Categories
мэдээ нийгэм

Даншиг наадам наймдугаар сарын 8-нд эхэлнэ

Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн, Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран ирэх наймдугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Хүй долоон худагт тэмдэглэхээр болжээ.

Энэ үеэр 1922 оноос хойш Хүй долоо худагт залраагүй Очирваань бурхныг тахих, залах ёслол үйлдэх аж. Очирваань бурхан нь Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг даасан сахиус бурхан юм. Түүнчлэн Даншиг наадмын үеэр Хүрээ цамын ёслол үйлдэж, Юнескогийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх арга хэмжээтэй. Мөн наадмын үеэр буюу наймдугаар сарын наймны өдрийн 08.00 цагт Чингисийн талбайд 1000 лам сүсэгтэн олонд зориулж, ном хурах гэнэ.

Харин хурдан морины уралдааныг цомхон зохион байгуулж, азарга, их нас, соёолон гэсэн гурван насны морь уралдуулах аж. эрлийз морьдыг уралдуулахгүй гэнэ. Түүнчлэн 256 бөх барилдуулахаар төлөвлөжээ. Наадамд зодоглох бөхчүүдийг цол харгалзалгүйгээр буюу сугалаагаар барилдуулахаар заасан байна. Ингээд энэ наадмаас начин, заан, арслан цолыг шинээр олгож, дараа жилийн даншигт зөвхөн тус наадмаас авсан цолны эрэмбээр бөхчүүд ам авч барилдах юм байна. Ингэж даншиг наадмын барилдаанаар бөхчүүдэд цол олгож буй нь тасалдсан түүхэн уламжлалаа сэргээх зорилготойг нийслэлийн удирдлагууд болон шашны байгууллагынхан онцлов.

Наадмын үеэр Сарьдагийн хийдийн олдвор, музейд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн үзэсгэлэнг Хүй долоо худагт гаргахаар болжээ. Мөн хамгийн амттай айрагтай аймаг, сумдыг шалгаруулах аж. Харин даншиг наадмын бөх, морь, сур, шагайны бай шагнал нь улсын баяр наадмынхтай адил байх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *