Дуурийн дуучин СТА Ц.Баттөртэй ярилцлаа.
-Та Дуурийн театрт 15 жил ажиллахдаа урын сангийнх нь 40 гаруй дуурьт дуулсан. Дуурийн гоцлоочийн хувьд урын сангаа маш зөв дарааллаар тавьсан цөөхөн дуучдын нэг. Моцартын “Увдист лимбэ”-ээс эхэлж Фигарог, дараа нь Вердийн “Трубадур”, Пуччинийн “Тоска” гэхчлэн. Театрт та хамгийн сүүлд “Аида” дуурьт дуулаад театраасаа гарсан. Тэр үед та өөртөө дараагийн том түүх босгохоор зэхэж байна гэж ярьж байсныг санаж байна. Удалгүй Оросын Буриадад сонгодог тоглолт хийгээд, саяхан Америкт очиж тоглолоо. Ойрын үед уран бүтээл арвин байна уу?
-Одоохондоо би хувиараа уран бүтээлээ хийгээд эрх чөлөөтэй явж байна л даа. Ойрын үед гурван ч сайхан дуу дуулчихлаа. Хэнтий нутгийн тухай “Цэцэн ханы нутаг” гэж сайхан дуу дууллаа. Сэтгүүлч Сонинбаяр гэдэг залуугийн шүлэг А.Энхтайван ахын хөгжим энэ дууныхаа клипийг хийхээр ирэх лхагва гаригт хөдөө явах гэж байна. Ардын уран зохиолч Балжирын Догмид гуайн шүлэг мөн А.Энхтайван ахын хөгжим “Бурхан Халдун” гэж сайхан дууг дууллаа. Мөн ”Өндөрхаан хайрхан” гэсэн ийм гурван дуу дууллаа. Гурвуулаа Хэнтий нутгийн тухай сайхан дуунууд.
-Бас гурвуулаа ардын жүжигчин А.Энхтайван гуайн хөгжим юм байна. Ингэхэд А.Энхтайван гуайн дуунууд эгшиглэгээгээрээ, сэтгэлийг илэрхийлэх орон зайгаараа гойд содон сайхан даа. Дуулахад ямархуу байв?
-Намайг сая Америкт тоглолтоо хийгээд ирэхэд ихэд олзуурхаж бичиж өгсөн л дөө. Их сайхан аялгуутай дуунууд юм. Гурвуулаа л хоолойны цар хүрээ далайц шалгасан дуунууд.
-Америкт хийсэн тоглолтынхоо сониноос хуваалцахгүй юу. Ямар хөтөлбөртэй явав?
-Тэнд гурван удаагийн тоглолт хийлээ. Намар нэг тоглоод өвөл шинэ жилээр Солт Лейкт нэг тоглоод сүүлд нь Чикагод тоглолоо. Тэнд ажиллаж амьдарч байгаа төгөлдөр хуурч Хулан гээд доктор, мэргэжлийн тоглогч хүн байна. Өөрөө сонгодог урлагийн хүн болохоор их сайхан зоригтой “Сонгодог үдэш” нэртэй тоглолт зохион байгуулж өглөө. Хоёр хэсэгтэй тоглолт хийсэн. Манай Дуурийн театрт нэг хэсэг концертмейстр хийж байсан Д.Маралгуа сонгодог бүтээлүүдийг тоглож өгсөн. Хөтөлбөр маань, сонгодгоос Фигарогийн ари, Эскомильогийн ари, “Отелло” дуурийн Ягогийн ари, тэгээд Оросын болон Монголынхоо хөгжмийн зохиолчдын овоо хэдэн романс дуулсан.
-Дуунуудаасаа ямар дуу сонсгов?
-“Жинжиймаа”-гаас эхлээд “Халуун элгэн нутаг” гэхчлэн. Ардын жүжигчин А.Загдсүрэн багшийн хүү Амарбүрэн гэдэг залуу байдаг юм. Америкт амьдардаг, өөрөө бас дуурийн дуучин мэргэжилтэй, басс баритон хоолойтой залуу бий. Тэр маань миний тоглолтод оролцож дуулсан. Амарбүрэн намайг урьж аваачиж, найз маань Хулантай хамтарч тоглолтыг маань зохион байгуулсан л даа. Найзынхаа урилгаар очоод Америкийн баруун эргээр нэлээн явж үзэж сонирхлоо.
-Монголын дуурийн алтан гургалдай хэмээн алдаршсан А.Загдсүрэн гуайн уянгын цээл хоолой, бүтээсэн дууриуд, ари романсуудыг нь үнэндээ мартахынг аргагүй. Бас их үзэсгэлэнтэй эмэгтэй байж. Үр ач нар нь тэнд олуулаа юм уу?
-Манай багш гурван хүүтэй шүү дээ. Амарбүрэн ахтайгаа Америкт байдаг. Бараг арван тав зургаан жил болж байгаа байх аа. Том нь эндээ байдаг юм. Ер нь сайхан амьдарцгаадаг.
-Үзэгчид таныг хэрхэн хүлээж авав. Тэнд байгаа монголчууддаа зориулж тоглосон уу?
-Эхний хоёр тоглолтыг монголчууддаа сонсгосон. Дараагийн “Сонгодог үдэш” тоглолтод монголчууд ч гадныхан ч нэлээн ирж сонирхсон. Чикагод манай монголчууд олон байдаг юм байна. Эмэгтэйчүүд нь америк, европ хүмүүстэй ханилж гэр бүл болсон нь олон байдаг юм байна. Тэд “Сонгодог үдэш”-ийг их сонирхож хань ижлээ, найз нөхдөө дагуулж ирсэн. Их олон гадаадын хүмүүс тоглолтыг маань үзэж сонирхлоо. Тэнд амьдарч ажиллаж байгаа монголчууд маань янз бүрийн л ажил хийж байгаа шүү дээ. Тэгээд ч тэр үү тоглолтын дараа гадныхан ярьж байна л даа, намайг янз бүрийн ажил битгий хийгээрэй, зөвхөн энэ сонгодог урлагаараа яваарай, дуучны карьераа битгий орхиорой гэцгээж байна лээ.
Ер нь тэнд ажиллаж амьдарч байгаа монголчуудаа хүндэтгэх сэтгэл надад төрж байлаа. Энд байхдаа бас сайн ойлгодоггүй байсан юм байна. Найз нөхөд маань ч тэнд байна, соёл урлагийн их сургууль төгсөөд тэнд ажиллаж байгаа Батхуяг, “Нюанс”-ын Өнөрөө гэхчлэн найзууд ч байна. Тэднийгээ яаж ажиллаж амьдарч байгааг хараад би хүндэтгэж байлаа. Хүн ер нь ажлыг голж болохгүй л дээ. Ажил хүнийг голно уу гэхээс. Тэд нар бол амьдралын төлөө л явж байна. Монгол орон маань өнөөдөр ажил мэргэжилтэй хүмүүс нь эндээ ажиллаж амьдраад, тэр нь амьдралыг нь тэжээн тэтгэдэг байсан бол тэд нар тэгж хүний нутагт янз бүрийн юм хийгээд явахгүй шүү дээ. Би ч бараг тэнд тэгж явахгүй шүү дээ, ер нь.
-Ер нь тийшээ явъя гэсэн бодолтой ирсэн үү, та?
-Олимпийн аварга Түвшинбаяр, “Олимпод яваад би амжилт гаргаагүй бол эргэж ирээд Улаанбаатартаа гуйлгачин” гэж хэлсэн дээ. Аваргын маань хэлсэн шиг, театрт би 15 жил сайхан ажиллачихаад яг үнэнийг хэлэхэд ингээд байгаад байлтай биш. Би ч яахав, дуурийнхаа хажуугаар “Жинжиймаа”-гаас эхлээд олон сайхан дуу дуулаад олон түмэнд хүргэснийх орлого тасардаггүй байлаа л даа. Дээрээс нь цомгуудаа гаргаад, тоглолт хийгээд болоод л байдаг байсан. Гэвч алийн болгон тэгж явах вэ. Хүүхдүүд том болж байна, амьдралын төлөө л тэнд юм судалж яваа маань тэр шүү дээ. Түүнээс биш айхтар мундаг аялаад яваа юм биш. Амьдрал судалж л яваа хэрэг. Тэнд байгаа монголчууд эх орондоо байгаа хүмүүсээс илүү Монголоо гэсэн сэтгэлтэй юм. Наад зах нь, цагаан сар зэрэг үндэсний баяр ёслолын үеэр ёс заншлаа эрхэмлэж байна гэж жигтэйхэн юм. Би тэнд зургаан сар л болоод ирсэн. Тэгэхэд бас нутгаа санаж байна лээ шүү. Хааяа найз нөхөдтэйгөө ярилцаад сууж байхад нүдэнд нулимс мэлмэрэх маягтай.
-Нутгаа саналаа гэснээс,ирэхэд тань энд уран бүтээлийн орчинд хүлээлт хэр байв?
-Мэдрэгдэж л байна. Хөгжмийн зохиолчдын холбооноос ийм ийм сайхан дуу байгаа шүү гэсэн хүмүүс цөөнгүй л байна. Сая ирмэгц Бүтэнбаяр гуай “За, чи хүрээд ирэв үү. “Эх орон хаанаас эхэлдэг юм бэ” дуугаа одоо дуулна шүү дээ” гээд угтаж байх жишээтэй. Энэчлэн уран бүтээлийн орчин маань мэдрэгдэж л байна л даа. Дуулах шинэ дуунууд байна аа байна.
-Америк орноор нэлээн явж сонирхлоо гэлээ. Та бол сонгодог дуурьт хүч чадал ид жагссан дуучин. Тэнд оперын компаниуд хэр олон байх юм, сонирхож үзэв үү?
-Америкийн тавин хэдэн мужид бүгдэд нь оперын компани байна. Бид нэг л зүйл дээр гацаад байгаа юм л даа. Хэлний бэрхшээл л байдаг юм. Харилцааны хэлтэй л байгаад дээрээс нь өөрөө хэдийд ч дуулах байнгын формтой байж байхад хаана ч очоод дуулж болох том зах зээл зөвхөн Америкт гэлтгүй байна шүү дээ. Жишээ нь, Чайковскийн “Евгений Онегин”-ыг дуулъя гээд хойшоо гарахад л хажууханд том зах зээл байж байна.
Хэрвээ ярианы хэлтэй бол хаана ч очоод дуулахад асуудалгүй. Америкт бол маш том зах зээл байна. Тавин мужид тавиуланд нь оперын хувийн жижиг компаниуд ч байна, том нь ч байна. Гурав, дөрөв, таван жилээр гэрээгээ хийчихдэг юм байна. Зарим хүмүүс онгирч байна гэх байх даа, гэвч бодит байдал ийм л байгаа.
-Буриадад хийсэн тоглолтоос гадна та дуурьт нь бас дуулсан байх аа?
-Тэр тоглолт ийм учиртай. 2013 онд би буриад дууны цомог гаргасан юм. Андреев гэж Оросын мундаг хөгжмийн зохиолч байдаг даа. Голдуу тэр хүний дуунууд, “Тоонот нютаг”, “Ижий минь” гэх мэт 13 дуутай цомог гаргасан л даа. Тэр цомгоосоо хэдийг манай Монголын дуучин, Улаан-Үдийн театрт ажилладаг Буриадын ардын жүжигчин Мөнхзулд өгч явуулсан юм. Улаан-Үдийнхэнд таалагдсан юм байлгүй, өнгөрсөн хавар Филармони нь уриад очиж тоглосон. Тэнд би “Травиата” дуурийн Жермонд бас дууллаа. Би эндээ Дуурийн театрт “Травиата” дуурьт гурван дүрийг нь дуулсан шүү дээ. Тэднээсээ Жермоныг дуулаад ирсэн. Ер нь цаашид хэл сураад энд тэнд явж дуулъя л гэж бодож байна. Сүүлийн үед би нэг юмыг мэдэрлээ. Орчин үед бүтэн том дуурь гэхээсээ илүү тэр олон гоё дууриудаас шилмэл гоё гоё хэсгүүдээс аваад сонгодог концерт хийх юм бол хүмүүс их сонирхож байна.
-Ардын дууны, буриад дууны, романсын, бас аригаар гээд төрөл чиглэл бүрээр та олон цомог гаргалаа. Сонгодог ари болон романсаар дагнасан цомог тань бас л Монголдоо анхных байлаа. Сонгодог романсуудаас гадна манай Монголын романсууд бас л гоё шүү. Та дахин энэ төрлөөр цомог гаргах уу?
-Би голдуу Чайковскийн романсуудыг дуулсан л даа. Романс дотроо Чайковскийн романсууд их гоё. Гончигсумлаа гуай тэргүүтэй манай Монголын хөгжмийн зохиолчид Орост боловсрол эзэмшсэн учраас Монголдоо ирээд романс их бичсэн байдаг л даа. Тэдний маань сайхан сайхан романсууд байна аа байна. Одоо би дахиад романсаар нэг цомог гаргахаар ажиллаж байгаа. Чайковский, Бородин, Рахманинов нарын романсуудаар хоёр дахь цомгоо гаргана.
Н.Пагма