Categories
мэдээ цаг-үе

Бүх ард түмний урлагийн их наадамд “Өргөө” хамтлагтай цуг шалгарч явсан авьяастнууд

Нийслэлийн гуравдугаар сургуулийн төгсөгчдийн 30 жилийн ойн уулзалт өнгөрөгч амралтын өдрүүдээр тохиолоо. Хүүхдийн ордны баруун талын автомашины зогсоол дээр нэгээс найм хүртэл дугаарласан автомашинууд эгнэн зогсчээ. Хамгийн эхний автомашины урд хэсэгт “Нийслэлийн гуравдугаар бүрэн дунд сургуулийн 1983 оны 8В, 1985 оны 10В ангийнхны 30 жилийн ойн уулзалт” гэсэн томоо гэгчийн зурагт хуудас өлгөжээ. Тэд өглөөний есөн цагт уулзахаар товложээ. “Улаанбаатараас гадна хөдөө орон нутагт, тэр бүү хэл Польш Улсад ажиллаж амьдарч байгаа М.Дэлгэрмаа, Ц.Алтанхуяг нар өглөө нь онгоцноос буусан гэсээр ирж байлаа. ангийн дарга Н.Адьяабат “Ангийн хүүхдүүдээс минь хоёр гурав нь ирж яваа сурагтай. Бусад нь цөм бүрэн” гэж байна. Д.Нямбилэг “Ангиараа цуглалгүй, уулзалдалгүй 30 жил болж” гэж байв. Уулзалтад дөрөвдүгээр ангиас бүрэн дунд сургуулиа төгстөл тус ангийг дааж авсан монгол хэл, уран зохиолын багш Ч.Оюунбилэг, математикийн багш Наранхүү болон дуу хөгжмийн багш Рэгзэн нар хүрэлцэн иржээ. Ангийн багш Ч.Оюунбилэг 1974 онд Улсын багшийн дээд сургуулийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр дүүргээд, гуравдугаар сургуульд багшилжээ. Түүний анхны даасан анги нь 10В байж. Тэрээр “Би сурч байсан сургуульдаа багш болж очсон. Тухайн үед анги даасан багш Банзрагч монгол хэл, уран зохиолын багш байсан юм. Багш маань ягаан дээлээ намируулж орж ирээд намуун хоолойгоор сургамжит өгүүллэг уншиж, биднээр цээж бичиг хийлгэж, монгол хэлний дүрэм заах надад их сайхан санагдаж “Ерөөсөө багш л болъё” гэж бодсон хэрэг. Багш мэргэжлийг эзэмшээд хамгийн анхны дааж авсан анги энэ анги юм.

Урлагийн авьяастайгаас гадна сурлагадаа ч сайн байсан учраас хүүхдүүдээрээ их бахархана. Тэр нь ямар их хувь заяагаар багш мэргэжлийг сонгосон юм бэ. Би их азтай хүн юм аа гэсэн бодлыг давхар төрүүлдэг байсан юм шүү. Шавь нар минь одоо ч гэсэн эзэмшсэн мэргэжлээрээ, салбартаа тэргүүлж явааг нь харахад сайхан байна” хэмээн хуучилсан юм.

Тэд ангийн анд Л.Энхбаттайгаа сүүлийн 20-иод жил холбоо тогтоож чадаагүй байж байгаад саяхан сургийг нь гаргажээ. Босч чадахгүй учраас уулзалтад оролцохоор охиноороо тэргэнцэр дээр түрүүлэн ирсэн ч хилийн цэргийн дүрэмт хувцасны мөрөн дээр нь дэд хурандаагийн мөрдэс гялтганаж, энгэрт нь одон медалиуд ярайж, цаанаа л жавхаалаг харагдана. Тэрээр заставын даргаар ажиллаж байгаад дөрвөн мөч нь мэдээгүй болжээ. Дээрх харамсалтай мэдээг дуулаад тэд дундаасаа мөнгө гаргаж, нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэж, гуравдугаар эмнэлгийн зөвлөх эмч нарт үзүүлжээ. Эмч нарын зөвлөснөөр яаралтай эмчилгээнд оруулсны үр дүнд 20 гаруй хоногийн дараа Л.Энхбатын хөл гар нь мэдээ орсноор үл барам бараг л тэрэгнээсээ буух хэмжээнд хүрчээ. Энэ бол 30 жилийн ойн уулзалтын хамгийн том бэлэг байсан юм.

Энд бөөндөө цугларч аваад, Чингисийн талбай болон Зайсан толгой дээр гарч зургаа татуулчихаад, хотоос холгүйхэн амралтын газар руу явах хөтөлбөрөө аль хэдийнэ гаргачихжээ. Ийнхүү Чингисийн талбай руу хөдөллөө. Чингисийн хөшөөний өмнө бөөндөө зургаа татуулчихаад шатаар уруудаж явтал Д.Нямбилэг “Ордны өмнөх цэцгийн мандлыг харсан чинь нэг хөгтэй явдал санаанд орчихлоо. 1984 оны наймдугаар сарын 31-нд Ц.Алтанхуяг, П.Үнэнбаяр бид гурав хичээлийн шинэ жилийн нээлтээр багшдаа цэцэг бэлэглэх гээд хайгаад олддоггүй ээ. Тухайн үед одоогийнх шиг энд тэндгүй баглаатай цэцэг зардаггүй байлаа. Тэгэхээр нь төрийн ордны өмнөх цэцгийн мандлаас цэцэг тасдаж, сонинд ороож байгаад ордны харуулд баригдсанаа санаж байна уу. Тэгсэн өнөөх харуул чинь биднийг шоронд хорино гэж хэсэг айлгаж байснаа “Багшдаа бэлэглэх гэж байсан гэж үнэнээ хэлсэн болохоор чинь явуулъя. Гэхдээ хичээлдээ сайн нь яваад, муу нь үлдэнэ дээ” гэснээ “Улаанбаатар хотын хүн ам хэд вэ?” гэдэг байгаа. Алтанхуяг “160 мянга” гэсэн чинь “Тийм бага уу?” гэхээр нь би сэргэлэнтээд “Хагас сая орчим” гээд туучихлаа. Тэгтэл “За чи яв” гэдэг байгаа” гэвэл Д.Үнэнбаяр “Д.Нямбилэгийг явуулчихаад бид хоёрыг үлдээх гэж байгаа юм байх даа гэж бодоод барайгаад л явчихлаа. Тэгтэл ашгүй өнөөх харуул чинь “За дахиад нэг асуулт асууя. Цахилгаан цахихад гэрэл эхэлж үзэгдэх үү, дуу нь түрүүлж сонсогдох уу” гэхээр нь бид хоёулаа нэгэн зэрэг “Гэрэл” гэж хэлээд “суллагдсан” даа гээд хөхрөлдөцгөөв. Ангийн багш Ч.Оюунбилэг “Өө та нар чинь бас тэгж хөглөсөн юм уу. Багш нь одоо л дуулж байна” гэвэл “Танд хэлбэл хулгай хийлээ гээд загнуулах байх гэж бодоод тас нуучихсан” гэв.

Тус ангийнхан урлаг спортынхоо амжилтаар сургуульдаа төдийгүй нийслэл, улсын хэмжээнд манлайлдаг байжээ. Энэ тухайд ангийн багш Ч.Оюунбилэг “Дөрөвдүгээр ангиас арваа төгстөлөө тасралтгүй долоон жил сургуулийнхаа урлагийн үзлэгт түрүүлж байсан. Урлагийн үзлэгээр ангийн маань 16 хөвгүүн бүгд банзан гитараа бариад дуулна. Нийслэлийн 52 дугаар сургуулийнхантай л аливаа уралдаан тэмцээнд ана мана үзэлцдэг байлаа. Тэдний хамтлагт гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа хүртэл багтаж байсан юм. Дээрээс нь бүгдийнх нь бичгийн хэв нэг хүнийх юм шиг цэвэрхэн, гаргацтай байлаа. Одоо ч хэвээрээ. Ямар сайндаа өнөөдрийн уулзалтын урилга дээр нэрийг минь бичсэн хүнийг “хайгаад олдоггүй” гэв. Дуу хөгжмийн багш Рэгзэн “Ангийнхны урлагийн амжилт зөвхөн сургуулийн урлагийн үзлэг төдийхнөөр хязгаарлагдахгүй. Тэд 1980 онд зохиогдсон Бүх ард түмний урлагийн анхдугаар их наадамд “Ундраа“гэсэн хамтлаг байгуулж ороод, хүрэл медаль хүртсэн. Тухайн үед эд маань тавдугаар ангийн сурагч байлаа. Энэ тэмцээнд орохын тулд районоос шалгарч байж хотын хэмжээнд оролцсон. Тэндээсээ шалгарч байж улсын хэмжээний бүх ард түмний урлагийн наадамдаа орно. 1984 оны бүх ард түмний хоёрдугаар уралдаанд орж, “Өргөө” хамтлагтай цуг гуравдугаар байрт дахин шалгарч байлаа. Эхний наадамд хамтлагийн гишүүд зөвхөн гитар тоглодог байсан бол хоёрдугаар уралдаанд гитараас гадна төгөлдөр хуур, баяан, аккордион, үлээвэр хөгжим тоглосон. Хамтлагийн бүрэлдэхүүнд Н.Адьяабат, Ц.Алтанхуяг, Э.Батсайхан, Л.Од, Мөнхболд, П.Үнэнбаяр, Д.Нямбилэг багтаж байсан” гэвэл Од “Уг нь бид Москвад болох олон улсын наадамд оролцох эрхтэй байсан ч хамтлагийн гишүүд хэтэрхий олон, улсын төсөвт “шаталттай” гэсэн шалтгаанаар хасагдаж байлаа” гэв. Э.Батсайхан “Медаль авсан баярт мөчөө улаан ус уугаад ээжээрээ нийслэл салат хийлгэж идээд, нэгнийхээрээ айл хэсэж тэмдэглэж байлаа. Улаан ус гэдэг чинь ундаа байхгүй юу” хэмээв.

Хамтлагийн ахлагч Н.Адьяабат “Тавдугаар ангидаа Лениний мэндэлсний 100 жилийн ойгоор Пионерийн ордон буюу одоогийн Хүүхдийн ордонд зохиогдсон тоглолтод “Ундраа” хамтлагаараа оролцсон. Тэгтэл тоглолтод оролцож байсан том ах нар тайзан дээр зоочихсон байсан цахилгаан хөгжим дээр тоглоод байсан байхгүй юу. Тэгэхээр нь дуу хөгжмийн багшаасаа бид нар цахилгаан хөгжимтэй тоглочихъё гээд гуйсан чинь “Яах юм бэ, миний хүүхдүүд. Банзан гитартайгаа л тоглочих” гэсэн. Тэгэхээр нь уриалгахан “За” гэж хэлснээ тайзан дээр гаруутаа томчуудын барьж тоглож байсан цахилгаан хөгжим дээр шууд тоглоод, дуулчихсан. Өмнө нь цахилгаан хөгжим дээр огт тоглож үзээгүй байсан шүү дээ” гэвэл дуу хөгжмийн багш Рэгзэн “Өө нээрээ тэгсэн шүү дээ. Цахилгаан хөгжмөөр хаана ингээд сайн тоглоод сурчихдаг билээ гээд бүр гайхаж орхисон шүү” гэсэн юм. Бас Н.Адьяабат, Л.Од, Э.Батсайхан, Ч.Ганболд, Д.Нямбилэг нар үлээвэр хөгжим тоглодог байж.Тэдний үлээвэр хөгжмийн багш нь хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч Долгорын Сандагсүрэн агсан юм байна. Эд Сандгаа багшийгаа энэ өдөр ихэд үгүйлцгээх аж. Д.Сандагсүрэн багшийн шавь болсноор тэд хөгжмийг жинхэнэ мэргэжлийн талаас нь суралцдаг байж. Тиймдээ ч өнөөдөр тэдний бүх үйл хөдлөл дуу хөгжим наргиан цэнгээн бүгд л мэргэжлийн өндөр зэрэгтэй зохион байгуулагдаж байлаа. “Хүүхэд ахуйдаа Соёлын төв өргөөнөөс бусад тайзан дээр гарлаа. Тэр бүү хэл төрийн ордонд хүртэл урилгаар тоглож байсансан. Яагаад гэвэл биднийг хүүхэд ахуйд Соёлын төв өргөө баригдаагүй байсан юм” хэмээн Л.Од өгүүлэв.

Эдний ангийнхан сургуулийн урлагийн заалны хөшгийг өөрсдийн санаачилгаар байнга угаадаг байж. Дунд ангид байхдаа хөшгөө угаахаар бөөнөөрөө дунд гол дээр очоод, тэндээ өдөржин тоглоно. Гэтэл нэг удаа хөшгөө угаахаар авч яваад гол дээр мартчихаж. Ангийн багшаас нь захирал хөшгөө “нэхэж”. Багш нь гэртээ утастай ганц хоёр хүүхдийнх рүү залгатал гэрийнхэн нь ирээгүй байна гээд байдаг. Нар жаргахын алдад тэд гэртээ ирцгээж, багш нь утсаар холбогджээ. Гэтэл тэд хөшгөө гол дээр мартсанаа санаад дунд гол руу, тоглож байсан газар руугаа гүйцгээж гэнэ. Азаар цагаан торонд ороогоод тавьсан хөшгийг нь хог гэж андуурсан уу, эзэн нь ойр байгаа байх гэж эндүүрсэн үү, байрандаа бахь байдгаараа байжээ. Бас дунд ангид байхдаа хавар шалгалтдаа бэлтгэнэ гэж эцэг эхдээ хэлээд гэрээсээ эртлэн гарна. Билетээ уншилгүй өдөржин тоглож байгаад харьцгаадаг байсан тухайгаа мөн тэд дурсацгаана. Баттулга “Ахлах ангид ороод бол шалгалтдаа жинхэнэ утгаараа бэлтддэг болсон” гэвэл бусад нь толгой дохицгоов. Элдэв уралдаан тэмцээнд түрүүлж, сургуулийнхаа биеийн тамирын зааланд тоглох эрхээр шагнуулдаг байсан нь тэдний хувьд хамгийн том бэлэг байжээ.

Наадмын өмнөхөн 30 жилийн ойг зохион байгуулах комиссын дарга Н.Адьяабат Алтангадас одонгоор энгэрээ мялаасанд ангийнхан нь ихэд бэлгэшээж байлаа. Учир нь түүний нэр ангийн журналын хамгийн эхэнд байдаг аж. Тэрээр гавьяат барилгачин эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Н.Эрдэнэтуяа “Журналын нэрсийн хамгийн эхний хүүхэд маань Алтангадас одонгоор шагнуулсан юм чинь удахгүй өөр хэн нэгний маань хийж бүтээснийг төрөөс өндрөөр үнэлэх болов уу” гэж байлаа.

М.Ууган-Эрдэнэ

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *