Налайх дүүргийн Дархан ноёны худаг хэмээх газар болж буй чөлөөт нислэгийн ДАШТ-ээс Монголын тамирчин Мижиддоржийн Гонгор алтан медаль хүртэж, дэлхийн аварга цолыг хүртлээ. ДАШТ-ий үндсэн гурван төрлийн хоёр дахь нь болох резинэн хөдөлгүүрт буюу F1B ангилал өчигдөр явагдсан бөгөөд 29 орны 77 тамирчин өрсөлджээ. Долоон нислэгийн нийлбэр дүнгээр 31 тамирчин финалын нислэгт оролцох эрхийг авсан байна. Үүнд манай тамирчдаас М.Гонгор багтаад байсан юм. Ингээд финалын нислэгүүд өчигдөр орой болж, нийлбэр дүнгээр 2040 оноог цуглуулсан М.Гонгор ангилалдаа түрүүллээ. Украйны Стефанчик Стефан, Кулаковски Олег нарын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн юм.
Манай улсад анх удаа болж буй чөлөөт нислэгийн ДАШТ маргааш өндөрлөнө. Өнөөдөр ДАШТ-ийн үндсэн гурван төрлийн сүүлийнх нь хугацаат нислэг буюу F1C ангилалын тэмцээн болох бол маргааш чөлөөт нислэгийн холимог “Миксмэн” тэмцээн болно.