Categories
мэдээ цаг-үе

Дөчин гурван жил өнгөрсөн ч насан туршдаа нэг ангийнхан

Ховд аймгийн 10 жилийн сургуулийн 10б ангийг 1972 онд Ц.Норжмаа багшаар удирдуулан төгссөн нэг ангийн 33 сурагч 43 жилийн дараах ээлжит уулзалтыг Эрдэнэт хот, Орхон аймагт 2015 оны наймдугаар сард хийхээр шийдвэрлээд байна.

Энэ уулзалтыг тохиолдуулан Монгол орныхоо өнцөг булан бүрд амьдарч, ажиллаж яваа нэг ангийнхандаа “Өдрийн сонин”-оор дамжуулан баярын мэндчилгээ хүргэж, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

Хүмүүний орчлон дээр хүн биеийг олж төрөөд нэг анги, нэг сургуульд хамт суралцан, “А” үсэг, “Арвын тоо” зэрэг сурсан. “Манай ангийнхан” гэх нэгэн бүлд нэгдэн ижилдэж, үерхэн нөхөрлөж, хөгжин баясаж явсан хүүхэд ахуй цаг мөч хэзээ ч мартагдахгүй насан туршдаа “нэг ангийнхан” шүү дээ.

Миний бие 10 дугаар ангийг хамт төгссөн ангийнхныхаа тав таван жилийн дурсамж уулзалтад тогтмол оролцдог бөгөөд уулзалт бүр нэгийг бодогдуулж, ухаан санаа уярааж, энерги, сайхан мэдрэмжийг өгдөг. Олон жил уулзаагүй явсан хамгийн ойр их дотны хүмүүс (аав, ээж, ах дүүс)-ийг уулзуулах шиг болж баяр баясгалан, аз жаргалыг авчирдаг юм.

Алтан дэлхий тэнхлэгээ аргамжаатай морь шиг эргэсээр 43 жил өнгөрөхөд ангийн хүүхдүүдээс 11 нь ертөнцийн мөнх бусыг үзүүлж бидэнд хүнд гарз учирсан ч тэдний минь хань ижил, үр хүүхдүүд нь бидэнтэйгээ хамт явцгаанам.

Манай ангийнхан 10 дугаар ангиа төгссөнөөсөө хойш найман удаа уулзжээ. Тэр болгонд урилга, хөтөлбөр, төрөл бүрийн уралдаан тэмцээний удирдамжийг боловсруулан хүргүүлж бүгдийг оролцуулдаг сайхан уламжлалтай. Эдгээр уулзалтад алс хол Ховд аймагт ажиллаж, амьдардаг С.Коля, Б.Догмидмаа, Р.Сайнбилэг, Н.Бадамсүрэн, Г.Өлзийбат нар маань тогтмол ирж оролцдог. Уулзалтын үеэр зохион байгуулдаг төрөл бүрийн урлаг, спортын арга хэмжээнд бүгд идэвхтэй оролцож аваргаа тодруулдаг юм. Тодруулбал, биллиардны аваргаар Ж.Чойнямбуу, онигооны аваргаар Р.Сайнбилэг, шатрын аваргаар Н.Цэрэнчимэд, Д.Лхагва, даамны аваргаар Ц.Шагай, дууны аваргаар С.Коля, бүжгийн аваргаар Ж.Батцэцэг, теннисний аваргаар Н.Энэбиш, Ц.Алтанцэцэг мушкны аваргаар Б.Төмөрөө нар удаа дараа шалгаран “Уулзалтын аварга” медаль, өргөмжлөлийг гардаж байжээ. Энэ уулзалт уралдааныг Д.Дансал, Ц.Алтанцэцэг, Ж.Батцэцэг, Д.Өлзий-Орших, Н.Энэбиш, Н.Цэрэнчимэд, Д.Лхагва нар санаачлан маш сайхан дурсамжтай зохион байгуулдаг. Ангийн багш маань байнга оролцож бид бүхнийхээ баяр дээр баяр нэмж хөгжин баясгаж сургааль, зөвлөмжөө хайрладагт шавь нар чинь баярлаж танаараа бахархаж байна.

Манай ангийнхан сурлага, хүмүүжлээрээ тэргүүний, бие биедээ тусархаг, хамтач сэтгэлгээтэй хүүхдүүд байсныг он жил улиран өнгөрөх бүр улам тодруулан баталж байгааг дурсан бодоход үнэхээрийн бахархалтай байна.

Ашид мөнхөд гийгүүлэх ачит багш тандаа

Ангийн багш Ц.Норжмаа танд

Хүний орчлонгийн сайхан бүгдийг

Хүүхдүүд бидэндээ сургаж өгсөн

Хүндэт багш таныгаа би

Хэзээ хаана ч дурсаж явна

Аравдугаар ангийг дааж төгссөн

Амьдралын замд минь оруулж өгсөн

Ачтай буянтай багш минь та

Аз жаргалтай сайхан амьдарч яваа

Ном эрдмийн ач тусыг

Насан туршид минь ойлгуулж өгсөн

Нар шиг илчтэй багш таныгаа

Насан туршдаа хайрлаж явнаа

Тэр үеийн балчирхан хүүхдүүд

Тавь гарсан ахмадууд болжээ

Томоогүй явсан хүүхэд насаа

Тодхон нэг дурсан санацгаая

Өвөө эмээ бид болсон ч

Өнө мөнхөд нэг ангийнхан

Ангийн багш таны эрдэм

Ашид мөнхөд гийгүүлсээр явна

Улс эх орондоо ус агаар мэт хэрэгтэй анд минь

Ангийн найз Н.Энэбиш танд

Мөнх цаст Алтайн сүрлэг уулс шиг бид бүхэндээ түшигтэй

Мөнгөн давалгаа хайлан мяралзах тунгалаг Буянтынхаа ус шиг өгөөжтэй

Хүүхэд балчирхан наснаасаа хүн бүхэнд хүндлэгдсэн

Хүнлэг сайхан сэтгэлтэй ангийн минь хүүхэд та

Оросын Холбооны Улсад инженерийн мэргэжил эзэмшээд

Олон улсад танигдах эрдэмтэн доктор боллоо

Улс эх орондоо нарны зайн үйлдвэрийг

Ус, агаар шиг хэрэгтэй гэдгийг мэдэж байгуулаад

Даруухан дөлгөөн зангаараа дандаа биднийг үлгэрлэж

Даваажав гэдэг бүсгүйг ханиа болгож амьдраад

Тулгын гурван чулуу шиг гурван сайхан хүүхэдтэй

Туждаан хамт үерхэх бахархаж хайрламаар найз минь

Ард түмнийг анагаагч ангийн онц сурлагатан

Ангийн найз Д.Өлзий-Орших танд

Одонт Эрдэнээгийн удамт охин

Өндөр хөхийн мянгад бүсгүй

Олон төрлийн авьяасын эзэн

Өнгөлөг цоглог их эмч та

Аравдугаар ангид нэг ширээнд

Аз тааран хамт сууж

Үлгэр жишээ авч байсныг

Үнэлж хэлэхэд бахархалтай байна

Анагаах ухааны их сургуулийг

Амжилттай суралцаж “Онц” төгсгөөд

Ард түмнийхээ эрүүл энхийн манаанд

Амжилт дүүрэн ажиллаж явна та

Сурын спортын гарамгай мэргэн

Сурч боловсрохын суут мэргэн

Аливаа ажилд овсгоотой мэргэн

Аав ээжийн манлай охин та

Манай ангийн хүүхдүүд бүгд л алдар гавьяаны эзэд болж улс, эх орондоо их зүйл бүтээцгээсэн, бүгд сайхан хань ижил, үр хүүхдүүд, ач зээтэй болцгоож амьдралын жаргалыг эдэлж явцгаана. Эдгээрээс төлөөлөл болгон хэдэн хүүхдүүдийг нэрлэн хэлэхийг хүсэж байна.

Тодруулбал, шинжлэх ухааны эрдэмтэн доктор Ж.Энэбиш, Монгол Улсын Хүний гавьяат эмч С.Коля, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт М.Балжинням, Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонт Д.Лхагва, Н.Цэрэнчимэд, Д.Түмэннасан, Н.Энэбиш, Х.Ядам, Ж.Чойнямбуу болон ихэнх хүүхдүүд Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн байна.

Манай ангийн 33-аас ийм олон алдар гавьяатнууд төрж гарсан нь ангийн багш Ц.Норжмаагийн удирдлага, зохион байгуулалт өндөр, шавь нартаа ач буянаа хайрласны гавьяа мөн гэж бид бүгд бахархаж явна.

Манай ангийн хүүхдүүдээс 9, 10 дугаар ангид сурч байхдаа дангаараа волейбол, сагсны шигшээ баг гарч сургуулийн болон Ховд аймгийн аварга баг болж байлаа. Тодруулбал: Г.Өлзийбат, Б.Дансал, Ж.Баатарсайхан, С.Мишиг, Б.Төмөр, Ч.Золотой нар сагс, волейболын шигшээ баг, Ж.Чойнямбуу чөлөөт бөхийн, Ю.Бямбажав, М.Баасанжав, Б.Баттулга нар хол, ойрын зайн гүйлтийн аварга болж байлаа.

Урлаг, бүжиг, дуу, хөгжмөөр Ж.Батцэцэг, Б.Дарамбазар, С.Коля нар тэргүүлдэг, аймаг улсын математикийн олимпиадад Н.Энэбиш, Н.Цэрэнчимэд, Түмэннасан, Д.Лхагва нар шалгарч удаа дараа эхний байруудыг эзэлж байлаа. Манай ангиас ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зогсож тангараг өргөсөн их эмч С.Коля, Д.Өлзий-Орших, Ч.Золотой болон олон арван инженерүүд, ня-бо, эдийн засагч, багш, малын эмч нар, цэргийн дарга төрж гарсан билээ.

Манай ангийн 33 хүүхдийн ажил, амьдралын түүх, дурсамжийг тольдон харуулсан “Дурсамж дүүрэн он жилүүд” номыг эмхэтгэн гаргаж бид бүгдэд хүргүүлсэн Ц.Алтанцэцэг, Д.Лхагва, редактор Н.Энэбиш, Б.Дансал нартаа баяр хүргэж цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөж энэхүү дурсамжаа өндөрлөе.

Дурсамж бичсэн М.Балжинням

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *