэ лабораториудыг ашиглаад манай багш нараас олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлэгдэх бүтээл гарах нөхцөл бүрдэнэ. Хамгийн гол нь энд оюутнууд өөрсдөө ажиллана. Зөвхөн ном хэвлэлээр дамжуулж бус хүүхдүүд өөрсдөө туршаад чадвар суух, мэргэжлээ гүн бат эзэмших салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь энэ лабораториуд.

-Суурь судалгаа гэснээс МУИС ямар судалгаа эхлүүлж байгаа вэ?

-Энэ лаборатори дөнгөж суурилагдаад ажиллаж эхэлж байна. Үүн дээр судалгааны янз бүрийн ажлууд хийгдэнэ. Түүнээс гадна лаборатори маань их сургуулиас гадна байгаа эрдэмтэн судлаачдад ч нээлттэй байх юм. Одоогоор МУИС-ийн багш нарын бэлтгэсэн үйлдвэрлэлд нэвтрүүлээд тодорхой ашиг өгч болох 22 судалгааны чиглэл бий. Мянган инженерийн хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн багш нар Японы профессоруудтай хамтран 10 чиглэлээр хамтарсан судалгаа эхлүүлсэн. Энэ хүрээнд бий болсон мэдлэг их сургуулийн сургалтад шингэх юм. Өнөөдөр МУИС судалгааны их сургууль болно гэдэг. Үүний тулд энд хийж байгаа сургалтын шинжлэх ухааны түвшин ч өндөр байх учиртай. Ийм учраас сургуулийн зардал нэмэгдээд байна.Өнөөдөр манай залуучуудын дунд байгалийн ухааны чиглэлээр суралцах сонирхол харьцангуй бага байна. Энэ жил БСШУЯ-наас МУИС-д 3500 оюутан элсүүлэх хяналтын тоо өгсөн. Үүнээс Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбарт 540 орчим оюутан элсүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 240 хүүхэд элссэн байна. Энэ өөрөө зардал өндөртэй сургалт байдаг. Энэ чиглэлээр мэргэших сонирхол их биш. Тиймээс зах зээл дээр эрэлт ихтэй байгаа, өрсөлдөөн ихтэй хөтөлбөрүүдийн төлбөрийг өндөр тогтоож,их сургуулийнхаа нийт үйл ажиллагааг дэмждэг нөхөн шилжүүлэлтийн систем бүх сургуульд байдаг. Энэ жишгээр явж байна. Энэ агуулгаараа өрсөлдөөн ихтэй, хүмүүс ихээр сонирхдог Олон улсын харилцаа, хууль, бизнесийн чиглэлийн хөтөлбөрүүдийн төлбөр байгалийн ухааныхаас өндөр байгаа. Энэ бол энэ сургуульд явж байгаа нийт хөтөлбөрүүдээ дэмжих, энэ зардлаас хуваалцаж байгаа хэрэг. Нөгөө талаас бид их сургуулийн хөтөлбөрийг өргөн суурьтай болгосон. Ерөнхий сууриараа нийт оюутанд хүртээмжтэй хичээлүүд явж байгаа. Тэр дундаас нийт оюутнууд сонголт хийнэ. Их сургуулийн шинжлэх ухааны түвшин дээшилнэ гэдэг сурч байгаа нийт оюутанд өгөөжөө өгөх өөрчлөлт.Аль болох хичээл хоорондын уялдаа холбоог сайжруулж, суралцагчид хувьсан өөрчлөгдөж буй эрэлт хэрэгцээг хангах, энэ түвшинд ойртсон боловсрол эзэмшихэд нь туслахад чиглүүлэн зохион байгуулсан хөтөлбөрт шилжиж байна.Хөтөлбөрийн шинэчлэлт хийж байгаа учраас зардал нэлээд өсч байна. Нөгөө талд нь МУИС аль болох технологид суурилсан, сургалтыг өргөтгөх чиг барьж байна. Номын сангаа цахимжуулж байна. Багш нарынхаа хичээлийг цахим хэлбэр рүү шилжүүлж эхэлж байна. Энэ нь оюутан сургууль дээр ирж лекцийн танхим лабораторид сууж хичээллэхээс гадна шаардлагатай бол гэрээсээ, байгаа газраасаа сургуулийн систем рүү нэвтэрч хичээлээ татаж, нөхөж үзэх боломжийг нээх юм. Олон улсын хэмжээнд дэлхийн тэргүүлэх сургуулиуд лекцүүдээ онлайн нээлттэй болгож байна. Үүнд МУИС бэлтгэж байна.

Өмнө нь их сургуульд элссэн, бидэнтэй сургалтын төлбөр, сурах нөхцөлийн талаар гэрээ байгуулсан оюутнуудын төлбөрийн өөрчлөлт 12 хувь байгаа. Сургуулийн Удирдах зөвлөл зургадугаар сард хуралдсан. Манай сургуулийн Удирдах зөвлөлд оюутны төлөөлөл дөрөв байдаг. Дээр нь Монголын оюутны холбооны төлөөлөл байдаг. Ингэхээр үндсэндээ нийт 21 гишүүний маань тав нь шууд оюутны төлөөлөл болдог. Сургалтын төлбөрийн асуудал дээр ялангуяа энэ хүмүүс маань маш идэвхтэй оролцдог. Зургаан сарын эхээр маш нухацтай хэлэлцүүлэг болсон. Ямар ч байсан үргэлжлэн сурч байгаа оюутнуудын төлбөрийг огцом нэмэгдүүлэхгүй, аль болох боломжийн хэмжээгээр хязгаарлая гэж тогтсон.

-Шинэ оюутнуудын хувьд төлбөр хэдэн хувиар нэмэгдсэн бэ?

-Өмнөх жилтэй харьцуулбал нэлээд өссөн. Уг нь тэрнээс ч илүү өсөх байр суурь үндэслэлийг Удирдах зөвлөлийн гишүүд олон талаас нь хэлэлцсэн. Үнэхээр Монгол Улсын шилдэг их сургууль болох гэж байгаа бол үйл ажиллагаагаа бүрэн хэмжээгээр санхүүжүүл. Хойш нь битгий тавь. Хувийн сургууль, цэцэрлэгээс бага төлбөртэй МУИС гэж байх нь хэр зохимжтой юм бэ. Хамгийн сайн хүмүүсийг энд ажиллах сайхан нөхцөл бүрдүүл гэж шаардлага тавьсан. Удаан хэлэлцсэн. Энэ бүхний дүнд өнгөрсөн жилээс нэлээд нэмэгдсэн. Өнгөрсөн жил нэг багц цагийн төлбөрийн хэмжээ 57 мянган төгрөг байсан. Энэ жил 74 мянга болсон. Хамгийн өндөр өсөлт түрүүний нэрлэсэн өрсөлдөөн ихтэй сургуулиуд дээр байгаа. Бизнесийн сургууль дээр гэхэд нэг багц цагийн төлбөр 96 мянга, Олон улсын харилцааны сургууль дээр 91 мянга болсон.

-Гадны өндөр төлбөртэй нэр хүндтэй сургуулиудын хувьд мөнгөтэй суралцахыг хүссэн хүмүүсээс өндөр төлбөр аваад үнэхээр толгой сайтай ч төлбөрийн чадваргүй оюутнуудаа тэтгэлгээр сургах арга зам байдаг юм билээ?

-Өнгөрсөн жил их сургууль 200 гаруй сая төгрөгөөр дотоодын тэтгэлгийн сан бүрдүүлсэн. Гэхдээ бид нэгнийх нь төлбөрөөр нөгөөг нь тэтгэнэ гэхээсээ гадны эх үүсвэр бүрдүүлэхийг чухалчилж байгаа. Ялангуяа МУИС төгсөгчдөөс сургуулиа дэмжих, тэтгэлгийн сан бүрдүүлж эхэлж байна. Тухайлбал 1997 онд МУИС төгссөн хэсэг залуус өнгөрсөн хавар 53 сая төгрөгтэй их сургуулийн оюутан, багш нарт зориулсан Сургууль хөгжүүлэх сан байгуулсан. Үүнийг бусад төгсөгчид дэмжиж байгаа юм билээ. МУИС-д зориулсан гадны эх үүсвэртэй сангууд нэлээд байдаг. Япон, Солонгосын эрдэм шинжилгээ, судалгааны ажил, оюутны авьяас чадварыг дэмжсэн тэтгэлгүүд бий. МУИС-ийн оюутанд зориулсан стипенд гэж бий.

-Судалгаанд суурилсан их сургууль байна гэцгээдэг. Төрөөс судалгаа захиалж санхүүжүүлдэг үү эсвэл энэ зөвхөн лоозон юм уу?

– Монгол Японы хамтарсан мянган инженерийн хөтөлбөрийн хүрээнд Японы эрдэмтэдтэй хамтарсан арван чиглэлийн судалгааны ажил санхүүжих юм. Энэ нэлээд том дэмжлэг болно. Судалгааны чиглэлийг манай багш нар санал болгосон. Монгол Улсын байгаль, түүхэнд түшиглэсэн судалгааны ажлууд байна. Зах зээлд ашиг олж болох бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи боловсруулах чиглэлээр ажиллаж байна. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр судалж байна. Сүү цагаан идээний найрлага, эмчилгээний чанарыг тодорхойлох үүндээ үндэслээд Монголд төдийгүй бүс нутаг олон улсын зах зээлд борлогдох шинэ бүтээгдэхүүний технологийн шийдлүүд ч явж байна. Нефть, сансрын судалгааны төслүүд ч бий. Байгаль орчны бохирдолтой холбоотой судалгаануудыг Шинжлэх ухаан технологийн сангаас ч, БОНХЯ-наас ч захиалж хийлгэж байгаа. Төрийн байгууллагуудын захиалгаар ч хийж байгаа ажлууд байна. Сүүлийн үед аж ахуйн нэгжүүдийн захиалга орж ирж байгаа. Оюу толгойнхонтой ойрын үед уулзах байх. Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль гэж харьцангуй шинэ сургууль бий. Үүнийг Монгол Улсын гадаад бодлого, дотоод төрийн бодлогын үндсийг судалж дүн шинжилгээ хийдэг, төр засгаас явуулж байгаа бодлогуудад анализ дүгнэлт хийж, олон нийтэд танилцуулдаг, бодлого боловсруулагчдад бодлогын зөвлөмж өгөх чадавхитай сургууль болгож хөгжүүлэх юм.

-Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлт хийгдэж байна. Шинэчлэл МУИС-иас эхэлсэн болохоор ч тэр үү эсэргүүцэл шүүмжлэл их байдаг. Эсвэл шинэчлэл хийхдээ багш оюутнуудаа төдийлөн сонссонгүй юу. Хэтэрхий гадныхныг хуулбарлах замаар явсан юм болов уу гээд асуулт их байна?

-Шинэчлэл судалгаанд үндэслэсэн. Их сургууль өөрөө 2012-2013 онуудад томоохон судалгаа хийсэн байдаг. Үүндээ их сургуулийн багш нарыг оролцуулсан.Энэ судалгаанд суурилсан юм. Хамгийн гол нь Монгол Улсын хөгжлийн нүүр царай болсон тэргүүлэх сургууль олон улсын хэмжээнд байр сууриа эзлэхийн тулд тогтсон жишиг стандартаас дутахгүйгээр өөрийгөө хөгжүүлэх ёстой. Тэнд байгаа ерөнхий соёл энэ их сургуульд суух ёстой. Тэгж байж энд яваа процесс үр дүн олон улсын хэмжээний хамтын нийгэмлэгт ойлгомжтой, байж хүлээн зөвшөөрүүлнэ. Энэ чиглэл рүү явж байгаа. Энэ нь өөрөө зайлшгүй хийх ёстой хөгжлийн сонголт байсан.Сургуулийн хэмжээнд маш олон хэлэлцүүлэг явсан юм билээ. Энэ шинэчлэлийг хийх шийдвэрийг Удирдах зөвлөл гаргасан. Удирдах зөвлөл гэдэг МУИС-ийн парламент. Тэгэхээр энэ бол тухайн үед сургуулийг удирдаж байсан нэг хоёр хүн дур зоргоороо дангаараа гаргасан шийдвэр гэж яагаад ч хэлж болохгүй.

-Өмнөх захирлын үед ч их эсэргүүцэл шүүмжлэл өрнөсөн. Дээд боловсролын шинэчлэлийн асуудлаар маш удаан ажиллаж байгаа хүнийг МУИС-ийн захирлаар тавихыг бодоход энэ сургуулийн шинэчлэл амин чухал байсан юм болов уу?

-МУИС-д явж байгаа процесст олон хүн ач холбогдол өгч байгаа. Л.Гантөмөр сайд, яамныхан, сургуулийн гадна байгаа хүмүүс ч сургуулийн хувь заяаг сонирхож, санаа зовж байгаа шүү дээ.Энэ ажилд томилогдсоны дараа олон хүн уулзаад их сургуулийн хөгжилд ямар тус дэмжлэг хэрэгтэй байна. Их сургууль үүргээ гүйцэтгэх ёстой, хөгжих ёстой гэдгийг мэдрүүлж байсан. Тэр хүмүүсийн дэмжлэгийг татаж авчирч үйл ажиллагааны зардлын бүтцийг өөрчлөх гээд байна. Гадны дэмжлэгийг бодитой оруулж ирж энэ сургуулийн хөгжилд ашиглах нь их сургуулийг удирдаж байгаа хүний үүрэг. Миний хувьд дээд боловсрол их сургуулийн шинэчлэлийн ажилд ямар нэг байдлаар оролцож ирлээ. Л.Гантөмөр сайд ажлаа авсны дараа Дээд боловсролын бодлогын зөвлөл гэж байгуулсан. Тэнд ажиллаж байсан учраас энэ сургуульд өрнөсөн үйл явцын талаар баримжаатай, мэдээлэлтэй явсан. Шинэчлэлийн бодлогыг тасалдуулахгүй авч явах үүрэг өгч энэ ажилд томилсон.

-12 жилийн сургалтад шилжсэний дараа элсэгчдийн тоо буурсан нь их дээд сургуулиудын санхүүжилтэд сөргөөр нөлөөлж байна гэсэн яриа явж байна. Энэ танай сургуульд мэдрэгдсэн үү?

-Тиймэрхүү нөлөө бий. Гэхдээ энэ нөлөө нэг жилийн л асуудал. Ирэх жилээс дахиад төгсөгчдийн тоо нэмэгдэнэ. МУИС-ийн хувьд цаашдаа тэлэлтээ зогсоож байгаа. Аль болохоор шигшмэл хүүхдүүдийг сургана. Тийм учраас суралцагчдын тоо одоогийнхоос буурна.Оюутны тоогоор өөрийгөө авч явдаг сургууль биш, хамгийн авьяастай хүүхдүүдийг шигшиж авдаг сургууль болно. Өнгөрсөн жилийнхээс суралцагчдын тоог бууруулна гэж төлөвлөж байна. Яг элсэлт явахад зарим салбарт бидний бууруулсан тооноос ч цөөн оюутан элсч байна. Жишээлбэл байгалийн ухааны чиглэлээр гэхэд бидний төлөвлөснөөс ч цөөн хүүхэд элссэн учраас нөхөн элсэлт зарлаж байгаа.

Б.Янжмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *