Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнхболор: Нийтийн тээврийн бүх л үйл ажиллагаа, орлого шилэн болно

Нийтийн тээврийн салбарт цахим төлбөрийн системийг нэвтрүүлэх ажил амжилттай боллоо. Өнгөрсөн баасан гаригаас эхлэн Улаанбаатар хотод үйлчилгээнд явж буй бүх автобуснууд цахим төлбөрийн системд шилжин иргэдэд үйлчилж эхлээд байгаа. Үүнтэй холбогдуулан цахим төлбөрийн систем болон төслийн талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболортой ярилцлаа.

-Нийтийн тээвэрт төлбөрийн цахим систем нэвтрүүллээ. Гэхдээ давуу тал нь юу болохыг хүмүүс төдийлөн мэдэхгүй байгаа. Энэ талаар сонирхуулаач?

-Манай Ухаалаг автобус төсөл бол цогц төсөл. Төсөл маань автобусны менежментийн систем, удирлагын төв буюу мэдээллийн систем болон цахим төлбөрийн систем гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа. Үүнийг хэрэгжүүлснээр сүүлийн 50 орчим жил нэг хэвийн явж ирсэн нийтийн тээврийн бодлогод шинэ өнгө аяс, өөрчлөлт, маш том эргэлт гарна. Тухайлбал, хамгийн эхэнд нийтийн тээвэртэй холбоотой төсөв санхүү шилэн болох юм. Мөн нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн мэдээлэл бодитой болно. Түүнчлэн орлого нь ч тодорхой болох юм. Энэ мэтээр автобус компанийн захирлууд өөрийнхөө өмчийг, төр нөхөн олговрынхоо мөнгөний зарцуулалтыг 100 хувь хянадаг болох зэрэг олон давуу талтай.

-Ерөнхийдөө нийтийн тээврийг 100 хувь хянадаг болох нь ээ?

-Тийм. Нэг автобусанд дөрвөн камер суурилуулна. Ингэснээр иргэд эрсдэлгүй зорчих боломж нээгдэж байгаа. Тодруулж хэлбэл, автобусанд суугаад эд зүйлээ хулгайд алдах, автобус хурд хэтрүүлэх, жолооч автобусанд тамхи татах зэрэг зөрчил үгүй болно. Камертай болсноор иргэд аюулгүй зорчих боломжтой. Камерийн бичлэг манайд долоо хоног хадгалагдана. Хулгайд эд зүйлсээ алдсан хүн цагдаагийн байгууллагад хандаад камерийн бичлэг шүүх боломжтой. Мөн орлогын мэдээлэл манай дээр жил гаруйн хугацаанд хадгалагдана.

-Цахим картыг худалдаанд гаргаж эхэлсэн. Бас автобусуудад бэлэн мөнгөний хайрцаг байрлуулсан байна лээ. Яг хэзээнээс картаар төлбөрөө хийдэг болох юм бэ?

-Бид эхний ээлжинд карт цэнэглэх 280 орчим цэгтэй гэрээ хийсэн байгаа. Яваандаа картыг улам боловсронгуй болгож бэлэн мөнгөний машин болон интернэт банкаар цэнэглэдэг болгоно. Одоохондоо цахим төлбөрийн системийг дөнгөж нэвтрүүлж байгаа болохоор иргэд бүгдээрээ картаа авч амжаагүй байна. Тиймээс ирэх лхагва гариг буюу долдугаар сарын 28-ны өдрийг хүртэл кондукторууд билетээ тасалж явна. Гэхдээ ухаалаг картаа авсан хүмүүс автобусанд картаа уншуулж явах боломжтой. Харин картаа авч амжаагүй хүмүүс билетээр зорчихоос гадна бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийж болно. Хайрцагт мөнгөө хийсэн тохиолдолд бэлэн мөнгөний баримт өгнө. Энэ мөн л цахим төлбөрийн системийн нэг онцлог байгаа юм. Ерөнхийдөө бол ирэх лхагва гаригаас зөвхөн цахимаар төлбөрөө хийж зорчино гэж ойлгож болно.

-“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн талаар асууя. Энэ байгууллага цахим төлбөрийн системийг нэвтрүүлсэн. Цаашдаа нийслэлийн Тээврийн газартай хамтарч нийтийн тээвэрт хяналт тавина гэж сонссон. Үнэн үү?

-Бид автобусанд төлбөрийн цахим төхөөрөмж, байршил тогтоогч болон камер суурилуулсан байгаа. Тиймээс нийслэлийн Тээврийн газартай хамтран цогц хяналт тавина. Тодруулбал, тухайн автобусанд зорчиж байгаа иргэд болон төлбөрийн мэдээлэл тухай бүртээ манайд ирж байгаа гэсэн үг. Байршил тогтоогчийг камерууд давхар хянах учраас аливаа автобус маршрутаас хазайсан тохиолдолд бидэнд дохио ирнэ. Ерөнхийдөө нийтийн тээврийн салбарт гардаг бүхий л зөрчлийг хянах юм. Мөн манай удирдлагын төвд нийтийн тээврийн бүх автобусны үйлчилгээнд гарч байгаа цаг, минут, хаана явж байгаа зэрэг бүх мэдээлэл нь очиж байх юм. Мөн хаана автобусны хүлээлт үүсч байна вэ гэдэг мэдээлэл ч очих юм. Харин үүн дээр тулгуурлаад нийтийн тээврийн бодлогоо тодорхойлно. Цэвэр шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой мэдээлэл дээр тулгуурлан бодлогоо тодорхойлно гэсэн үг шүү дээ.

-Зорчигч ихтэй чиглэлд автобусны тоог нэмэх зэрэг арга хэмжээ авах нь ээ?

-Жишээ нь Дамбадаржаагаас өдөрт хичнээн хүн автобусаар зорчиж байна вэ гэсэн бодитой мэдээлэл гарах юм. Улмаар ачаалал ихтэй байвал автобусаа нэмье, харин ачаалал багатай хэсэгт автобусаа цөөлье зэрэг арга хэмжээ авах юм. Мөн манай мэдээлэл дээр тулгуурлаад маршрутын шинэ төлөвлөлтөө хийнэ.

-Танай компани Солонгос улстай хамтран ажиллаж байгаа. Энэ талаар?

-Бид олон орны системийг судалж үзсэн. Тэр дундаас хамгийн оновчтой бөгөөд үр дүнгээ өгч байгаа нь солонгосын төлбөрийн систем байсан. Энэ систем нь манай улсад ашиглахад боломжтой бөгөөд Зүүн өмнөд Ази, Европ, Америк тивийн зарим улсуудад хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл дэлхийд үнэлэгдсэн систем юм. Ер нь бол дэлхийн хотууд нийтийн тээврээ хэдийнэ цахим төлбөрийн системтэй холбосон. Харин манай улс нэлээд хоцрогдолтой байгаа. Гэхдээ бид дэлхийд өндрөөр үнэлэгдсэн системийг нэвтрүүлж байгаа. Туршилт хийгээд, хэрэглээнд нэвтрүүлчихсэн төхөөрөмжийг нэвтрүүлж байна шүү дээ. Тэгээд ч бидний суурилуулж байгаа тоног төхөөрөмжүүд бүгд олон улсын код, сертификаттай. Манайд суурилуулж байгаа төхөөрөмжийг одоо солонгост суурилуулах гэж байгаа. Тэдний одоогийн ашиглаж байгаа төхөөрөмж иргэддээ мэдээлэл өгөх дэлгэцгүй. Харин манайх картны үлдэгдэл болон цэнэглэсэн дүнгийн мэдээллийг ч өгч байгаа.

-Бусад хамтран ажиллаж байгаа байгууллагуудаа танилцуулаач. Мөн цахим төлбөрийн системийг нэвтрүүлэхэд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулав. Энэ талаарх мэдээлэл цацагдах үеэр нийслэл дэмий зүйлд хөрөнгө зарж байна гэсэн шүүмж нэлээд гарсан. Одоо ч яригдаж байгаа?

-Анх Дата карт консерциум гэж байгуулагдаад энэ төсөлд шалгарсан. Нийслэлийн удирдлагууд шинэ технологи буюу ноу-хау нутагшуулах журам гэж баталсан. Үүний хүрээнд олон улсын хэмжээнд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Гадны болон дотны олон компаниуд

сонгон шалгаруулалтад өрсөлдсөн. Ингээд манай Монгол, Солонгос, Худалдаа хөгжлийн банк, Жи мобайлтай хамтарсан түншлэл ялалт байгуулсан. Бидний хөрөнгө оруулалт 14 орчим сая ам.доллар байгаа. Үүнийг нуугаад байх юм байхгүй. Гэвч зарим хүмүүс манай төслийг гуйвуулж, янз бүрийн мэдээлэл цацаж байгаа. Хамгийн гол нь энэ хөрөнгө оруулалт эко хөрөнгө оруулалт юм. Хөрөнгө оруулалтыг бид улс, нийслэлийн төсөв дээр суулгаж дарамт өгөхгүй. Мөн автобусаар зорчих үнийг ч нэмж дарамт өгөхгүй. Компанийн өдөр тутмын орлогоосоо маш бага хэмжээний шимтгэл авч 4.8 жил, эрсдэлээ тооцоод зургаан жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхнө гэж тооцож байгаа. Бидний гол хөрөнгө оруулагч маань Сөүл хот буюу Korea smart card. Тэгэхээр Сөүл болон Улаанбаатар хот дундаа хамтарсан компанитай болж байгаа юм. Хотоос төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй. Анхны хөрөнгө оруулалтыг нь өгсний дараагаар Монголын талын хувь нь өсөөд солонгосын талын хувь буурна.

-Цахимаар төлбөр хийхэд эхний удаад 500 төгрөгөөр, дараагийн сэлгэн суултад үнэгүй зорчих гэх мэт асуудлын талаар ярилцаж байгаа гэсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар сонирхуулаач?

-Энэ асуудалтай холбоотой шийдвэр удахгүй

гарна. Ямартай ч нийслэл хот нийтийн тээврийнхээ салбарт ухаалаг системийг нэвтрүүлчихлээ. Харин одоо маршрутын төлөвлөлтийн асуудлыг ярина. Өнөөдөр Шар хаднаас хөдөлсөн автобус Толгойт хүрдэг. Үүнээс үүдээд замын хөдөлгөөний ачаалал үүсэх, иргэд хугацаа алдах гэх мэт асуудал үүсдэг. Харин автобусны маршрут богино рейст шилжсэнээр ийм асуудал үүсэхгүй. Тухайлбал, Шар хаднаас хөдөлсөн автобус Офецирийн буудал дээр зорчигчдоо буулгаад буцаад Шар хад руу явах юм. Ингэснээр автобус хүлээх асуудал үүсэхгүй.

Зорчигчид автобусны урд хаалгаар орж картаа уншуулаад буухдаа арын хаалганд мөн л картаа уншуулна. Хойд хаалганд картаа уншуулах нь бас учиртай.

-Тодруулахгүй юу?

-Хойд хаалганд картаа уншуулснаар бид зорчигчдоо бодитой тоолж байгаа юм. Мөн дамжин суулт буюу сэлгэлтийн хөнгөлөлтийг үзүүлэх юм. Солонгост нэг буудлаас автобусанд суугаад буусан хүнд дараагийн буудлаас өөр автобусанд дамжин суух 20 орчим минутын хугацааг өгдөг. Харин тухайн зорчигч 20 минутандаа багтан дараагийн автобусанд суух юм бол хөнгөлөлттэй үнээр зорчдог. Эсвэл үнэгүй зорчдог. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг хотын удирдлагууд гаргана. Гэхдээ хамгийн түрүүнд бид уг системээ нутагшуулах, хүмүүсийн хэрэглээ болгох нь л чухал байгаа юм.

-Цахим төлбөрийн системийн нээлтийн үеэр картаа гээсэн болон гэмтээсэн тохиолдолд яах вэ гэдгийг хүмүүс лавлаж байсан. Энэ тохиолдолд хаана хандах вэ?

-Манайх картын системтэй холбоотой гэмтэл дээр баталгаат хугацаа өгч байгаа. Харин механик гэмтэл дээр баталгаа өгөхгүй. Хэрэв картаа хугалсан зэрэг ноцтой гэмтэл гарсан бол тухайн карттайгаа манай байгууллагад хандаад үлдэгдэл мөнгөө өөр шинэ картанд шилжүүлүүлж болно. Харин манайд бүртгэлгүй картыг гээгдүүлсэн тохиолдолд арга хэмжээ авах боломжгүй.

-Бүртгэлтэй карт гэдгийг тодруулахгүй юу?

-Нөхөн олговроор зорчигчид буюу цагдаа, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутны карт манайд бүртгэлтэй. Энэ хүмүүс картаа гээсэн тохиолдолд мэдэгдсэн даруй тухайн картыг хааж, өөр карт олгоно.

-Тэгвэл энэ хүмүүс картаа хаана хандаж авах вэ?

-Ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн картыг хороогоор нь дамжуулан тарааж эхэлсэн байгаа. Халамжийн төв дээр нь тухайн хорооны бүх иргэдийн мэдээлэл байгаа шүү дээ. Үүний дагуу л картыг нь өгч байгаа. Тиймээс тухайн хүмүүсийг өөр газар руу явуулж чирэгдэл учруулахгүй гэдэг үүднээс өмнө нь зохицуулалт хийсэн юм.

-Удирдлагын төвийн нээлтийн үеэр хотын дарга цахим төлбөрийн системийг төмөр замын автобус гэх мэтэд суурилуулна гэж байсан. Энэ талаар?

-Бид эхний ээлжинд нийтийн тээврийн бүх автобусанд суурилуулна. Харин дараа нь такси үйлчилгээнд суурилахаар төлөвлөж байгаа. Ингэснээр таксинууд камер, байршил тогтоогчтой болох ба картаар төлбөрөө хийдэг болох юм. Мөн орон нутгийн автобуснуудад суурилуулахаар төлөвлөж байгаа. Түүнчлэн картаа улам хөгжүүлж кредит карт болгох юм. Ингэснээр зогсоолын төлбөр болон ойр зуурын хүнсний бүтээгдэхүүн авахдаа ч картаараа тооцоо хийх боломж бүрдэнэ. Нэг үгээр бол уг карт банкны карт болох хэмжээнд хүрэх юм.

-Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн байгууллагууд шатахуунаа өдөр бүрийн орлогосоо авдаг. Гэтэл төлбөрийг цахим болгосноос ингэх боломжгүй хүндрэл үүсээд байна гэж байгаа. Холбогдох хүмүүс энэ асуудлыг удахгүй шийднэ гэсэн?

-Иргэн Мөнхболор автобусанд суулаа гэхэд төлбөр нь банк руу шилжээд, банкнаас тухайн байгууллага руу л хуваарилдаг байхаар төлөвлөсөн. Тиймээс цаашдаа төлөвлөсний дагуу орлогыг шилжүүлнэ. Гэхдээ эхний нэг сар системийг бүрэн нутагштал доголдол үүсэх байх. Шинэ ажил хийж байгаа учраас хүндрэл гарахыг үгүйсгэхгүй. Харин яваандаа доголдохоо болино. Өдөр бүр тухайн байгууллагууд руу орлогыг нь хуваарилж байх юм.

-Мөн кондукторууд ажилгүй болно, жолооч ачаалал ихтэй боллоо зэрэг асуудлыг ч хөндөж байгаа?

-Жолоочид бага зэргийн ачаалал нэмэгдэнэ. Өмнө нь зөвхөн жолоогоо л барьдаг байсан бол одоо орж байгаа зорчигчдоо хянана. Мөн байнгын камерийн хяналт дор ажиллах учраас бага зэргийн стресстэй байна байх. Гэхдээ бид олон улсын жишгийг дагаад соёлтой байх ёстой. Цөөнхийн төлөө биш бид иргэддээ соёлтой үйлчилгээ үзүүлэхийн төлөө байх ёстой шүү дээ.

Кондукторын хувьд шууд ажилгүй болчихгүй. Жил хагасын хугацаанд кондукторууд хянагч болон зөвлөх үйлчилгээ үзүүлээд цалингаа аваад л явна. Энэ хугацаанд нь нийслэлийн удирдлагууд кондукторуудыг дараагийн ажлын байранд нь зуучлах арга хэмжээ авах байх.

-Шинэ төхөөрөмжийг засварлах багаа бүрдүүлсэн үү. Магадгүй уншигч төхөөрөмжид эвдрэл гарах байх?

-Энэ системийг нэвтрүүлж суурилуулахад Монголын туслан гүйцэтгэгч компаниуд сайн оролцоотой байгаа. Одоогийн байдлаар дотоодын найман компанийн 100 гаруй ажилчин туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тиймээс бид засвар үйлчилгээний төв байгуулж байгаа. Энэ төв нь эвдрэл гарсан тоног төхөөрөмжийг шуурхай засварлах 24 цагийн ажиллагаатай байх юм. Бидний зүгээс ч шинэ тоног төхөөрөмжийг хангалттай нөөцөлсөн байгаа. Ер нь бол систем нутагших хүртэл засвар үйлчилгээ зэрэг бүх асуудлаа манай компани хариуцна.

-Ажлын байрыг бас нэмэгдүүлж байгаа юм байна?

-Манай байгууллагад л гэхэд 60 орчим хүн ажиллаж байна. Үүн дээр засварчид нэмэгдэнэ. Мөн ирэх есдүгээр сараас эхлээд ухаалаг картаа бид дотооддоо үйлдвэрлэж эхэлнэ.

Ж.САЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *