2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдож Япон улсад ажлын айлчлал хийх үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ш. Абэ энгийн паспорт эзэмшигч Монгол улсын иргэдэд “Богино хугацааны олон удаагийн виз” олгох болсон тухай мэдээлэл хийсэн билээ.
Үүний дагуу Япон улсын Засгийн газар “Аялал жуулчлалыг дэмжин улс орноо хөгжүүлэх” бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх, мөн Монгол улсын Засгийн газраас тавьж байсан удаа дараагийн хүсэлтийг харгалзан, Япон улсын Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэн зөвшилцсөний дүнд өнөөдрөөс Монгол улс дахь Японы Элчин Сайдын Яаманд “Богино хугацааны олон удаагийн виз” олгож эхлэх юм.