Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.08.07/ нэгдсэн
хуралдаанаар Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох
бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн, баталлаа.
Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн
байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан
бөгөөд танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.
Ингээд зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар
санал хураалт явуулан шинэчлэн найруулсан Галт зэвсгийн тухай хууль, уг
хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Дараа нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн
эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн
талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн
Б.Наранхүү уншиж танилцууллаа.
Төсвийн байнгын хороо төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед
УИХ-ын гишүүн Х.Болорчулууны гаргасан төслийн 4 дүгээр зүйлийн “4.1.7.
Авлигын эсрэг хууль” гэсэн заалтыг хасах санал олонхын дэмжлэг авсан тул
энэ заалттай холбоотой төслийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн
“Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахаар”
гэснийг, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “мэдүүлэг, холбогдох
байгууллагад шинээр гаргаж өгсөн хөрөнгө, орлогын” гэснийг, мөн хэсгийн
“хөрөнгө, орлогын” гэснийг, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “болон
хөрөнгө, орлогын мэдүүлэг” гэснийг тус тус хасаж, төслийн эцсийн
хувилбарт тусгасан байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн
Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Х.Болорчулуун нар байр сууриа илэрхийлсэн юм.
Ц.Нямдорж: Ил тод байдлын тухай хууль Эрүүгийн хуульд
ямар ч хамаагүй хууль гэсэн. Хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хуулийн
этгээдэд Эрүүгийн хэрэг үүсгэж, гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно
гэсэн заалт байгаа шүү. Үүнийгээ ойлгож баталж байгаа биз дээ.
З.Энхболд: Хөрөнгө оруулалт мэдүүлдэг 40 мянган хүнд
энэ хууль хамаагүй гэж ойлгож байгаа. Тийм учраас авлигын эсрэг гэсэн үг
болгоныг авна гэж ойлгож байгаа шүү дээ.
Ц.Нямдорж: Эрүүгийн болон бусад хариуцлагад татахыг
хориглоно гэж хуульд заасан байна. Та нарын зааж байгаа хэлбэр хууль
дээр очоод юу ч биш болно. Эрүүгийн хариуцлагад татахыг хориглоно гэдэг
нь гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно, эрүүгийн хэрэгт татахыг
хориглоно гээд заачихсан байгаа шүү дээ. Үүнийгээ л ойлгож батлаарай
даа…
Ингээд УИХ-ын гишүүдийн 80 хувийн саналаар Эдийн засгийн
ил тод байдлын тухай хуулийг баталснаар чуулганы өнөөдрийн хуралдаан
өндөрлөлөө.
ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХАРАХ:
ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ