Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хонхны дуу”-нд хонзогнож байгаа мэт социализмын үеийг санагдуулсан нээлт боллоо

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадам дууслаа. Арслантай, харцагатай, начинтай наадмын сонин сайхныг зон олон ам дамжуулан ярьж байна. Бөх нь хүчтэй, морь нь хурдтай, харваачид нь мэргэн байсан монгол наадмын нээлт олны сэтгэлд нийцсэнгүй. Өнгөрсөн жилийн наадмын нээлтийг төрийн соёрхолт Д.Сосорбарам найруулж “Хонхны дуу”-г эгшиглүүлсэн. Ардчиллын салхийг Төв цэнгэлдэх хүрээлэнд нэгэнтээ сэвэлзүүлсэн “Хонхны дуу”-нд хонзогнож байгаа мэт социализмын үеийг санагдуулсан нээлт энэ жил боллоо. Социализмын үед яадаг байсан бэ гэхээр яг энэ жилийн наадмын нээлт шиг дунд сургуулийн хүүхдүүд улаан, хөх өнгийн туг бариад гимнастик хийдэг байв. Тэдний араас гарч ирсэн зургаан талт саравчтай малгай, мөрөвчтэй өмд өмсөн бүжиглэх хүүхдүүд хуучин нийгмийн ажилчин ангийг эрхгүй санагдуулж байна лээ. Тухайн үед залуус яг ингэж хувцаслаад сангийн аж ахуй, гутлын үйлдвэрт ажилладаг байсан. 1990 оноос өмнөх Улаанбаатарын амьдралыг өнөөдрийнхтэй харьцуулбал бид диваажинд амьдарч байгаа. Дуртай дэлгүүр рүүгээ ороод хүссэнээ худалдан авч байна. Хэн дуртай нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг эрх чөлөө ханхалсан нийгэмд амьдарч байгаа. Аль ч намын, ямар ч даргаас эмээлгүйгээр эрх дураараа амьдрах ардчилсан нийгэмд аж төрж байна. Амьдрал ийм гоё байхад амбасын үеийн хуучин машин гаргаж ирдэг нь ямар учиртай юм бэ. Техник, технологийн эрин зуунд хамгийн сүүлийн үеийн машинаар өрсөлдөж бусдадаа гайхуулдаг. Хуучин машин сонирхуулах гэж байгаа бол “Форд”, “Порше”-гийн анхны загвараар олны нүдийг хужирладаг юм. Түүнээс биш малчин айлын гадаа хэвтэж байдаг “УАЗ-469”, “Волга”-г сонирхохгүй. Эсвэл эдгээр машины үед амьдрал гоё байсан гэх гээд байгаа юм уу. Найруулагч дээрх санаагаар яг ямар утга илэрхийлэх гээд байгааг ойлгосонгүй.

Өрнөл хэсэгт мөн л хэдэн сурагч гаргаж ирээд бөмбөрийн тоглолт үзүүлнэ лээ. Аагим халуунд хүзүүнээсээ тэр том бөмбөр зүүсэн хүүхдүүдийг талбайн төвөөр ааг амьсгаагүй гүйлгэж байгаад тоглуулсан. Солонгосчууд л цагаан сар, ургацын баяр зэрэг хамгийн том баяраараа бөмбөр нүдэн хөгжилддөг. Монголчууд гэнэтхэн бөмбөр нүдээд эхэлсэн нь наадмын нээлтийн арга хэмжээнд зөвлөхөөр ирсэн солонгос найруулагчтай холбоотой байх. Монгол наадмын нээлтийн арга хэмжээн дээр зөвлөгөө өгнө үү гэж солонгос хүн урьж авчирсан юм билээ. Тэр найруулагчийн сэдлээр Төв цэнгэлдэх хүрээлэнд бөмбөрийн дуу нижигнэжээ. Соц үеийн амьдралыг тольдон харсны дараа ингэж бөмбөр нүдэх нь яг л хойд Солонгост байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Тэндхийн баярууд л манай наадмын нээлт шиг болдог байх. Гэтэл бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа орчин үеийн хүмүүс. Ардчилсан нийгэмд төрж, өссөн залуустай улс. Манай залуучууд гадны аль ч улс үндэстнээс дутахгүй мэдлэгтэй, боловсролтой, соёлтой болсон. Тэдэнд хуучин нийгмийн биш, шинэ үеийн наадмын нээлт үзүүлэх хэрэгтэй байлаа. Уг нь төрийн наадмын нээлтийн арга хэмжээ монгол хүний омогшлыг төрүүлж байх ёстой. Үндэсний ёс заншил, өв соёл, ардын урлагаараа түмэн олноо баясуулан цэнгүүлж баяр, бахдлыг нь төрүүлэх байв. Гэтэл энэ жилийн наадмын нээлт монгол хүн гэдгээрээ бахархах бүү хэл хуучин нийгмийн үнэр ханхлуулчихлаа. Наадмын нээлтийг бид төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гадныхан үзэж, олон улсад нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд дамжуулсан. Тэд хараад юу гэж ойлгох вэ. Монгол Улс өнөөдрийг хүртэл социалист нийгмээсээ салаагүй юм байна гэж дэлхий нийтэд цацах нь байна. Тэгэхээр Монгол Улсыг ийм маягаар олон улсад сурталчлан таниулахаа больё.

Монгол хүн болж төрснөөрөө омогшиж бахархах төрт ёсны их баяр наадмыг хойшдоо ингэж хийдгээ болимоор байна. Он удаан жилийн түүхийн хуудсыг орчин үетэй хослуулж чадах шинэ, залуу найруулагчаар нээлтийн арга хэмжээг удирдуулъя. Залуус шинэлэг санаа, хөг найруулгатай наадмын нээлтэд ухаан бодлоо уралдуулах хэрэгтэй. Бүр найруулагч нарын дунд хэдэн сарын өмнөөс уралдаан зарлахад болохгүй гэх зүйлгүй. Үзэгч олны сэтгэлд хоногших тийм сайхан нээлтийн хөтөлбөрийн уралдаан зарлаад түрүүлсэн найруулагчаар удирдуулж болно. Төрийн наадмын найруулагчаар ажиллах эрх авахын тулд уран бүтээлчид оюун ухаан, уран сэтгэмжээрээ өрсөлдөг. Олон хүний дундаас шалгарч гарч ирсэн шилдэг найруулагчийг алдаршуулахын зэрэгцээ өндөр шагнал өгч болно. Заавал мөнгө төгрөг гэхгүйгээр урамшуулж болно шүү дээ. Гадаадын аль нэг улсад эх орноо сурталчлах өдөрлөгийн үеэр өөрийн найруулсан жүжгээ тавих эрх өгвөл уран бүтээлчид баярлах нь гарцаагүй. Тэртэй тэргүй гадны улсад болж буй Монголын өдөрлөгийн үеэр урлаг, соёлын баахан арга хэмжээ болдог. Тэнд оролцох уран бүтээлчдийг төсвийн мөнгөөр авч явдаг юм чинь болохгүй гэх зүйлгүй. Бүр эсвэл улсын мэдэлд байдаг заал, танхимд тоглолтоо зохион байгуулах эрх олгож болно. Найруулагч нарын дунд тодорхой хэмжээний өрсөлдөөн бий болгож тэндээс шалгарсан шилдгүүдээр монгол наадмын нээлтийн арга хэмжээг удирдуулдаг болох хэрэгтэй. Харин шалгарсан найруулагчийн зөвлөхөөр олон жилийн туршлагатай хашрууд ажиллахдаа дургүйцэхгүй болов уу. Ингэж төрт ёсны их баяр наадмын өнгийг тодорхойлох нээлтийн арга хэмжээг шинэчлэхгүй бол хүн үзэх юмгүй болох нь байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *