Categories
мэдээ цаг-үе

Сорхугтани

Сорхугтани бол Чингис хааны отгон хүү Тулуйн хатан. Найман зууны тэртээ Сорхугтани хатан зовлон жаргал, алдар нэр, атаа хорсол дундуур амьдралын жолоогоо хатан ухаанаараа зөв залж явсан бодит түүхийг зохиолч Б.Сарантуяа уран зохиолын хэлнээ яруу тодоор буулгажээ. Энэхүү роман бол их эзэн Чингис хааны үеэс Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жилийн хугацаан дахь эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон давхар харуулснаараа онцлог болжээ. Төрийн хэргийг хаан хүн эрхлэх боловч, хааны унтсаныг сэрээж, умартсаныг сануулах ажил бол хатдын үүрэг. Өнөө цагт ч гэсэн айл гэрийн ноён нурууг эр хүн авч явах боловч, түүнийг зөв тийш залж чиглүүлэхийг эхнэр хүн, айл гэрийн эзэгтэй хүлээдэг.

Хэрэйдийн Ванхан Тоорилын төрсөн дүү Жаха Хамбугийн охид болох Ибага, Сорхугтани нар эцэг эх болон ах дүү нарынхаа амийг хэлтрүүлэхийн тулд Чингис хааны татвар эм болохоор их хааны орд өргөөг зорино. Тал нутгийн ухаан цэцэн цэлмэг, зүс царай сайт охидыг эзэн хаан таалж эгчийг нь өөрийн татвар эм болгон авч харин дүү Сорхугтанийг бага хүү Тулуйн эхнэр болгожээ. Энэ цагаас хойш Сорхугтани өөрийн эрдэм мэдлэг, холч ухаанаар шагшигдан эзэн хаанд үнэлэгдэнэ. Тэр ч бүү хэл түүнийг Сорхугтани бэхи хэмээн хүндлэн нэрийдэх болжээ. Балчир насандаа анхлан зүүдэлж байсан дөрвөн алтан шумуул шунгиналдан нисэж хамар амаар нь орж тэсэхүйеэ бэрх болгон сэрээдэг тухай зүүдийг нь Өүлэн эх дөрвөн хүүтэй болохын бэлгэдэл хэмээн тайлж өгдөг. Тэр ч ёсоор Сорхугтани хатан Мөнх, Хубилай, Аригбөх, Хүлэгү гэх дөрвөн хүү төрүүлж, тэднийгээ өөрийн гараар өсгөн ухаан билиг, хүч чадлыг тэнцүүлэн хүмүүжүүлдэг. Тухайн цагт хааны их хатад хөхүүл ээжээр үр хүүхдээ өсгүүлдэг байсан бол Сорхугтани хатан үрсээ халуун сүүгээрээ амлуулан, хатан ухаанаараа з ал ан өсгөсөн нь үр хүүхдийнхээ төлөө гэх түүний холч ухаан, хожмын өдрийг бодсоны илрэл гэлтэй.

Их эзэн хааны орыг залгасан Өгөдэй хааны бие чилээрхэх үед Тулуй ахынхаа өмнөөс золио болон амиа өргөдөг. Тэр л үеэс өнчирч хоцорсон хөвгүүддээ хатан ээжийн элбэрэл хайрыг хаан эцгийнх нь сургаалийн хамт биеийн хүч, ухааны цараа харамгүй хайрлан өсгөдөг. Тухайн үед алтан ургийн хан хөвгүүд эд мөнгөөр дутахгүй, торго дурданд хөлбөрч өсдөг байсан бол харин хатны хөвгүүд эхийгээ даган эрдэм мэдлэгт шамдан суралцаж, эгэл боргил ардын амьдралаар амьдарч амьдралын хатуу хөтүүг биеэр мэдэрдэг. Хожмын өдөр амьдралын үнэнтэй нүүр тулах үед туулсан амьдрал, үзсэн зовлон нь сургамж болно гэсэн Сорхугтани хатны таамаг үнэнээс хол зөрсөнгүй. Тийм ч учраас тэдний хөвгүүд дундаас Их Монгол улсын тав дахь хаан Хубилай төрөн гарсан юм.

Сорхугтани хатан үгийн цаана үг дайж утга илэрхийлдэг ухаан билгээрээ их хаан, ихэс дээдсийн шийдвэрт ч нөлөөлж чаддаг байжээ. Энэ романд өгүүлэх хатны эрдэм мэдлэг, ухааныг энд дурдаж барахгүй. Сорхугтани бэхи хатныг дэлхий ертөнцийн эх гэж нэрлэж ч болохоор гэж зохиолч онцолжээ. Учир нь Колумб Америк тивийг нээгээгүй байхад энэ дэлхий бараг бүхэлдээ Сорхугтани болон түүний хөвгүүдийн мэдэлд очсон байв. Тухайн үед эрх мэдлийн төлөө бусад хатад хөвгүүдээ зөвхөн эзэн хаан суулгахын төлөө байсан бол харин Сорхугтани хатан хөвгүүддээ хүн байхын тухай заан сургадаг байжээ. “Хаан гэдэг зөвхөн захиран заахын нэр биш. Хүч чадлаар хүний сэтгэлийг нэг удаа тогтоон барьж болно. Эдийн чадлаар хоёр тогтоож болно. Харин ухааны чадлаар бүр мөсөн татаж чадна” хэмээгээд үр хүүхдэдээ ухаан билигтэй байхыг чухалчлан захидаг байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *