Categories
мэдээ цаг-үе

“Болор цом“-д аман хүзүүдсэн Н.Билгүүн, тархины мэс засалч Ц.Энхбаяр тэргүүтэй төгсөлтийнхөн

Нэг ангийн 10 гаруй хүүхэд хөдөө болон гадаадаас ирж амжаагүй сурагчдынхаа өмнөөс гээд 21 Дарь эхиийг бэлгэдэж 21 мод Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарилаа. Эдгээр сурагчид бол 1985 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын нэгдүгээр арван жилийг төгссөн 10а ангийнхан. Сурагчийн ширээнээс зах хязгааргүй хөврөх амьдралын их далайд хөл тавьснаас 30 жилийн дараа ангийн нөхөд ийн уулзаж байгаа юм. Тэд ангийнхаа уулзалтыг зүгээр нэг өнгөрөөхийг хүссэнгүй. Ангийн багшийнхаа хамт сайн үйлс бүтээж мод тарьж, хүүхэд ахуй цагтаа зочилж амжаагүй Монголын хүүхдийн ордноор морилж, өөрсдийнхөө хэмжээнд бяцхан улаан хивсний ёслолын арга хэмжээ зохиожээ. Аливаа зүйлийг албан ёсны, дэг журамтай, ажил хэрэгч зохион байгуулдаг нь энэ ангийн онцлог гэлтэй. Арвайхээрийн 10а анги бүрдсэн түүх бас л сонин тохиолтой. Учир нь тухайн үед Өвөрхангай аймгийн зарим сумдын сургууль найман жилийн төгсөлттэй байдаг байжээ. Тиймээс Арвайхээрийн нэг, хоёрдугаар арван жилийн сургуульд сумдаас ирсэн сурагчид хуваагдан ордог байж. Нэгдүгээр арван жилийн 10а-д бусад сумдаас ирсэн онц сурлагатан, шилдэг сурагчид нь оржээ. Тэр үед сургуулийн захирал ангийн бүрэлдэхүүнийг шийдвэрлэдэг байсан учраас анги даасан Ц.Хатанбаатар багшид ихэд завшаантай хийгээд хариуцлагатай ажил ногдсон гэдэг. Сурагчдынхаа тодорхойлолт, хувийн хэргийг хартал дандаа сурлага, авьяас билгээрээ бусдыгаа манлайлагчид нэг ангид цугларсан байжээ. Ц.Хатанбаатар өөрөө шинэ залуу багш учраас сурагчдаасаа сүрдэж байсан аж. Бүр толгойтой үсэнд нь ургасан ганц нэг цагаан үсээ үүр цайтал түүсэн удаатай. Учир нь ангийнхаа сурагчдын өмнө, арчаагүй, дорой, хөгшин харагдахгүй гэсэн бодолтой байж. Тэр үед ямар үсээ будах биш гээд энэхүү нууцаа ийн 30 жилийн дараа сурагчдадаа ярьж бөөн хөгжөөн болов. Ангийн багш нь хатуужилтай, их зарчимч, ажил хэрэгч, аливаа ажлыг хариуцлагатай хийдэг болохыг ангийн охин Б.Уранбилэг дурсав. Тиймээс аймагтаа төдийгүй улсад манлайлагч тэргүүний анги байжээ.

Тус анги 13 эмэгтэй, 24 эрэгтэй сурагчтай. Төгсөх жилээ улсын тэргүүний Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүр, аймгийн тэргүүний ХЗҮ-ээр шалгарч байсан байна. Тухайн үед урлаг спорт, нийтийн ажил, нийгмийн арга хэмжээнд идэвхтэй оролцож түрүүлж байж л улсын тэргүүний ХЗЭҮ-т тооцогддог байсан гэнэ. Ялангуяа орон нутгийн сургуулиас хүртсэн тохиолдол ховор. Тэд 1984 оны улсын шугам зургийн олимпиадын аварга анги төдийгүй сургуулийнхаа урлаг урлал, гар бөмбөгийн аварга анги болж байжээ. Мөн улсын багт наадмын хошой аваргын эзэн анги. Багш нар “Хэдий чинээ мундаг сурагчидтай байна төдий чинээ багш нь дагаж хөгждөг” гэж ярьдаг үнэн болохыг тус ангийнхан баталж байна.

Ц.Хатанбаатар математикийн багш учраас ангийнхан нь математикийн олимпиадад гаргууд оролцдог байж. Нийслэлийн нэгдүгээр сургууль, Орос гуравдугаар сургууль сурлагаараа манлайлдаг үед хотынхонтой эн зэрэгцэж улсын математикийн олимпиадад шавь Д.Энхцэцэг дөрөвдүгээр байрт орж байсан удаатай. Харин орос хэлний хичээлд Должинсүрэн, Ичинноров, Энхцэцэг, Мядагмаа зэрэг сурагчид бусдаасаа илүү сайн байсан бол шугам зурагт Г.Бат-Эрдэнэ гаргууд нэгэн. Түүний бэлтгэсэн ханын сонин аймагтаа байнга нэгдүгээр байрт шалгардаг байж. 10а ангийнхан сурлагаараа үеийнхнээ манлайлахаас гадна өөрсдөө хүүхэлдэй оёж хүүхэлдэйн театр ажиллуулж, мөн шил түүж олсон орлогоороо боломж тааруу сурагчдын ахуй амьдралд нь тусалдаг байсан гэнэ. Үе тэнгийнхнээ хошуучилж явсан нэг ангийнхан өнөөдөр ч өөрсдийн сонгон ажиллаж буй салбартаа ч мөн хошуучлагч нь болж эх орондоо мэдлэг оюунаараа тодорхой хувь нэмрээ оруулж явна. Анги болгонд улс төрийн дууны хамтлаг байсан гэнэ. 10а анги “Энхийн уриа” хамтлагтай. Тус хамтлагийнхан нь зарим гадаад дууг өөрсдийн сонсголоор бичиж дагаж дуулна, гитар тоглоно. Мөн л аймагтаа олон удаа түрүүлсэн. Хамтлаг Уранбилэг, Шүр, Ичинноров, Должинсүрэн, Мөнхцэцэг,Энхбаяр, Бямбаа гээд долоон гишүүнтэй. Уранбилэг нь Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Г.Бирваагийн шавь хөгжмийн зохиолч Соёлын тэргүүний ажилтан С.Бямбасамдангийн охин юм. Түүний олон ч сайн шавь нар Монголын соёл урлагийн салбарт нэрээ гаргаж яваа билээ. Тэрээр аавынхаа авьяасыг өвлөж авсан нэгэн. Өдгөө Монголын хүүхдийн ордонд ерөнхий нягтлан бодогч мэргэжлээр ажиллаж байгаа ч ангийнхандаа зориулсан дуунд ая бичээд авсан шаггүй авьяастай нэгэн. 1990 оны яруу найргийн “Болор цом” наадамд яруу найрагч Б.Ичинхорлоо түрүүлдэг жил

“Тэнгэр түшсэн уулс хурмастын салхийг задалж

Тэртээх холын дуртгал зүрх тэмтрэн эгшиглэхүй

Бодол тээсэн амьдралын нүцгэн шороог үлгэж

Босоо хөх тэнгэрт зогсоогоороо мөргөмүү” хэмээн уншиж аман хүзүүдэж байсан Нямбуугийн Билгүүн энэ ангиас төрөн гарсан. Монгол Улсын ардын эмч, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, академич алдарт Х.Хайрулла эмчийн шавь Ц.Энхбаярыг тархины мэс заслаар Монголын урдаа барьдаг цөөхөн эмч нарын нэг гэгддэг. Тэгвэл тэрээр мөн л энэ ангиас төрөн гарсан. Түүнчлэн 10а ангийн Д.Энхцэцэг Засгийн газрын хэрэг эрхлэх газар ажиллаж байгаа бол багшийнхаа мэргэжлийг өвлөж боловсролын салбарт Г.Бат-Эрдэнэ, Л.Должинсүрэн, Н.Мөнхцэцэг нар багшаар ажиллаж байна. Тодруулбал, Г.Бат-Эрдэнэ, Л.Должинсүрэн нийслэлийн 28 дугаар сургуульд, Н.Мөнхцэцэг Дархан хотод багшилж байна. Мөн Ичинмөнх Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга бол Булган аймагт барилгын салбарт Л.Амарсайхан амжилттай ажиллаж яваа нэгэн. Эрдэнэт хотын Дулааны цахилгаан станцын инженерийн албаны дарга Б.Сүрмаахорол мөн л тус ангийг төгссөн. Тэрээр шүлэг бичих авьяастай. Нутгийнхаа тухай “Зүүн хоолой” дуу зохиож байсан бол энэ удаа “Миний ангийн андууд” дууны шүлгийг бичиж Б.Уранбилэг ая зохиож ангийнхаа нөхдөд бэлэг барьжээ. Мөн А.Бат-Эрдэнэ, З.Бямбаа нар бизнесийн салбарт амжилттай яваа аж. Тэд ангийнхаа уулзалтыг ивээн тэтгэхээс гадна ангийнхаа тухай ном хүртэл хэвлүүлж байгаа юм байна. Тиймээс анги хамт олон нь баярлаж талархсанаа манай сониноор дамжуулж хүргэсэн.

10а ангийн Д.Шүр, Д.Мядагмаа, Н.Билгүүн, Б.Оюунчимэг нар өдгөө гадаадад ажиллаж амьдарч байгаа бөгөөд ангийнхаа нөхөд, багш хамт олонтойгоо байнга холбоотой байдаг гэнэ. Уулзалтаар ирсэн ангийнхан нь эдгээр нөхөдтэйгөө интернэтээр холбогджээ. “Одоо үед ч амар болжээ. Хоёрыг уулзуулж холыг учруулдаг интернэт гэж сайхан холбоо байдаг болж” хэмээн ангийнхан наргив. Энэ удаагийн уулзалтаар яруу найрагч Н.Билгүүн шинэ номынхоо дээжээс ангийнхандаа мөн гардуулсан байна. Тэд “Бид нар тэргүүлэгч бүхий л зүйлд авьяастай байсан болохоор Монголын хүүхдийн ордонд орж үзэхийг их хүсдэг байлаа. Энэ бол манай ангийнхны мөрөөдөл. Харин сая уулзаж мөрөөдлөө биелүүллээ” гэж хожим биелэгдсэн хүслийнхээ талаар их л догдлонгуй ярив. 10а ангийнхан аймагтаа анх гандболын спортыг дэлгэрүүлж байсан бас л сонирхолтой түүхтэй. Энэ бүхэн нь Боловсролын тэргүүний ажилтан, Алтан гадас одонт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Цэстийн Хатанбаатар багштай холбоотой гэдгийг шавь нар дуу нэгтэй онцолсон.

Багшийнхаа аливаа ажилд хариуцлагатай ханддаг зан чанарыг өвлөж энэ нь өнөөдрийн ажил амьдралд нь нөлөөлсөн гэж шавь нар нь багшаараа бахархаж байсан. Саяхан Өвөрхангай аймгийн Арвайхээрийн нэг, хоёрдугаар арван жилийн сургуулийн 30 жилийн ойн баяр болжээ. Тиймээс тус сургуулийн нийт төгсөгчдөдөө 10а ангийн зүгээс баярын мэнд хүргэж буйгаа илэрхийллээ.

Д.Даваасүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *