Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Гансүх нарт ял оноохын тулд АТГ прокурор Х.Тамирын хэргээр шүүгчийг “барьцаалав” уу

-Л.Гансүхийн хэргийг шүүх Х.Идэрийн төрсөн дүүг АТГ-аас шалгах нь-

Хуулийнхан тодруулбал, хяналтын прокурорууд хар тамхины хэрэгт холбогдсон мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн дуулиан байлаа. Наадмын дараа буюу энэ сарын 16-нд цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийх­дээ төрийн албанд ажил­ладаг хоёр хүн хар тамхи, мансууруулах бодистой холбогдох хэрэгт шалгагдаж байгаа гэх сэжүү­рийг сэтгүүлчдэд өгсөн юм. Гэхдээ дээрх хар тамхины хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл огт өгөлгүй ихэд нууцалсан билээ. Харин өнгөрсөн долоо хоногт хар тамхины хэрэгт холбогдсон этгээдүүд прокурорууд гэх мэдээллийг зохион байгуулалттайгаар сэтгүүлчдэд тараасан билээ. Ингэхдээ гэмт хэрэгт холбогдсон хоёр хуульчийн нэг нь Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир гэдгийг ихэд онцолсон юм. Нэг шугамаар энэ мэдээлэл тарсны дараа цагдаагийн байгууллагын албаны эх сурвалжтай холбогдоход “Прокурор, цагдаа гээд хуулийн байгуул­лагынхан нэгэндээ дайсан болох ёсгүй.

Шалгагдаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөхгүй гэдгээр нууцлаад өнгөрөх нь зөв биз дээ. Өөрөөс чинь өөр нэг сэтгүүлчийн талаар асуухад хамаагүй мэдээлэл өгдөггүй байх аа” гэж байсан. Үнэхээр ч хуулийнхан нэгнийхээ талаар муу үг унагах дургүй байдаг. Гэтэл Х.Тамир хар тамхины хэрэгт холбогдсон тухай мэдээлэл нэг өдөр, нэр ус, аав, ах, хамаатан садных нь тухай гээд маш тодорхой дэлгэрэнгүй мэдээлэл тарсны учир юу байв. Учир мэдэх хүмүүс прокурор холбогдсон хэргийг зохион байгуулалттайгаар томоохон эрх ашгийн үүднээс олон нийтэд мэдээлсэн хэмээн хардаж байна.

Хар тамхи хадгалсан, тээвэрлэсэн гэх сэжигтнүүдэд холбогдох эрүүгийн хэрэг тусдаа асуудал. Өнөөдөр Монгол Улсад хар тамхи хэрэглэдэг залуусын тоо өдөр бүр нэмэгдэж, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрснийг эх сурвалжууд дурдаж буй. Хууль хяналтынхан ч мансууруулах бодистой холбоотой бүлэглэлүүдийг шил дараалан баривчилж байгаа. Харин Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарт холбогдсон хэргийг олон нийтэд мэдээлэх болсон шалтгаан нь өөр хэрэгт холбогдсон хүмүүсийн хувь заяа, цаашлаад хууль сахиулах үүрэгтэй байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байж болох тухай эх сурвалжууд ярьж эхэллээ. Өөрөөр хэлбэл, АТГ хэмээх “махны машин”-ныг зогсох уу, цаашид энэ хэвээр ажиллуулаад байх уу гэдэг нь шийдэгдэх гэж байгаа эмзэг үед бусдыг “барьцаалж” хэрэг шийдвэрлэх үйл ажиллагаанд нөлөөлөхөөр оролдож байгаа гэж хардаж болохоор байна. Энэ талаар эх сурвалжуудтай холбогдож, нэхэн сурвалжиллаа.

Л.Гансүхийн хэрэг Яагаад прокурор Х.Тамиртай холбогдов?

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын хэрэг наадмын өмнө шүүхэд шилжсэн. АТГ-аас уг хэргийг шалгаж өмнө нь нэг удаа шүүхэд шилжсэн ч мөрдөн шалгах, нэмж тодруулах зүйл цөөнгүй байна гээд буцаасан билээ. АТГ нэмж шалгаад албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг зүйл ангиар буруутган шүүхэд шилжүүлсэн. Хуулийнхан хийгээд олон нийт энэ хэрэг дээр АТГ улс төрийн зорилгоор үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн, хүний эрх зөрчсөн, хэлмэгдүүлсэн гэж ярьж байгаа. “Багануур” төрийн өмчит компаниас ченжүүд 25 мянган төгрөгөөр аваад 200 мянгаар зарж байсан нүүрсийг “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд 27500 төгрөгөөр худалдан авч, иргэдэд 80 мянган төгрөгөөр өгсөн нь иргэдэд ч, улсад ч хэмнэлттэй ажил болсон гэгддэг. Гэтэл Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахын тулд АТГ-аас “Нүүрс” хөтөлбөрийн гэх зохиомол хэрэг гаргаж, үүнийгээ нотлохын тулд Л.Гансүхийг золих гэж байгааг өмгөөлөгчид нь хэд, хэдэн удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон. Л.Гансүх өөрөө ч ингэж ярьдаг.

Харин одоо шүүх үнэн, худлын дэнсийг тогтоох гэж байна. Шүүхээс Л.Гансүх нарт ял оноовол АТГ авлигатай чин шударгаар тэмцсэн болж таарна. Харин шүүгдэгчдийг цагаатгавал АТГ улстөрийн захиалгаар ажилладаг нь тодорхой болж, мөрдөн байцаагчид нь өөрсдөө хэрэгт орно. Ялангуяа АТГ-ын эрх мэдлийг хазаарлаж, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг дахин байгуулах талаар хүний эрхийн байгууллага, улстөрчид ярьж байгаа энэ цагт Л.Гансүхийг шүүх хурлын шийдвэр бүхний анхаарлыг татаж байгаа юм.

Яг үүнтэй зэрэгцээд прокурор Х.Тамирын хэрэг мандлаа.

Тэгвэл яагаад Х.Тамир гэж?

Л.Гансүхийн хэрэг шүүхэд шилжихэд хар тамхитай нэр холбогдсон Х.Тамир яагаад хамаатай гэж гэдэг асуулт гарна. Тэгвэл Л.Гансүх нарын хэргийг наадмын өмнө Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэрт хуваарилсан. Үүний дараа Эрүүгийн цагдаагийн газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж хар тамхины хэрэгт холбогдсон бүлэглэлийг илрүүлсэн. Энэ хэрэгт Х.Тамир холбогдсон байдаг. Х.Тамир нь Л.Гансүхийн хэргийг шүүх Х.Идэр шүүгчийн төрсөн дүү. Шалгалтаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамирын машинаас шийдэгдээгүй хавтаст хэрэг олдсон аж. Энэ үндэслэлээр Х.Тамирыг АТГ-аас шалгах болсныг албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Х.Тамир нарыг шалгах ажлын хэсэгт АТГ-ын байцаагчид оролцжээ. Хуулиараа прокурор, шүүг­­чийн албан тушаал, авлигатай холбоотой хэргийг АТГ шалгадаг. Өөрөөр хэлбэл, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны чиг үүрэг АТГ-т шилжиж очоод хэдэн жилийн нүүрийг үзсэн билээ. Х.Тамирт холбогдох хэргийг шалгаж байгаа эсэхийг АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Мансууруулах бодистой холбоотой учраас УМБГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэст шалгаж байгаа. Одоогоор манайд ирээгүй” гэсэн хариулт өглөө. Харин Х.Тамирын хэргийг шалгах ажлын хэсгийг АТГ ахалж байгаа мэдээллийг баттай эх сурвалж өгөв. АТГ Х.Тамирт холбогдох хэргийг ахалж байгаа нь харьяаллын дагуу ийм шийд гарсан гэв. Төрсөн дүүгээр нь барьцаалж, Х.Идэр шүүгчид АТГ нөлөөлөх нөхцөл бүрдсэн зүйл болоод байгаа нь хэн ч харсан тодорхой харагдах аж. Хэрэв “Тэр хэргийг тэгж шийдэхгүй бол дүүгийн чинь холбогдсон хэргийг тэгнэ” гэж болох талтай. Гэр бүл гэдэг хүний хамгийн эмзэг зүйл болохоор шүүгч “барьцаанд” орох магадлалтай. Хуулиараа шүүгч нөлөөллийн мэдүүлэг бөглөж байх учиртай. Хэрвээ хэн нэгэн этгээд, байгууллага нөлөөлснийг мэдүүлээгүй бол шүүгч өөрөө хариуцлага хүлээнэ. Эсвэл шүүгдэгчид ашиг сонирхлын зөрчилтэй шүүгчээр хэргээ шийдүүлэхгүй гэж хүсэлт гаргахаас өөр гарц алга. Өмнө нь олны танил, нэр бүхий хүмүүс холбогдсон хар тамхи, мансууруулах бодистой холбоотой цөөнгүй хэргийг хуулийн байгууллагаас шалгаж, шүүхээс шийдвэр­лэсэн. Дурдвал, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагва­сүрэн, “Дижитал”-ын Баавар нарын холбогдсон хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг. Олны танил биш ч Г.Батсайхан тэргүүтэй залуусын холбогдсон хэрэг ч бий. Дээрх хэргүүдийг цагдаа нар илрүүлж, шалгаад прокурорт шилжүүлж, шүүх хянан хэлэлцэх хүртлээ гадуур байцаалт явуулсан байдаг. Ер нь ихэнхдээ мансуу­руулах төрлийн гэмт хэрэгтэй холбогдсон сэжигтнийг цагдан хорилгүй гадуур байцаалт авч байгаад шийдвэрлэдэг. Гэтэл юуны учир Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамирыг мансууруулах бодистой холбоотой хэргээр цагдан хорих болов. Энэ мэт хүчин зүйлүүд АТГ шүүгчид нөлөөлөх оролдлого биш байгаа гэх хардлагыг олон нийтэд төрүүлээд байна.

Ц.Бадрах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *