Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худагт Хүрээ цам харайх ёслол болж байна

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн
Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурханы
шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран
зохион байгуулж байгаа Даншиг наадам-Хүрээ цам -2015 наадам өчигдөр
албан ёсоор эхэлсэн.

Харин яг одоо Хүй долоон худагт Хүрээ
цам харайх ёслол болж байна. Цамын ёс заншил, утга учрыг Монголын
сүсэгтэн олон болоод гадаадын жуулчид судлаачдад зориулан англи, монгол
хэл дээр тайлбарлан хүргэж байна. Хүрээ цамыг тусгай бэлтгэгдсэн лам нар
дэг, тэгийнх нь дагуу харайж байгаа юм.

Эрт дээр үеээс монголчууд “тойрон
бүжих” ухаан буюу “цам” хэмээх нууц бясалгал дияаны зан үйлийг уламжлан
ирсэн билээ. Энэхүү уламжлагдан ирсэн шашны зан үйлийн ёсыг тус хийд
нь шашны номын ёсоор нарийн дэг, жаягийн дагуу хийсээр ирсэн юм.

Цам бүжиг нь Цаст төвдийн орноо бурхан
шашныг дэлгэрүүлэхээр анхны сүм дуганаа барих тэр үед хар зүгийн лус
савдгууд харшласанд Энэтхэгийн их багш, ловон Бадамжунай нууц тарнийн
ёсонд тулгуурлан цам бүжгийг дэглэн гаргаж улмаар цам бүжих зан үйлээр
хар зүгийн лус савдгуудыг номхруулан дарж, төвийн анхны хийд болох Цогт
төгөлдөр Самъяа хийдийг байгуулж байсан эртний түүхтэй ажээ.

Монголд шарын шашинтай хамт дэлгэрсэн
цамыг “Жарах цам” буюу “Хүрээ цам “ хэмээн нэрийдсээр ирсэн байдаг.
Хүрээ цам нь хэдийгээр Төвдөөс уламжлагдсан боловч монгол төрх байдал,
монгол зан үйлийг нэгэнтээ шингээсэн бидний шашны соёлын нэгэн чухал өв
болтлоо хөгжин дэлгэрч чадсан байх юм. Цам бүжиг нь нэг талаасаа соёл
урлагийн нандин өв, нөгөө талаас аливаа зовлон зүдгүүр, муу бүхний
үндэсийг таслан амирлуулах зорилготой шашны зан үйл тул нүдээр үзэж
баясахаас гадна сүжиглэн залбирч биширвэл эрдэм гардаг ажээ. Ийм ч
учраас урд урдын мэргэдүүд “цам үзсэн хүний сэтгэл ариусч, ирээдүй
хойчдоо гэгээрэлд хүрэн бурхан бовьсадваа нарын гэгээн дүртэй учрахын
ерөөлийн дээд болдог” хэмээн үздэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *