Categories
мэдээ нийгэм

“Алдар”-ын тамирчдад хүндэтгэл үзүүлнэ

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр Үндэсний их баяр наадамд амжилттай оролцсон Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны бөх, сур харваачдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэхээр болжээ.

Ардын хувьсгалын 94 жилийн ой баяр наадмаар “Алдар” спорт хорооныхон улсын харцага, хоёр улсын начин цолтноор бүл нэмснээс гадна сурын харваанд Монгол Улсын мэргэн, Монгол Улсын хошой мэргэн цолтонтой болсон юм. Тодруулбал, 512 хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт үлдсэн дөрвөн хүчтэний гурав нь Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид байв. Ингэхдээ нэг улсын харцага, хоёр улсын начинтай болж, улсын арслан П.Бүрэнтөгс маань цолоо бататган 512 бөхөөс үзүүр, түрүүнд үлдсэн амжилттай наадсан юм.

нэ наадмын түрүү бөхөөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Аварга” биеийн тамирын дээд сургууль, “Хангарьд” спорт хорооны бөх Э.Оюунболд тодорч Монгол Улсын арслан цол хүртсэн. Харин Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэсэн.

Мөн зургаа давсан Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээний бөх Б.Одгэрэл Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харцага цол хүртлээ. Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх Ч.Ганзориг, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат “Алдар” спорт хороо, “Хур харцага” дэвжээний бөх Э.Даш нар Монгол Улсын начин цолтон боллоо. Мөн Дархан-Уул, Завхан, Баян-Өлгий аймгийн наадмуудын хүчит бөхийн барилдаанд “Алдар” спорт хорооны тамирчид түрүүлсэн байна.

Харин Үндэсний баяр наадмын сурын харвааны тэмцээнд “Алдар” спорт хорооны тамирчин Б.Батбаатар 40 сумнаас 35 онож түрүүлэн Монгол Улсын мэргэн цол хүртсэн билээ.

Харин эмэгтэй харваачдаас 40 сумнаас 36 сум онож түрүүлсэн “Алдар” спорт хорооны харваач С.Энхтунгалагт Монгол Улсын хошой мэргэн цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус тус олгов. Тэд нэг гэр бүлийн хоёр юм. Энэ жилийн үндэсний сурын харвааны тэмцээнийг ийнхүү нэг гэр бүлийн хоёр тэргүүлсэн нь наадмын нэг сонин болов. Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны даргаар Монгол Улсын дархан аварга, хурандаа Г.Өсөхбаяр ажилладаг билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *