Categories
мэдээ цаг-үе

Тэр жил шарга үрээгээ унаад түрүүлэх дөхөж билээ

“Өдрийн сонин”-нд хэвлэгдэж байсан “Тэр жил шарга үрээгээ унаад түрүүлэх дөхөж билээ” нийтлэлийг хүргэж байна. Энэ бол манай сонин үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гаргадаг наадмын тухай олон сайхан нийтлэл, тэмдэглэл, дурсамжийн нэг юм.

1998 оны зун амралтаараа хөдөө гэртээ очлоо. Тэгэхэд би Өвөрхангай аймгийн Сант сумын арван жилийн сургуулийн тавдугаар ангийг төгсөөд байсан үе. Тэр жил цаг эрт тавьж, ногоо амссанмал хөллөж, бүр үс, хөөврөө хаяад эхэлчихсэн байв. Одоо бодоход тавдугаар сар шувтарч байсан санагдана. Хөдөөний хүүхдүүдийн хийх ажил мундах биш. Хонь мал хариулж, худаг усаа янзалж, эцэг эхдээ тусалж байсаар арав гаруй хонов. Зургадугаар сар ч гарлаа. Хаврын тарчиг цагийг ардаа орхисон малчид зуны эхэн, дунд сарын тэр өдрүүдэд л нэг амарч, жинхэнэ налайж суудагсан. Ийм л өдрүүд үргэлжилж наадам ойртсоор байлаа. Гэтэл яг миний зулайг гишгэж төрсөн ах Энхтөр өнөө жил морь уяна гээд л ярьж эхэллээ дээ. Аав тэг ч гэсэнгүй, бас хориглосон ч үгүй. Өдөр судар харж хүлээсээр зургадугаар сарын аравдаар морь барьдаг бар дөр таарчээ. Тухайн үед манайх “хуушуур” Даш гэдэг хүнээс сумандаа долоо түрүүлсэн хөгшин хүрэн азаргыг нь аваад дөрвөн жил болж байсан юм. Тэр хурдан буяны төл гээд шаггүй ухасхийчихдэг хэд хэдэн үрээ байв. Тэр үрээн үүдээс нэгийг сойх нь ойлгомжтой. Аав бас ч үгүй залуу халуун асандаа сумынхаа наадамд нэгдлийн морь уяж уралдуулдаг моринд нүдтэй нэгэн байв. Тэгээд хурдан хүрэн азарганы анхны төл халтар шарга үрээг барьж авлаа. Ах хүүгийн морь уях гэж юу байхав. Аавын хий гэснийг нь л хийнэ. Тарла гэвэл тарлана. Хөлс ав гэвэл хөлслөнө.

Тиймэрхүү байдлаар шарга үрээгээ уяж сойсоор нэг л мэдэхэд долдугаар сарын арван болжээ. Тэр жил Сант сум наадмаа долдугаар сарын 10, 11-нд хийсэн юм. Хязаалан нас 11-нд уралдана. Тиймд бид морио хөтлөөд нутгийн залуустай 10-ны өглөө сумын төв рүү хөдөллөө. Манайх сумын төвөөс 30 гаруй км. Өдрийн хагас яваад л орчихно. Сумын төв рүү орж иртэл наадам эхэлчихэж. Өнгө өнгийн дээл өмсөж, адууныхаа сор болсон морьдыг насан хүмүүс энэ тэрүүгээр давхиад л ид бужигнаж байна. Азарга давхиад ирчихэж. Түрүүг нь Дундговь аймгийн Майхан-Овоо сумын хэвлүү Ойдов гэх уяачийн хар азарга авсан бололтой дуулдав. Бид ч өөрсдийнхөө уяаны морьдод анхаарал тавиад тэр энийг ч нэг их сонирхсонгүй. Ингээд 11-ний өдөр болж бидний ажил жинхэнэ эхэллээ дээ. Хоол хош нь таарсан болов уу. Яаж давхих бол. Хэний үрээ өнгөтэй байна гээд л яриа их. Би ч бас шарга үрээндээ багазэрэг горьдлого тавьсаар.Ийн манай багаас арав гаруй, сумын хэмжээнд 60 орчим хязаалан мордсон байдаг юм. Хурдны морьдоо бүртгүүлж, шүдлүүлээд зогсож байтал, морины комиссын машины цаана манайхан зодолдоод явчихлаа. Уг нь хамт явсан хэд маань архи тамхи хэрэглээгүй, түрүүхэн л биесээрээ тоглож наадаад л явсан хүмүүс. Гэнэт зодолдож эхлэхэд нь хэн ч гайхна биз дээ. Би юу гэж дутахав, чавхдаад л очлоо. Зодолдож буй ах нарын наахна нэг сангийн бойпор хэвтэж байна. Мөнх-Эрдэнэ гэх залуу л бөөн уур байгаа бололтой. Энд юу болсон гэхээр бидэн дунд нутгийн нэг номтой ламын хүү Мөнх-Эрдэнэ хамт явсан юм. Мөнх-Эрдэнийг наадмын зүг морио хөтлөөд гарахад лам аав нь утлага, ариутгалын арц, рашаан өгч л дээ. Тэгээд мань нөхөр бусдаасаа нууж буурал үрээгээ арцаараа утаж байсан бололтой юм. Түүнийг нь манай ах харчихаад сэм очин тохой руу нь ёворчихож. Гэтэл нөгөө утлага, арц мориных нь хамар ам руу орж, үргэж, зулраад алдуурах шахжээ. Тэгээд л биенийхээ тоглоом нь шоглоом болоод хоорондоо зодолдсон хэрэг. Гарааны зүг явахад ангийн хоёр гурван ч хүүхэд хамт явж таарав. нэг нь эмэгтэй. Лхагваагийн Цэрмаа 4 гэдэг охин. Нөгөө хоёр нь Өлзийбаяр, Гансүх нар. Тэд биеэр жижиг учир долдугаар анги төгстөлөө морь унасан даа. Хөдөө сумын наадамд ихэнх хүүхэд морио зайдан унана. Учир нь олон ил морь унасан хүүхдүүд эмээлтэй хүүхдийн хажуугаар гүүгэлж орохдоо жирмийг нь татаж олмыг нь султгах аюултай. лон ч хүүхэд энэ мэт халдлагад өртөн, унаж гэмтсэн дээ. Түүнээс гадна урт ташууртай хүүхдээс мөн л болгоомжлохг үй бол болохгүй. Жаахан л ойртох аваас өөрийнхөө морийг гуядаж байгаа мэтээр элдэвлэж морины толгой, хүүхдийн биеийг гүвдрүүттэл ороолгож орхино. Ингэж ороолгуулсан хүүхэд болоод морины зүрх нь үхчихдэг юм билээ. Гарааны зүг явахдаа бид дөрөв ч нэг иймэрхүүг ярьж, бага гэлтгүй хор найруулж явлаа. Ингэж тохиров. Хоёр, хоёроороо баруун зүүн жигүүрээс нь гарна. Тэгээд гадны сумдын хэд хэдэн морьтой ээлжилж холбож уралдан тэднийг суулгах зорилготой. Тэгээд эмээлтэй уралдаж байгаа болоод ойртож ирсэн хүүхдийг дээрхийн ижил аргаар хашраана. Тэгсэн цагт бид дөрөв түрүүлэхгүй юм аа гэхэд эхний аравт очих учиртай. Ийн гангар гунгар хийж бид дөрөв гарааны зүг бусдыгаа хошуучлан зөөлхөн цогиулсаар. Гарааны зурхай хараахан хүрээгүй байтал морьд ч эргэлээ. Нөгөө гадны сумын хүүхдүүд гэнэт гүүглэн эргэсэн юм байх. Бид дөрөв ч яахаа мэдэхээ больчихов. Тэдэнтэй уралдвал барианы зурхай дээр очиход барихгүй. Тэндээ зогсоод байвал хоцрох аюул бий. Энэ үед морь дагаж явсан хүмүүс эргэсэн морьдыг тогтоож чадалгүй хийн буугаа дуугаргаж орхив бололтой. Бид дөрөв нэлээд хойно зогсоод байдаг. Эргэсэн морьд хуйлран давхиж, бөөн тоос хадаасаар. Бид ч уралдахаас өөр аргагүй болсон учир ухасхийв. Нөгөө найруулсан хор ч өнгөрөв бололтой. Гэхдээ ярьснаараа баруун зүүн хоёр жигүүрээр салж давхилаа. Манай шарга үрээ гараа сайтай, хөлийн хурд их. Тиймд ангийнхаа Цэрмаа охиныг орхиод урагш зүтгүүлэв. Эхний ээлжинд морьдын цээжинд гарах ёстой. Цээжинд нь гараад ирвэл нөгөө найруулсан хороо ганцаараа байсан ч хийж чадна. Ганц аюултай зүйл нь гэвэл бусад морьдтой холбож уралдвал миний морь амархан суух магадлал өндөр. Эргэж харлаа Цэрмаа алга. Зүүн жигүүрт ч нөгөө хоёр бас байдаггүй. Хэсэг зүтгүүллээ. Хэд хэдэн морь барьж ардаа орхив. Гэхдээ цээжинд гарах яагаа ч үгүй. Давхих газар тун хол. Уг нь би урагшлаад л байгаа юм. Хэд хэдээр нь барьж ардаа орхисоор. Зарим нэг холбож уралдах гээд байгаа долоо, найм орчим насны хүүхдүүдийг ахын зангараг гаргаж хол давхи гэж загнасаар. Ингээд багцаагаар арав гаруй км явлаа. Сумын урд талын Шар ухаа ч нэлээд ойртоод ирж. Урдаа яваа морьдыг тоолбол арав орчим л юм харагдана. Тэр дунд азарга нь түрүүлээд байгаа хэвлүү Ойдовын зээрд үрээ байна. Мөн манай багийн тавалгаа Болдын хүрэн үрээ танихаас байгаа бололтой. Тэр үрээг Энхжаргалгээд манай хамаатны хүүхэд унаж байсан юм. Түүн рүү дөхөхийг бодлоо. Араас нь гүүглээд орохоор эргэж харалгүй урагшлачихаад болдоггүй. Тиймд чимээгүйхэн дөхлөө. Мориных нь сүүлийг дэрлүүлж байгаад Энкээрэй гээд хашхирч орхитол эргэж хараад муухан инээж байна аа. Бараг л гуйж байж зэрэгцэж

очив. Урд арваад морь пижигнээд байдаг. Бариа ортол бараг л арваад км үлдсэн. Тэгээд л нөгөөдэхтэйгээ ярилаа. Түрүүнд ангийнхантайгаа хэлэлцсэн зүйлээ бүгдийг нь хэллээ. Нөгөөх чинь зөвшөөрч байна. Урд найман морь байна, тав нь манай сумынх, үлдсэн нь Дундговийн Сайхан-Овоо, Өвөрхангайн Баян-Өндөр сумынх. Тэгэхээр хоёулаа түрүүлдэггүй юм аа гэхэд гадны гурван морийг л суулгая гэж тохирлоо. Тэгээд нөгөө хүүхдээ урагш нь зүтгүүллээ. Би ард нь айлын хэртэй дагаастай. Нөгөөх маань ч ганц нэг морьдыг идэж урагшилсаар. Би гэдэг хүн нөгөө хэдийг нь гүйцэж нутгийн хүүхэд бол юм ярьж Шар-Ухаа өнгөртөл тааваараа цогиул гэж зөвлөж байгаа юм. Харин гадны сумын хүүхэд таарвал нэг, хоёр ташуурдчихаад л урагшлаад байв.

Шар-Ухааг ч даваад ороод ирлээ. Эндээс сумын төв харагддаг юм. Бариа хүртэл нийт найман км л үлдсэн гэсэн үг. Яг урд дөрвөн морь давхиад байдаг. Харвал хэвлүү Ойдовын зээрд, тавлагаа Болдын хүрэн үрээ. Нөгөө хоёр нь мөн л бараан зүсмийн морьд байв. Хоёрыг нь гүйцэж очлоо. Нэг нь дотуур байранд суудаг Дарам гэх хүүхэд. Нөгөөхийг нь таньж амжсангүй. Урд байгаа хоёр хойно урдаа орж уралдсаар. Би араас нь бага багаар дөхсөөр байв. Дахиад хэсэг давхитал зэрэгцээд ирлээ. Манай хамаатны хүүхэд ч морио амрааж байгаа бололтой, амыг нь хэсэг татлаа. Гэтэл нөгөө хэвлүү Ойдовын зээрд үрээг унаж буй хүүхэд ч мориныхоо амыг мөн татав бололтой. Би гэдэг хүн урагшаа сугараад гараад явчих нь тэр. Бор хошуу тойроод эргээд хартал нөгөө хоёр саахалтын хэртэй хойно явна. Бариа хүртэл дөрөв, таван л км.

Би ч өөртөө урамшлаа. Баараггүй түрүүлсэн гэж итгэж эхэллээ. Бүр бай шагналыг нь төсөөлж үзлээ. Юу өгөх бол гэж бодсоор. Хэрвээ энэ эрчээрээ түрүүлчихвэл асарт орж цоллуулна гэхээс сэтгэл тогтож өгдөггүй. Ерөөсөө л аль хэдийнэ түрүүлчихсэн юм шиг тэр цоллуулж байгаа, бай шагналыг нь авч байгаагаа төсөөлсөөр. Гэхдээ түрүүлээд оччихвол солгой хоолойтой, олигтой гийнгоолж чадахгүй яана аа гэж бас бодоод амжив. Гэтэл арын хоёр дөхөөд иржээ. Би шарга үрээгээ ороолгосон ч нэг л урагшилж өгдөггүй. Сууж буй бололтой. Нөгөө хоёр ч зэрэгцэж ирэн давхилдлаа. Бид гурав ч хоорондоо ташуурдалцсаар явтал замд гэнэт хөндлөн шуудуу таарчээ. Хэвлүү Ойдов гуайн хүүхэд ч морио зог тусахад нь унаад өглөө. Тавалгаа Болдын хүрэн үрээ зүгээр харайгаад гарчихаж. Харин би тэр харайлтнаас болоод морьныхоо буруу тал руу хазайчихлаа. Дэлнээс нь зуурчихаад л давхиад байдаг. Миний унжсан тал руу морь эргэж барианы зүг биш зүүн зүгийг барин давхилаа. Дэлнээс нь татаад дээшээ гарч чаддаггүй. Яг унадгийн даваан дээр хазаарын жолоо морины урд хөлд орооцолдож ашгүй нэг юм зогслоо. Гялс бууж жолоо, цулбуураа янзалж дахин мордох гэсээр байтал хэд хэдэн морь давхиад өнгөрчээ. Би ч барианы зүг ухасхийлээ. Шарга үрээ маань ч сульдаж сууж эхэлсэн байв. Ийн цогиулсаар барианы зурхай дээр хүрэхэд миний өмнө хэдүйн 13 морь оржээ. Тэр жил манай суманд зургаан нас уралдсанаас нэг түрүүг нь л нутгийн уяач авч байсан. Тэр нь тавалгаа Болд буюу манай хамаатны хүүхдийн унаж уралдсан хүрэн үрээ. Хэрвээ би ингэж уралдаагүй бол манай сум зургаан насныхаа түрүүг бүгдийг нь гадныханд алдах магадлал тун их байсан шүү. Нэр нь дурдагдаад байгаа Сайхан-Овоо сумын уяач хэвлүү Ойдов гэх хүн л гэхэд гурван түрүү аваад буцаж байсан юм. Энэ бол миний уралдсан хамгийн сүүлчийн наадам байж дээ. Тэр жилээс хойш морь унахад дэнхийгээд томддог болсон учир наадмаа үзэж л баярладаг болсон доо. Би долоон настайгаасаа эхлээд тавдугаар ангиа төгстөл ийн морь унаж уралдсан байдаг юм. Тэдгээр уралдаануудаас сэтгэлд хамгийн тод үлдсэн нь энэ уралдаан юм уу даа.

Л.МӨНХТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *