Categories
мэдээ цаг-үе

Таеквондогоор шинэ амжилт тогтоосон хүүхдүүд

БНСУ-д өнгөрсөн сарын 18-наас энэ сарын 2-ны хооронд таеквондогийн олон улсын нээлттэй гурван цуврал тэмцээн болсон. Энэхүү тэмцээнд манай өсвөрийн 15 тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт оролцсон юм. Тэд 12 алт, таван мөнгө, найман хүрэл медаль хүртэн бусад орнуудын тамирчдаас илт илүү гэдгээ харуулсан юм. Энэ нь манай таеквондогийн түүхэнд шинэ дээд амжилт боллоо. Уг цуврал тэмцээнүүдэд Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид болох С.Янжинлхам, М.Түмэнбаяр, н.Тэмүүжин, н.Нацагдорж, н.Оюун-Эрдэнэ нар оролцсон бол тэдний дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Хо Ин Ён нар ажиллажээ.

Харин бага насны ангилалд Монголын таеквондогийн өсвөрийн шигшээ багийн тамирчид болох Т.Энхжин, М.Цэгц, Б.Билгүдэй, Б.Энх-Амгалан, Т.Өсөхбаяр, Г.Түвшин нар оролцож, дасгалжуулагчаар өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Ү.Ган-Эрдэнэ ажилласан аж. Өсвөр болон насанд хүрэгчдийн ангилалд Улаанбаатар хотын Налайх дүүргийн тамирчин О.Энхбилгүүн, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын тамирчин М.Мөнхбат, Орхон аймгийн тамирчин Э.Баасанханд, О.Азхүү нар оролцсон. Дасгалжуулагч Хо Ин Ён “Монголд таеквондогийн спорт маш сайн хөгжиж байна. Би монгол хүүхдүүдэд таеквондо заагаад хоёр жил боллоо. Энэ хугацаанд монгол хүүхдүүд миний санаж байснаас илүү хурдан энэ спортоор суралцаж, амжилт гаргаж байгаа. 2020 онд болох олимпийн наадамд өрсөлдөх, сайн тамирчид болон өснө гэдэгт итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Тэмцээнүүдийн талаар тодруулахад, хамгийн эхэнд долдугаар сарын 18-20-нд Жонжугийн олон улсын нээлттэй тэмцээн болсон. Зөвхөн энэ тэмцээнд л гэхэд 37 орны 4500 гаруй тамирчид хүч үзжээ. Тэмцээний пүмзэ буюу таеквондогийн техникийн төрлийн 9-10 насны ангилалд Т.Энхжин хүрэл медаль авсан нь тун “булган сүүлтэй” байжээ. Үргэлжлүүлэн дээрх төрлийн 10-11 насанд Б.Энх-Амгалан алт, 12-13 насанд М.Цөгц хүрэл, 12-13 насанд Б.Билгүдэй хүрэл, Т.Өсөхбаяр хүрэл медаль тус тус хүртсэн юм. Мөн 13-14 насанд Г.Түвшин пүмзэ төрөлд хүрэл медаль хүртээд зогсохгүй тулааны төрөлд нас нэмж орон өсвөрийн ангиллын 55 кг-д мөнгөн медаль авсан байна. Түүнчлэн Үндэсний шигшээ багийн тамирчин С.Янжинлхам 49 кг жинд алтан медалийн эзэн болсон.

Түүний дараа өнгөрсөн сарын 22-27-ны өдрүүдэд болсон Чунчоны олон улсын нээлттэй тэмцээнд 57 орны 4300 гаруй тамирчид оролцсон байна. Уг тэмцээний 8-10 насны 35 кг-ын жинд Т.Энхжин алт, 10-11 насны 35 кг-ын жинд Б.Энх алт, 11-13 насны 34 кг-ын жинд Б.Билгүдэй алт, 11-13 насны 38 кг-ын жинд Т.Өсөхбаяр алт, 11-13 насны 45 кг-д М.Цэгц мөнгөн медаль хүртсэн. Мөн О.Баасанханд 57 кг-ын жинд, М.Мөнхбат 58 кг-ын жинд тус тус мөнгөн медаль хүртсэн байна.Сүүлийн тэмцээн долдугаар сарын 30-наас энэ сарын 2-ны өдрүүдэд зохиогдсон Сонгнам хүүхдийн олон улсын аварга шалгаруулах тэмцээн юм. Үүнд 14 орны 1300 гаруй тамирчид өрсөлдсөнөөс Т.Энхжин, Б.Билгүдэй, Б.Энх-Амгалан, Т.Өсөхбаяр, М.Цэгц нар жин жиндээ тэргүүлж, алтан медалийн эзэд болцгоожээ. Мөн Хөтөл хотын тамирчин М.Мөнхбат хүрэл медаль, Налайх дүүргийн тамирчин О.Энхбилгүүн алтан медаль, Орхон аймгийн тамирчин Э.Баасанханд мөнгөн медаль, О.Азхүү хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирцгээсэн юм.

Чунчон болон Сонгнам хүүхдийн олон улсын таеквондогийн тэмцээнд мөнгө, хүрэл медаль хүртсэн М.Мөнхбат “Энэ тэмцээнд оролцохын тулд маш их хүчин чармайлт гаргаж хөдөлмөрлөсөн. Өмнө нь би таеквондогийн пүмзэ болон үзүүлэх тоглолтын төрлөөр олон тэмцээнд оролцож байр эзэлж байсан. Харин энэ удаад таеквондогийн тулааны төрлөөр анх удаагаа оролцож амжилт гаргасандаа баяртай байна. Анх зодолдож суръя гэж энэ спортыг сонирхсон ч хичээллэх явцдаа таеквондо гэдэг зүгээр нэг спорт биш, бие хамгаалах хамгийн том урлаг юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс улам бүр энэ спортод дурлаж тууштай хичээллэн илүү их амжилт гаргахыг хүсдэг. Бид өдөрт дунджаар 7-8 цаг бэлтгэл хийж байгаа. Цаашдаа олимп, дэлхийн аварга болж эх орныхоо тугийг олон улсын дэвжээнд мандуулахыг хүсдэг. Энэ мөрөөдөлдөө хүрэхийн төлөө маш их хичээж, хөдөлмөрлөнө” гэж ярилаа. Тэдний бүгдийнх нь хүсэл олимп, дэлхийн аварга болох аж. Таеквондогийн төрөлд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсан эдгээр тамирчдын их спортын замд нь амжилт хүсье.

Ж.БАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *