Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Найрсаг хөдөө”-дөө дотоодын жуулчдыг татъя

Наадмын олон хоногийн амралтаар монголчууд эх орноороо аялах, амрах сонирхолтой болсныг харлаа. Тав, зургаа хоногийн амралтаараа Хайнань арал, Байгаль нуур руу хошуурдаг байсан бол одоо Хөвсгөл далай, Аварга тосон руу цувдаг болжээ. Баяр наадмын өдрүүдэд Хөвсгөлд албаныхны өгсөн мэдээллээр 60 мянга, албан бус тоогоор 100 мянган машин очсон. Нийслэлийн аялал жуулчлалын газрын мэдээгээр тэдгээр өдрүүдэд 70 мянган жуулчин Хөвсгөлд очсоны ихэнх нь дотоодын аялагчид. Мөрөн-Хатгалын чиглэлийн зам ашиглалтад орж, машин унаатай явахад саадгүй болсноор Монголынхоо “Швецарь”-ийг олноороо зорьсон нь тэр. Дахиад Хөвсгөлд очихоор төлөвлөж байгаа, үзэхийг хүссэн маш олон хүн бий. Хөвсгөлөөс гадна наадмын өдрүүдэд Хэнтийн “Аварга тосон”, Өвөрхангайн “Хужирт” битүү амрагчидтай байна лээ. Цаашлаад Увсын 90 жилийн ойгоор Увс, Хяргас нуурын эрэг хавиар эрээн алаг харагдсан. Ойгоо тааруулаад нуур усандаа шумбах гэж очсон хэдэн мянган дотоодын жуулчин эрээн алаг харагдуулсан нь тэр. За, тэгээд facebook, twitteг-тээ Монголынхоо хаа нэг үзэсгэлэнт газар, уул усанд очоогүй хүний зураг байхгүй. Бүгд аяллынхаа сонин сайхныг гэрэл зурагтайгаа хуваалцжээ. Энэ бүхэн Монгол шиг өргөн уудам нутагтай, бахархмаар үзэсгэлэнт байгальтай улсад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүгээр дамжиж орон нутаг, тэндхийнхэн баяжих, хөлжих бүрэн боломжтойг харуулж байна. Үүний тулд орон нутгийн зам харгуй, дэд бүтцийг хөгжүүлэх нь хамгийн түрүүний ажил. Хөвсгөлийн зам ашиглалтад орсон даруйд 100 гаруй мянган машин зорчиж байгаагаас харахад л дардан замтай бол монголчууд хөндлөн гулд давхиад байх боломжтой болсныг харуулж байна. Алслагдсан Баян-Өлгий аймаг руу гурван хоног явдаг байсан. Баянхонгорын зам ашиглалтад орсноор хойш хоёр өдөр давхиад орчихдог болсон. Увс руу хоёр, гурван хоног сэгсчүүлдэг байсан бол Завхан аймгийн нутаг Солонготын даваа хүртэл алаг цоог замтай болсноор нэг шөнө, хоёр өдөр яваад оччихдог болжээ. Энхэл донхол ихтэй, даваа гүвээний зам засаагүй цагт фургон, “УАЗ-469” машинаас өөр сонголтгүй байсан бол одоо “Prius”, “Ist” гээд суудлын тэрэгний цуваа тасрахаа больсон. Эрдэнэт, Дарханы чиглэлд нийтийн тээвэрт явдаг тохилог, урт автобус баруун аймгууд руу түвэггүйхэн явж байна. Гэх зэргээр зам тавих, засах ажил орон нутагт урагшилж байгаа. Орон нутгийн хөгжлийн сан, улсын төсвөөр ирэх жилүүдэд ч цөөнгүй зам ашиглалтад өгөхөөр ажил өрнөж байгааг харснаа дотоодын аялагчид ярьж байгаа.

Харин одоо хөдөөг, хөдөөнийхнийг дотоодын жуулчдыг хүлээж авахад бэлтгэх шаардлага байна. Хөвсгөлийн жишгээс харахад л орон нутгийнхан нэг удаагийн ашиг харж увайгүй аашилж байгаа нь харагдлаа. Үүгээрээ дараа дахиад зочлох сэтгэгдлийг унтраачихаж байгаа нь бас анзаарагдлаа. Аялал жуулчлалын салбарт хэзээ ч нэг удаагийн олз, ашиг гэж байдаггүй. Дахиад олон хүнийг ирүүлэхийн тулд найрсаг, алсыг харсан байхыг энэ төрлийн бизнес эрхлэгчдээс шаарддаг. Тийм ч учраас нийслэл “Найрсаг Улаанбаатар” аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд нийслэлийн гудамж, талбайн хаяг, нэршлийг тов тодорхой зааж, жуулчдыг татах урлаг соёлын олон арга хэмжээ зохион байгуулж байна. Цэвэр цэмцгэр байхын тухайд ч олон ажил хийлээ.

Одоо энэ аяныг хөдөөд эхлүүлэх шаардлагатай болжээ. Ингэхдээ хамгийн түрүүнд аль аймгийн аль суманд үзэсгэлэнтэй газар, нуур ус байгаа талаарх тодорхой, ойлгомжтой мэдээлэлтэй тараах хуудас олныг бэлтгэх хэрэгтэй байна. Манайхан сургаар, аяллын нэвтрүүлгээр л энэ тухай тойм төдий мэдээлэлтэй байдаг. Амралтаа аваад гэр бүлээрээ хотоос гараад баруун аймгуудаар явахад л дэлхийн хаана ч байхгүй үзэсгэлэнт байгаль хүлээж байгаа. Төв аймгийн нутагт Манзуширын хийдийн туурь, Хустайн байгалийн цогцолбор, Гүнжийн сүм, Зоргол хайрхан, Цогт хунтайжийн Дуутын хадны бичээс гээд үзүүштэй олон газар бий. Тэр бүхэн хотын төвөөс тэдэн км, тийм замтай гэдгийг тодорхой харуулсан танилцуулах хуудсыг аймаг бүр гаргамаар байна. Цаашлаад Хархорум хот, Эрдэнэзуу хийд хүртэл хэд буудаллаж, яаж очихыг тодорхой болгох хэрэгтэй. Архангайд очиход л Хоргын тогоо, Чулуутын гол, Тэрхийн цагаан нуур, Суварга хайрхан уул, Тайхар чулуу, Билгэ хааны цогцолбороор яаж аялах маршрут тодорхой байвал аялагчид төөрөхгүй, будилахгүй, очих газраасаа зөрөхгүй. Увс аймагт Хэцүү хад гэж гайхамшигтай үзэсгэлэнтэй газар байдгийг жуулчид аяллын нэвтрүүлгээс харснаас очиж үзсэн нь цөөн. Тэгвэл Хяргас нуур дэлхийд хамгийн тааламжтай зөөлөн устай нуурт тооцогддог. Эрдэс давсных нь хэмжээ хүний арьсанд гоо сайхны бүтээгдэхүүнээс илүү нөлөө үзүүлдэг гэдгийг увсынхан өөрсдөө таниулж сурталчлах хэрэгтэй. Хяргас нуурын усанд шумбангаа, урд хэсэгт нь байдаг “Хэцүү хад”-ны үзэсгэлэнг бишрэхийн тулд ямар зам туулж, хэрхэн хүрэхийг ч тодорхой болгох хэрэгтэй. Ховдынхон Цэнхэрийн агуй, хадны сүг зургийнхаа үүх түүх, бэлгэдлийн талаар танилцуулга хийж, Хар-Ус нуурын шагшуурга ямар гайхалтай мэдрэмж төрүүлдгийг хорхой хүртэл сурталчлах хэрэгтэй. Энэ мэтээр Монголын нэг аймагт очиход л сум бүрт дахин давтагдашгүй үзэсгэлэн гоо, тансаг орчин хүлээж байгаа. Нэг сумын иргэд өөр аймгийн нөгөө сумынхаа байгалийн сайхныг мэдрэхийг бас хүсч буй. Энэ хүсэл дээр нь тулгуурлаад сум орон нутаг газар орноо маш сайн сурталчлах хэрэгтэй.

Өөрийнхөө газар нутгийн гайхамшгийг таниулахаас гадна явж очих замыг нь тодорхой заамаар байна. Зүүн аймгууд руу гараад давхилаа гэхэд замын шатахуун түгээх станцын түгээгч, эсвэл цайны газрын тогооч л дараагийн сум хүртэлх зай, очих газрынх нь тухай мэдээлэл өгдөг. Замын тэмдэг байх боловч бас тодорхой бус. Тиймээс замын жуулчны бааз, цайны газрууд зочдоо хаана ирсэн, үүнээс тэдэн км-т тийм газар бий, тэнд тийм буудал байгаа зэрэг тодорхой мэдээлэлтэй байх нь чухал.

00-ынхоо асуудлыг хэрхэн шийдсэнээр нь тухайн улсын соёл, хөгжлийг харчихдаг. Тэгвэл манай хөдөөд аялахад хамгийн том асуудал нь 00. Замын цайны газрын 00 нь ч хүн орохын аргагүй байдаг. Жуулчдыг татахын тулд сумууд өөрийнхөө газар нутагт тодорхой зайтай “Био 00” байрлуулахад тийм ч их зардал гарахгүй. Нэг үеэ бодоход аялагчид тааралдсан газраа хогоо цацахаа больсон. Торонд хийгээд хогийн цэгт үлдээх сэтгэхүйтэй болчихсон. Гэхдээ тортой хог тээгээд, эвгүй үнэр гаргаад олон км явах сайхан биш. Тиймээс сумаас зам дагуух газрууддаа хогийн цэг байрлуулмаар байна.

Үүнээс гадна гадны улсуудад аялагчдын зам дагуу хөнгөн зууш, бургер зардаг цэг олныг байгуулсан байдаг. Аялагчид ч зам зуураа хөнгөн, шинэ хоол идээд явчихдаг. Манай замын цайны газрууд тостой цуйван, гурилтай шөлөөс өөр хоолны сонголт бараг байхгүй. Тэгвэл аймгийн жуулчин хариуцсан байгууллагууд зохион байгуулаад зам зуур хуушуур, шорлог хийдэг хөнгөн хоолны цэгүүд байгуулбал жуулчдын тав тухыг хангах нь гарцаагүй.

Энэ мэт зохион байгуулалтаас гадна дотоодын жуулчдад үйлчилгээ үзүүлдэг иргэдийнхээ сэтгэхүйг найрсаг болгох нь хамгийн чухал байна. Манайхан дов жалганы үзэлтэй, танихгүй хүндээ ёозгүй, таньдаг нэгэндээ саймширдаг муухай зантай. Танихгүй хүнээсээ их мөнгө, гадаадын иргэнээс бүүр их мөнгө нэхэх хандлага хөдөөнийхөнд бий. Нэлээд олон хүн давхиад очвол үйлчилгээнийхээ үнийг бууруулах биш үржүүлчихдэг гэмтэй. Хатгалд таван ортой гэрт 80 мянган төгрөгөөр хонуулдаг байснаа олон хүн цуглангуут нэг ороо 80 мянган төгрөгөөр үнэлчих жишээтэй. Бас зориод, зочлоод очсон үйлчлүүлэгчдэдээ чин сэтгэлээсээ ханддаггүй, мөнгө болгож хардаг нь муухай. Нэг удаа мөнгө олоод өнгөрөөх биш дараа жил, дахиад илүү ашиг олохын тулд чин сэтгэлийн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэйг ойлгуулмаар байна. Үүний тулд орон нутагт, цайны газар, жуулчны бааз гээд аялагчдыг хүлээж авдаг байгууллага, айл өрх бүрт нэгдсэн стандарт мөрдүүлэх хэрэгтэй. Гадаад, дотоодын ялгаагүй зочилж очсон хүн бүрт нэг үнээр, ижил төрлийн сэтгэл ханамжтай буцах үйлчилгээ үзүүлдэг бизнес эрхлэгчдэд л зөвшөөрлийг сум, орон нутгийн захиргааны байгууллагаас өгмөөр байна. Учир нь аялагч Батынхан Хатгал суманд очиж, Хатгалын тухай сайн муу сэтгэгдэлтэй буцахаас тэнд гэр гуанз ажиллуулдаг Доржийн тухай төдийлөн бодохгүй. Тиймээс сэтгэлд хүрсэн үйлчилгээ үзүүлдэг, найрсаг хүмүүст л үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох хэрэгтэй.

Хөвсгөлийн зам дээр портер машин дээрээ майхнаа ачаад давхиж яваа ахтай таарч билээ. Архангайгаас Хөвсгөл далайг үзэх гэж явсан тэр ах хүүд хатгалынхан сайхан сэтгэгдэл төрүүлбэл ирэх зун ах дүүгээ, нутаг усныхныгаа дагуулаад дахиад амарна. Ёозгүй санагдвал хэдэн төгрөгөө цуглуулж байгаад Байгаль нуур руу хөдөлчих вий. Тэгэхээр яалт ч үгүй “Найрсаг хөдөө” аян эхлүүлж дотоодын жуулчдыг татъя.

Б.Цэцэгдэлгэр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *