Categories
мэдээ цаг-үе

Л.Чинбат: Ургац алдахад нөлөөлсөн зүйл бидний талаас ч бий. Р.Бурмаагийн талаас бүр их байгаа

“Монголын үр тариа эрхлэгчдийн
газар тариа­лан холбоо”-ны гишүүн тариаланчид өчигдөр хэв­лэлийнхэнд хандлаа. Тэд
ургац алдах нь тодорхой болсон, ургац алдахад сал­барын яамны алдаатай бодлого нөлөөлсөн
гэж мэдэгдэв. “Гацуурт” ХХК-ийн ерөнхийлөгч Л.Чинбат­тай энэ сэдвээр ярилцлаа.

-Ургацын алдагдлын хувь дээр тариаланчид, яам өөр тоо хэлж байгаа.
Том хэмжээний тариалан эрхэлдэг хүнтэй уулзсаных бодит байдал дээр Монгол Улс яг
хэчнээн хувийн ургац алдсаныг сонирхмоор байна?

-Газар тариалангийн хувьд байдал ноцтой, хүнд байна. Нууж хаагаад
байх шаардлагагүй. Тариаланчдын хэлээд байгаа 70, 80 хувь гэдэг баталгаатай тоо. Яам­ныхан дарж хэлээд байна. Зохиомлоор үнэ өсчихнө
гэсэн болгоомжлолоор, ажил төрөлд нь нөлөөлж магадгүй гэх шалтгаанаар ингэж хэлэх
шаардлага гардгийг үгүйсгэхгүй. Гэхдээ бодит байдлыг нуух нь буруу. Үнэн зөвөөр
нь мэдээлж байж л төр засгаас зөв шийдэл гарна. Өнгөрсөн жил Монгол Улс 290 мянган
га-д тариад 489 мянган тонн буудай авсан. Хүнс, хөдөө аж ахуйн яам энэ хавар төлөвлөгөө
гаргаад зарласан. 300 мянган га-д тариад 469 мянган тонн буудай авна гэж. Өнгөрсөн
жил га-гаас 16.7 цн буудай авч байсан. Энэ жил яамныхан 16.6 цн авна гэж төлөвлөгөөгөө
бууруулж хийсэн. Ингэсэн хэрнээ Р.Бурмаа сайд 365 мянган тонн буудай авна, үүний
30, 40 хувийг алдсан гэж ярьж байгаа. Гэтэл сайтдаа 469 мянган тонн буудай авна
гээд зарлачихсаныг би сая онцолж хэллээ. Энэ тооноос нь харахад л ургацынхаа 60
хувийг алдчихсан байна. Салбарын сайд нь ийм логик­гүй юм ярьж болохгүй л дээ.

-Төлөвлөх нэг хэрэг, гүйцэтгэл нь өөр байж болно. Хавар яг хэчнээн га-д хэр
хэмжээний үр тарьсан юм бэ?

-Төлөвлөсөн хэм­жээнээсээ давуулж тарьсан. 300 мянган га-д тарина гэж төлөвлөсөн
ч тариаланчид 359 мянган га-д тарьсан. Энэ бол яамны гаргасан тоо. Тарьсан га-гаа
ноднин авсан 16.7 цн-ээрээ үржүүлэхээр 606 мянган тонн буудай авахаар байгаа юм.
Дахиад хэлье, энэ бол мөн л яамны гаргасан тоо. Энэ хэмжээгээр тооцвол ургацынхаа
60 гаруй хувийг алдчихаад байна. Сайдын доод талын хүмүүс 70, 80 хувийн ургац алдсаныг
хүлээн зөвшөөрч байгаа.

-Бодит байдал ийм байхад сайд илт зөрүүлж хэлмээргүй юм…?

-Би сая яамны цахим хуудсан дээр байгаа тоо­нуудыг л хэллээ. Тооцоолж гаргасан
л болохоос бүгд сайтан дээр нь байгаа тоо. Яамны 2014 оны гүй­цэтгэлтэй харьцуулбал
бид ургацынхаа 53 хувийг алдчихсан. Яамны
2015 оны төлөвлөгөөтэй харьцуулбал 51 хувиа, яамны 2015 оны тариалалтын гүйцэтгэлтэй
харьцуулбал 60 хувиа алдчихсан. Ноднин жил авсантайгаа харьцуулж төлөвлөөд үзвэл
62 хувиа алдсан байна.

-Яамны тоог ойлголоо, тариаланчдын тоог сонсъё. Нийтдээ хэчнээн га-д буудай
тарьж, хэ­дийг хурааж авна гэж төлөвлөсөн бэ?

-Нийтдээ 500 гаруй мянган га-д тариалалт явуулсан. 100-гаад мянгад нь рапс,
400 гаруй мянгад нь улаан буудай тариалсан. Ойролцоогоор 650-670 мянган тонн улаан
буудай авна гэж төлөвлөсөн. Энэ тооцоогоороо харвал ургацынхаа 70-80 хувийг алдчихаад
байна. Өнгөрсөн жил 290 мянган га-д тарьсан бол энэ жил 70 мянган га-гаар илүү талбайд
тарьсан гэсэн үг. Энэ бол яамны тоо.
Ноднин 290 мянган га-д тариад 500 орчим мянган тонн буудай авсан бол энэ жил 70
мянган га-гаар илүү тарихаар ойролцоогоор 200 мянган тонн улаан буудай илүү авч
таарна. Ингээд тооцохоор 650 мянган тонн буудай авна гэсэн тоо гараад ирж байгаа
юм. Ургацын 70, 80 хувиа алдсан гэсэн тоо эндээс гарч ирсэн. Яам га-гаас арван цн
авна гэж байгаа. Бидний тооцоогоор 4-5 цн л авна.

-Одоо байдал өөрч­лөгдөхөөсөө өнгөрсөн үү, яамнаас хугацаа нь болоогүй байхад
элдэв юм ярих хэрэггүй гэх маягийн байр суурь илэрхийлж байна лээ?

-Өнгөрсөн. Дал, наян хувиа алдлаа гэдэг тоог бид аль зургадугаар сарын
15-нд гаргасан. Гэтэл яам наймдугаар сарын 25-нд гаргана гээд суугаад байна л даа.
Тэд ургацынхаа хэчнээн хувийг алдсаныг дээд зэргээр мэдэж байгаа. Бүр 90 хувь ч
хүрч магадгүй гэж айж байгаа. Байдал иймдээ тулчихаад байхад 30, 40 гэж тайвшруулах
нь улс оронд хохиролтой. Манай холбоо өчигдөр хуралдаад холбооныхоо дэргэд Гамшгийн
хороо гэж байгуулна гэж ярьсан. Тэгээд төр засаг, орон нутгийн төлөөлөлтэй хамтдаа
яваад байдалтай газар дээр нь танилцъя гэж төлөвлөж байна. Яг хэчнээн хувийн ургац
алдсанаа тогтооё. Хохирлоо тооцъё.

-Ер нь газар тариалан эрхэлдэг бусад улсад ургацынхаа хэчнээн хувийг алдахад
гамшиг боллоо гэж үздэг юм бол?

-Хүнийх нь идэж уух юмтай холбоотой учраас ургацынхаа арван хувийг алдахад
л гамшиг гэж зарладаг. Гэтэл манайх 70, 80 хувиа алдчихаад байхад юу ч болоогүй
юм шиг суугаад байна. Ганцхан жишээ хэлье. Манайхаас өөр улс ган болно гэдгийг мэдчихээд
дөрөвдүгээр сарын 1-нээс улс орноороо арга хэмжээ авсан. Тариаланчдадаа машинаар
ус зөөж өгч, төрийн ажилчид нь талбай дээр нь очиж тусалж, зарим улсын Ерөнхийлөгч
нь тариалангийн талбайгаа усалж хүртэл иргэдээ уриалан дуудсан. Төсвөөсөө маш их
мөнгө зарсан. Гангийн сөрөг нөлөөг зогсоох арга хэмжээ авсан. Гэтэл манайх ган болох
гээд байна гэхэд арга хэмжээ аваагүй. Ган болчихлоо гэхэд таг суусан. Өнгөрсөн хойно нь та нар шоудлаа гэж байна л даа.

-Энэ жил буудайн до­тоо­­дын хэрэгцээ яахаар байна вэ?

-Хагас дутуу ч гэсэн хангана. Хэрвээ би Р.Бурмаа сайд байсан бол “Үнэн, бид
ургацаа алдсан. Яам мэдээллээс жаахан хол байна. Яг хэчнээн хувь алдсаныг хэлж мэдэхгүй
байна. Тогтоосныхоо дараа хэлье. Тариаланчид
дотоодын хэрэгцээгээ хангана гэж байна. Бид ч ийм зорилготой байгаа. Хураасан
буудай чанартай, чанаргүй нь яахав, гурилын үйлдвэрүүд ямар ч байсан тариаланчдынхаа
тарьсан буудайг аваад гурил хий, хийсэн гурилыг нь ард түмэн идье. Ийм хүнд цагт
бидэнд өөр боломж алга” гэж хэлэх байсан. Ингэсэн тохиолдолд ирэх жилийнхээ асуудлыг
шийдэж чадна. Ирэх жил 100, 150 мянган тонн буудай дутлаа гэж байна. Тэгвэл ирэх
жил 200, 300, 400 мянган тонноороо дутах нөхцөл үүсчихсэн. Энэ бол аюул. Ирэх жилийн
үрийн буудайны асуудлыг одоо ярихгүй бол оройтно.

-Үрийн будаа яагаад ийм их хэмжээгээр дутна гэж. Энэ жил хураах буу­дайнаас
үр гэж гарахгүй хэрэг үү?

-Энэ жил бидний тарьсан буудайнаас үрийн будаа бараг гарахгүй. Монголд
50-70 мянган тонн үрийн будаа хэрэгтэй. Оросоос гарахад ч хүндрэлтэй. Орос, Монголд
ялгаагүй ган болж тарьсан буудай нь таваарын будаандаа л тэнцэж байгаа. Бид үүнийг
хүндрэл, гамшиг гэж харж байгаа юм. Бид ургацын 70 хувиа алдлаа гээд оронд нь юм
авах гээгүй. Байдал ийм байна, цаашдаа ямар арга хэмжээ авах вэ гэдгээ ярья гэхээр
“Тариаланчид худлаа ярилаа” гэсэн асуудал босгож ирээд байна л даа.

-Үрийн буудайг яаж шийдвэл дээр вэ?

-Үрийн буудай бизнес болсон. Ийм юм гараад ирлээ, үүн дээр яаж ажиллах вэ
гэдгээ л бодоод байна. Төрийнхөөр дамжаад үрийн буудай ороод ирвэл үрийн буудай
биш гэж ойлгох хэрэгтэй. Товарын буудайнаас долоон дор юм оруулж ирээд шахдаг. Ерөнхий
сайд ноднин 80 мянган тонн буудай хэрэгтэй, тэгэхгүй бол улсаараа сөнөлөө гээд байсан.
20 мянган л орж ирсэн хэр нь яагаа ч үгүй. Өнөө хог гээд байсан Монголын тариаланчдын
буудайгаа идсэн. Дахиад он дуустал идэх нөөц байна. Хэн худлаа ярьсныг сөхөхгүй
байгаад гайхаж байна. Импортоор оруулж ирсэн
буудай нь Монголын битгий хэл малын тэжээлээс долоон дор юм байсан.

-Сая Засгийн газрын хуралдаанаар импортоор 150 мянган тонн буудай оруулж
ирэх асуудлыг шийдсэн. Импортоор буудай оруулж ирэх зайлшгүй шаардлага үүссэн хэрэг
үү?

-Ургац алдсан нь тодорхой гэдгийг аль аль талдаа яриад байхад маргаашнаас
нь импортоор буудай оруулж ирэх хууль санаачлаад
гүйдгийг ойлгодоггүй. Яам маань аль талд ажиллаад байна вэ. Импортоор буудай оруулж
ирэх гэж 80 тэрбумыг шийдэж өгсөн гэсэн сураг сонссон. Тендер зарласны цаана явагддаг зүйлийн төлөө ухаанаа
тавиад байгаа хэрэг болов уу гэж харж байна. Р.Бурмаа сайд 230-280 мянган тонн буудай
авна гэж зарласан. Энэ буудайн дээр яамны хадгалж байгаа 30 мянган тонныг нэмэхэд
ирэх жилийн тав, зургадугаар сар хүрнэ. Үүнийгээ зөв менежментэлж чадвал бүтэн жил
идэхээр хангалттай нөөц бий. Ийм байхад ургацаа алдсан тариаланчдынхаа үгийг сонсохгүй импортоор орж ирэх буудайны араас ухаанаа тавьж
гүйгээд эхэлснийг ойлгохгүй байна.

-Тариаланчид хэчнээн төгрөгийн хохирол амссан бол. Тооцож үзсэн үү?

-Зөвхөн тарихад гарсан зардал гэхэд л нэг га-д ойролцоогоор 30 мянган төгрөг.
Ингээд бодоход тариаланчид 150 тэрбум төгрөгийн хохирол амсаад байна. Ийм хохирол
амссан хүмүүс тавьсан өр зээлээ яах вэ, дараа жил яах вэ гэдгээ шийдүүлэхээс аргагүй
болчихоод байна л даа.

-Хүнс, хөдөө аж ахуйн яам, тариаланчдын дунд байсгээд маргаан дэгддэг. Энэ
жил бүр ширүүхэн маргах шинжтэй. Салбартаа томд орох компанийн захирлын хувьд хөдөө
аж ахуйн салбарыг хэр бодлоготой хөгжиж байна
гэж гэж боддог вэ?

-Манай улсад хөдөө аж ахуйн бодлого гэж алга. Р.Бурмаа сайд Цандэлэгийг шүүхэд
өгөхийн оронд Тариалангийн хуулийг бат­луулахын төлөө ажилламаар байна. Бидний ганц
хүсч байгаа юм энэ. Дөрвөн жил болоход энэ хууль батлагдсангүй. Яамны хийх үндсэн
ажил бол энэ шүү дээ. Бодлогогүй байгаагийн нэг жишээ хэлье. Өнгөрсөн жил Ерөнхий
сайд, УИХ-ын даргын аль аль нь урамшуулал өгөхгүй гэж зарласан. Гэтэл Р.Бурмаа сайд
чанартай буудайнд нь урамшуулал өгнө, чанаргүйд нь өгөхгүй гэчихсэн. Ийм тодорхойгүй
байдал ажилд нөлөөлдөг. Яах юм бол гэсэн эргэлзээтэй ажиллах амар биш. Биржээр буудай
авна гэж байгаа. Үнэ чө­­лөөлөгдөөгүй, үнийг төр тогтоож байгаа тохиолдолд бирж
ажиллах боломжгүй. Чөлөөт зах зээл байхгүй
учраас. Урамшуулал бол бидний ургуулсан буудайг өөрийнх нь өртгөөс доогуур үнэлээд,
төр зөрүүг нь өгч байгаа л хэлбэр. Гэтэл улсаас тариаланчдад зүв зүгээр мөнгө өгөөд
байна гэсэн ойлголтыг нийгэмд өгөөд байдгийг гайхдаг. Р.Бурмаа сайд гэхэд л өнгөрсөн
жил гарч ирчихээд тариаланчид төрөөс 420 тэрбум төгрөгийн тэтгэлэг авсан гэж ярих
жишээний. Тийм биш гэдгийг би сая хэллээ. За яахав, бид энэ хэмжээний мөнгийг төрөөс
авчээ, гэтэл Р.Бурмаа сайд гарч ирээд нэг жилийн дотор биднийг 400 тэрбум төгрөгийн
хохиролд оруулсныг юу гэж ойлгох вэ. Төр нь энэ салбарынхаа асуудлыг ойлгохгүй,
мэргэжлийн биш хүн тавьчихсан. Өнөөх нь салбарынхантайгаа бүтэн жил маргаж байхад
тоохгүй сууж болохгүй гэж бодож байна.

-Ган болоход сайд, яам яаж ч чадахгүй, тэгэхээр ургац алдах нь тэдэнд хамаагүй гэсэн тайлбар бий…?

-Хүнс хөдөө аж ахуйн яамны буруутай үйл ажиллагаа ихэнх хувийг нь эзэлж байгаа.
Ган болж байна гэдгийг дэлхий нийтээр дөрөвдүгээр сараас эхлээд зарласан шүү дээ.
Номхон далайн чиглэлээс ирж байгаа үүл энэ жил оройтож байна, үүнээс болж Азийн
орнуудад ган болж магадгүй гэж зарласан. Яамнаас жилийн жилд цаг агаарыг өнгөрсөн
жилтэй адилхан гэдэг. Цаг уурын мэдээг ийм бүдүүлэг байдлаар өгч болохгүй гэж би
өнгөрсөн жилийн тариалалтын зөвлөгөөн дээр хэлсэн. Төв аймгийнхан төдий үед тарьж
болно, яагаад гэвэл танай бүсэд тэдэн сард бороо орно гэх мэтийн нарийн чиглэл өгөх
ёстой. Яам ийм л юман дээр дэмжлэг үзүүлэх учиртай. Ургац алдахад нөлөөлсөн зүйл
бидний талаас ч бий. Р.Бурмаагийн талаас бүр их байгаа.

Өнгөрсөн жилийн бу­дааныхаа үлдэгдлийг өнөөг хүртэл аваагүй гэх мэт шалтгаанаас
болж нийтдээ бараг зуугаад мянга гаруй га-д гуурсанд тарьсан. Гуурсанд тарина гэдэг
нь нэг талбайд хоёр жил дараалан тарина гэсэн үг. Уг нь гайгүй ургац авъя гэвэл
энэ жил тарьсан талбайгаа ирэх жил өнжөөх учиртай. Яамнаас бизнесийн үйл ажиллагаанд бүдүүлгээр халдаж
байгаа учраас бидэнд үүнээс өөр гарц байгаагүй. Яам төрийн захиргаадалтыг хэрэглэж
технологи зөрчихөд хүргэсэн. Та нар тариалангийн талбайнхаа 10-15 хувиас илүүд рапс
тарьж болохгүй гэчихсэн. Зарим аймаг сумдад бүр тас хориглосон. Ингэсэн учраас рапс
тарьдаг талбайнхаа хэмжээг ихэсгэхийн тулд гуурсанд их тарьсан. Буудайны мөнгө мөд
ирдэггүй. Харин рапс бол өөр. Талбайнх нь дэргэдээс мөнгийг нь тоолж өгөөд авдаг
учраас бүх тариаланч бага ч гэсэн мөнгөтэй золгохын тулд рапс тарьдаг.

-Тариаланчид гэхээр хэдхэн хүн л дуугараад байдаг. Ташраараа хэцүү байдалд
орсон хэр нь бусад нь яагаад дуугардаггүй юм бол?

-Тариаланчид Хүнс, хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас
санхүүгийн хувьд хараат. Тэгэхээр Р.Бурмааг шүүмжлэх ч эрх байхгүй болчихож байгаа
юм. Учир нь тэндээс жаахан юм авч ажлаа явуулдаг. Р.Бурмаагийн хувьд ч тэр, шүүмжлээд
байгаа том аж ахуйн нэгжийн хэдэн хүнийг тоглоомоос гарга гэх маягаар хандчихаж
байна л даа. Жижиг аж ахуйн нэгжүүдэд 50 тонн буудай хэрэгтэй бол 10 тонныг гэх
маягаар өгсөн. Хэрэгтэй буудайг нь өгч чадаагүй. Бага, багаар тараасан нь сөрөг
нөлөө үзүүлсэн. Монголд 40 мянган тонн үрийн буудай хэрэгтэй. Гэтэл өнгөрсөн жил
ямар ч үрийн буудай байгаагүй. Тийм учраас бүгд товарын буудай тарьсан. Үрийн буудай
байгаа гэсээр байгаад эцэст нь хог шиг юм өгсөн. Өнөөдөр яамны өгсөн буудайгаар
тарьсан компаниудын буудай бусдаасаа эрс өөр байгаа. Тариалалтын, технологийн гэх мэт компанийн бүх дотоод ажиллагаанд
төр оролцоод байна л даа. Тэр дарамтаас нь айгаад одоо хэр нь үгээ хэлж чадахгүй
байна. Дараа жил мөнгө авах учраас яамтай холбоогүй юман дээр юу гэж хэлсэн ч бэлэн
байна, яамтай хамаатай юм ярихгүй гэцгээж байна.

-Газар тариалангийн холбооноос тариалантай аймгуудаар явж үзээд ургацын ихэнх
хувиа алдлаа гэж мэдээлсэн үү, эсвэл тариаланчдаас аман мэдээ аваад тийм тооцоо
гаргасан уу?

-Газар тариалангийн гол бүс Сэлэнгэ, Булган, Төв аймагт ган болсон. Холбооны
зүгээс тавдугаар сарын 20-ноос хойш Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг бүх
аймгаар явж үзсэн. Тэгээд л зургадугаар сарын
15-нд найдваргүй боллоо гэж хэлсэн.

-Яамандаа арай оройтож хандсан юм биш үү?

-Тавдугаар сарын 20-доос хойш хандсан. Биднийг анх тарихад л хөрс ямар ч
чийггүй байсан. Бороо орохгүй бол ийм чийггүй газар мянга тариад хэрэг алга гэдгийг
бүгд мэдэж байсан. Зарим нь бүр тарихгүй өнжсөн.

-Тариаланчдад одоо ямар гарц байна?

-Урамшууллаас тат­галзмаар байна. Ямар ч байсан “Гацуурт” компани урамшууллаас
татгалзаж байна. Урамшууллаас тат­галзвал би дарамтнаас гарна. Хүнс, хөдөө аж ахуйн
яам талбайнхаа тэдэн хувьд тийм юм тарь гэхээ болино. Тэгэхээр хүссэнээ тариад,
чадвал чадаад, чадахгүй бол чадахгүй, зах зээлийнхээ жамаар явна. Бидний ургуулсан
буудайг өртгөөс нь доогуур үнэлж авчихаад зөрүү гэж өгсөн мөнгөө зүгээр өгсөн юм
шиг яриад байгаа учраас үүнээс өөр гарц алга. Хэсэг тариаланч нийлээд урамшууллаас
татгалзах санаагаа хүчтэй илэрхийлье гэж бодож байна. Урамшууллаас татгалзаад зах
зээлээ чөлөөлье. Бид өөрсдөө гурилын үйлдвэртэй хэл амаа ололцоод явдаг болчихвол
өөр. Төр нь, яам нь буудайн чанарыг үнэлэх учиргүй. Гурилын үйлдвэр буудай худалдаж
авахдаа чанаргүй байна гээд үнийг нь буулгаад авчихдаг. Тэд үнэлээд байхад Р.Бурмаа
чанарт оролцох шаардлагагүй л дээ. Тариаланчдынхаа банкин дээр байгаа өр, зээлийг
гаргамаар байна.

-Танай компани газар тариалангийн чиглэлээр гэхэд хэчнээн төгрөгийн өртэй
байгаа вэ?

-Гучин тэрбум. Нод­нингийн буудайны мөнгө болох долоон тэрбум төг­рөгийг
аваагүй байна. Гэтэл би долоон тэрбум төгрөгийн зээлийн хүүнд сар бүр 140 сая төгрөг
банкинд өгч байгаа. Манай компани сар бүр нийтдээ 500-700 сая төгрөгийн банкны хүү
төлдөг. Хоёр жилийн өмнөх буудайныхаа мөнгийг гурилын үйлдвэрүүдээс авч чадахгүй
байна. Ма­най компанийн улаан буудайны өртгийн 34 хувь нь зээлийн хүү. Гэтэл гурилын
үйлдвэрүүд жилийн гуравхан хувийн хүүтэй зээл аваад явж байна. Бидний худалдан авдаг
юмны үнэ байнга өөрчлөгддөг, тарьсан буудайны үнийн дээд хэмжээг төрөөс тогтоож
өгдөг. Гэтэл гурилын үнэ 850 төгрөг. Зарим нь дуртай үнээрээ зардаг. 1350 төг­рөгөөр
хүртэл зардаг. 1350 төгрөгөөр зарж байгаа гурилын будааны үнэ нь нэг сая 250 мянган
төгрөг байх ёстой. Гэтэл биднээс 400 мянган төгрөгөөр авч байгаа.

-Тариаланчид ургац алдах нь гэж мэдээлснээс болоод гурилын үнэ өслөө гэж
байна. Улаан буудайн үнэ яах бол?

-Энэ жил гурилын үйлдвэрт ямар ч хямрал болоогүй. Гурилын үнэ нэмэгдсэн бол
Р.Бурмаагийн л ажлаа муу хийж байгаатай холбоотой. Гурилын үнийг тогтвортой байлгана
гээд улсаас мөнгө авч гурилын үйлдвэрүүдэд өгсөн. Тэгэхээр тогтвортой барих ёстой.
Бидний хувьд хохирол амссан учраас буудайны үнэ тодорхой хэмжээгээр өснө. Гэхдээ
80 хувь алдсан гээд 80 хувь өснө гээгүй. Зах зээлийнхээ зарчмаар, гурилын үйлдвэр,
тариаланч хоёр наймаалцаад явна. Ийм хохирол амсчихаад ноднин жилийнхээ үнээр зарах
хүн байхгүй. Мэдээж улс орны байдал хүнд байгааг харгалзах нь тодорхой.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *