Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Японы компаниуд үндэсний үйлдвэрлэгчдэд ингэж зөвлөлөө

Хүнс хөдөө аж ахуйн яам болон Аж үйлдвэрийн яамнаас Япон улсын Шизүока мужтай хамтарсан “Бизнес форум”-ыг өчигдөр зохион байгууллаа. Энэхүү бизнес уулзалтад Японы Шизүока мужийн гадаад худалдаа хөрөнгө оруулалт, хүнсний болон газар тариалангийн тоног төхөөрөмж үйлдвэрлэл, хог хаягдлын боловсруулалт, цахилгаан эрчим хүч, өндөр настны асрамжийн үйлчилгээ, шашны эд зүйлийн худалдаа зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20-иод аж ахуйн нэгж оролцсон бөгөөд тэдэнтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Монголын компаниудын төлөөллийг хүлээн авч уулзсан юм. Тус “Бизнес форум” ижил төстэй бусад уулзалтуудаас илүү өвөрмөц, үр дүнтэй болсон гэдгийг онцлох нь зүйтэй.

Тусгайлан зассан танхимд хоёр орны хэдхэн дарга нар суучихаад, өөдөөс нь харан суух Монголын бизнес эрхлэгчдэд баахан хууль дүрэм, стандарт ярьж, болж бүтэхгүйн саад тотгорыг тоочиж байгаа болов уу гэсэн бодол тээсээр ХХААЯ ортол тэс өөр дүр зураг угтлаа. Томоо гэгчийн танхимд 10 гаруй ширээг дугариг хэлбэрийн болгож засаад, ард нь Шизүока мужийн аж ахуйн нэгжүүдийн захирал, дэд захирал, менежер дарга нар өөрсдийн орчуулагчийн хамт суужээ. Харин Монголын компаниудын төлөөлөл тэдний өөдөөс харж сууж байгаад зөвлөгөө авч, бүтээгдэхүүнээ Японд экспортлох эсвэл хамтарч ажиллах гарц эрэлхийлэхийн сацуу зарим нь хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаагаа дуулгаж байгаа харагдлаа. Зөвлөгөө авахаар суусан хүний ард, ширээ болгоны өмнө хамгийн багадаа дөрвөөс таван хүн дугаарлан зогсож байгаа харагдлаа. Тэд бүгд өөрсдийн үүсгэн байгуулсан компанийнхаа цаашдын үйл ажиллагааг өргөтгөх, гадаад харилцаагаа тогтворжуулах, Японд бүтээгдэхүүнээ экспортлох хүсэл сонирхолтой хүмүүс байлаа. Тэдэн дотроос хог хаягдал дахин боловсруулах, хүнсний бүтээгдэхүүний борлуулалт, түгээлт болон газар тариалангийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл худалдааг иргэд түлхүү сонирхож байлаа.

Японы “Well be food system” бол хүнсний бүтээгдэхүүний олон улс дамнасан борлуулалт, түгээлтийг хариуцан ажилладаг олон жилийн туршлагатай компани аж. Тус компанийн ерөнхий захирал Фүрүтани Хироёши “Хөвсгөл-Их тайга” компанийн гүйцэтгэх захирал Ц.Амгаланхүү нар уулзалдаж байхтай таарав. “Хөвсгөл-Их тайга” компани 1995 оноос тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн бөгөөд энэ хугацаанд дугуй булантай ногоон цайнаас өгсүүлээд бөөр, элэг, зүрх зэрэг эрхтний үйл ажиллагааг дэмжих цай, халгайны зутан шөл, хар ямааны бэлдмэл, савласан аарц, чацарганы сироп, даршилсан жимс, үсний лосьон зэрэг 40 гаруй нэр төрлийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болжээ. “Хөвсгөл-Их тайга” компанийнхан өөрсдийн бүтээгдэхүүнийг Япон руу экспортлох боломжийг эрэлхийлэн энд иржээ. “Хөвсгөл-Их тайга” компанийн гүйцэтгэх захирал Ц.Амгаланхүү “Манай бүтээгдэхүүнүүд цэвэр байгалийн гаралтай, чанартай учраас Япон руу гаргасан тохиолдолд богино хугацаанд үйлчлүүлэгчидтэй болж чадна гэдэгт итгэлтэй байна. Австрали, Америк зэрэг орон руу хувь хүмүүс өөрсдөө болон ойр дотныхондоо хэрэглүүлэхээр бага хэмжээгээр авч явдаг. Тэд үнэхээр ам сайтай байгаа. Гагцхүү хэрхэн яаж албан ёсоор экспортлох тал дээр танай компаниас зөвлөгөө авах гэсэн юм” гэвэл “Well be food system” компанийн захирал Фүрүтани Хироёшиго “Монголын хүнсний үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүнийг цэвэр байгалийн гаралтай гэдгийг аль эртнээс мэднэ. Тиймээс Японд гаргасан тохиолдолд дорхноо худалдан авагчтай болчихно гэдэгтэй би ч гэсэн санал нэгдэж байна. Хамгийн гол нь байгалийн гаралтай органик чанарыг нь олон улсын лабораториос баталгаажуулсан байх шаардлагатай. Монголд одоогоор олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хүнсний шинжилгээ хийгддэггүй учраас бүтээгдэхүүний дээжийг Японд шинжлүүлж болно. Үүнд чамгүй мөнгө зарцуулагдах учраас өөр арга сүвэгчлэх хэрэгтэй. Байнга холбоотой байж, та бүхэн эндээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээг хаана хэрхэн хямдаар өгч болохыг судал, бид тэнд танай хүнсний бүтээгдэхүүний дээжийг зардал багатайгаар шинжлэх арга замыг олохыг хичээе” хэмээн нэрийн хуудсаа солилцлоо.

Тэдний хажууханд Японы үйлдвэрийн хог хаягдал цэвэрлэгээний компанийн менежер Нитоү Ёшихидэ “Маргад эрхи” компанийн захирал Л.Батжаргалтай уулзаж байлаа. “Маргад эрхи” компани хаягдал шил боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийдэг бөгөөд өдгөө тоног төхөөрөмжөө суурилуулаад, 100 мянган тонн түүхий эд цуглуулчихсан байгаагаа дуулгасан юм. Ийн үйлдвэрлэлээ эхлүүлэх гэтэл эргэлтийн хөрөнгөгүй болчихсон аж. Учир нь тэдний үйлдвэрлэсэн замын бордиур зарагдахгүй байгаа гэнэ. Чанарын хувьд экспортын бүтээгдэхүүнээс хол илүү ч санхүүгийн хямралаас үүдэн замын ажил удаашрах болжээ. Хэрэгжиж буй ганц нэгхэн замын төсөлд бордиураа борлуулах гэтэл аль хэдийн хятадын компанитай гэрээ хийчихсэн эсвэл хэтэрхий бага үнэ санал болгодог байна. Тэгэхээр нь цэцгийн сав, дурсгалын хөшөө зэргийг дан ганц шил гэлтгүй өөр бусад төрлийн хаягдал ашиглан хийжээ. Гэсэн хэдий ч борлуулалт тааруу байгаа гэнэ. Иймээс Л.Батжаргал шинэ технологи судлахаар өнгөрсөн жил Японд очжээ. Тэнд хаягдал шилийг боловсруулаад замын бордиур, асфальт доогуур дэвсдэг чийг нэвтрүүлдэггүй хавтангаас гадна хөрсний чийгийг хэвийн түвшинд тогтоон барих тусгай нунтаг бодис хүртэл гаргаж авах технологийг судлаад иржээ. Үүнийг эх орондоо нэвтрүүлэх гэтэл гурван сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлага­тай байгааг тэрээр учирлав. Тэрээр “Хятад, Орост ч нэвтрээгүй тус технологийг эх орондоо оруулаад ирэх юм бол газар тариалангийн салбарт асар дөхөмтэй. Хаягдал шил болон бусад материал ашиглан дээрх нунтаг бодисыг гаргаж авах юм. Ингээд тариалангийн талбайд цацсан тохиолдолд үер болоход тариа урсахгүй, ган болоход хуурайшиж үхжихгүй. Өөрөөр хэлбэл их хэмжээний бороо орвол энэ бодис усыг өөртөө шингээнэ. Хурц нар гарсан үед өөртөө шингээсэн чийгээ газарт унагана. Хэрэв энэ технологи үнэхээр үр ашигтай нь батлагдвал төрөөс уг төслийн санхүүжилтийн хөрөнгийн 70 хувийг буцаан олгоно гэсэн. Түүнээс биш шууд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гээгүй. Ингээд л эргэлтийн хөрөнгөгүй гацчихаад байна. Ашиглаагүй тоног төхөөрөмж, хэрэглээгүй 100 мянга гаруй түүхий эд л хашаанд хэвтэж байна” гэсэн юм. Харин Нитоү Ёшихидэ “Монголд төр, худалдан авагч, үйлдвэрлэгч гэсэн гурвалсан холбоог сайжруулахын тулд дахин боловсруулсан бүтээгдэхүүн чанаргүй гэсэн нийтлэг сөрөг ойлголтыг хог хаягдлыг дахин боловсруулж, эх дэлхийгээ цэвэрлэж байгаа гэх эерэг болгож өөрчлөх хэрэгтэй. Мэдээж чанарын хувьд сайн гэдгийг ойлгуулах ёстой. Манай компанийн зүгээс гурван сая ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулах тал дээр судалъя” гэсэн юм. Түүнчлэн “Цогц шийдэл” компани Японы үйлдвэрийн хог хаягдал цэвэрлэгээний компанид өөрийн ажилчдаа дадлагажуулах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд хоёр тал хэдэн хүнийг, хэр удаан хугацаанд сургахаа тодорхой болгосны дараа эргэн холбоо барихаар болов.

“Мөнх тулга” компанийн захирал Л.Жаргал газар тариалангийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг “Ийда Юпитер” компанийн ерөнхий захирал Ийда Рёоичирогоос зөвлөгөө авсан юм. “Мөнх тулга” бол уул уурхайн нөхөн сэргээлт, үрсэлгээний компани бөгөөд Японы тоног төхөөрөмж чанартай гэх үүднээс тус уулзалтыг зорин иржээ. “Ийда Юпитер” компанийн ерөнхий захирал Ийда Рёоичиро “Манайх газар тариалангийн техник, технологиороо улсдаа төдийгүй дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Бүтээгдэхүүн маань хэтэрхий үнэтэй биш ч гэсэн өндөр чанартай. Хоёр орны хоорондын худалдааны гэрээ ёсоор татвараас чөлөөлөгдөх учраас харьцангуй хямд үнээр та бүхний гар дээр очно” хэмээн тайлбарлав. Л.Жаргал ч хэлсэн бүгдийг нь хичээнгүйлэн тэмдэглэн авч байлаа.

ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд уул уурхайн салбар уналттай байгаа өнөө үед хөдөө аж ахуйн бизнесээ дэмжих нь чухал гэдгийг энэ үеэр онцлов. Тэрээр “Өнгөрсөн оны тавдугаар сард манай яам Японы Шизүока мужтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Үүний хүрээнд Японы хөдөө аж ахуйн салбартай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс Аж үйлдвэрийн яамтай хамтарч уг форумыг зохион байгуулж байна. Хоёр орны хувийн хэвшлийнхэн яамны оролцоогүйгээр үргэлжлүүлэн хамтарч ажиллах боломж үүгээр нээгдэж байгаа юм. Гагцхүү эрх зүйн талаар ийм зохицуулалт, төрөөс ийм дэмжлэг хэрэгтэй гэсэн санал тавибал бид шийдвэрлэхийн төлөө ажиллана. Шаардлагатай үед зарим хууль тогтоомжийг шинэчлэх, өөрчлөх, захирамж гарган, тэднийгээ дэмжинэ. Өөрөөр хэлбэл дотооддоо хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг таатай болгох тал дээр голчлон анхаарч байгаа. Шизүока муж бол уур амьсгалын хувьд манайхтай төстэй учраас хөдөө аж ахуйн салбарт хамтарвал илүү үр дүнтэй гэсэн үг. Энэ салбарт хөрөнгө оруулж байсан арвин туршлагатай. Тэгээд ч Монгол, Японы хооронд чөлөөт худалдааны гэрээ хийгдсэн учраас ХАА-н бүтээгдэхүүн, техникийг харилцан татваргүй экспортолж, импортлохоор болсон. Энэ гэрээний хэрэгжил­тийг эрчимжүүлэх нь уг арга хэмжээний гол зорилго нь. Японоос хөрөнгө оруулалт татаад эргээд ганц Япон гэлтгүй гадаад зах зээл рүү гаргах боломжтой. Бидэнд түүхий эдээс гадна хөрөнгө оруулах таатай орчин бүрэлдсэн бол тэнд өндөр технологи, хөрөнгө байна. Энэ хоёрын төгс цогцлоос баялаг бүтээж, дотоодын хэрэгцээг хангахаас гадна экспортолж, гадаад валют олъё гэсэн хэтийн чиг шугамыг баримталж байна” хэмээв.

М.Ууган-Эрдэнэ

Гэрэл зургийг Г.Лхагвадорж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *