Үндэсний бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна. Улсын начин Батзаяа Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат аймгийн арслан Э.Ванданцэрэнг амаллаа. Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат аймгийн арслан Еркебулан улсын начин Нямсүрэнгээр гурав давсан бол Увс аймгийн Тэс сумын харьяат улсын начин Төрөөгийн Баасанхүү аймгийн арслан Алтаншагайг мордож дараад гурав давав. Энэ жил улсын цолонд хүрнэ гэж тааварт яригдаж байсан аймгийн хурц арслан Нэгдэлийн Жаргалбаяр аймгийн арслан Б.Анарт өвдөг шороодлоо. Тэгвэл дөнгөж сая Булган аймгийн Могод сумын харьяат улсын начин Эрдэнэбилэгийн Энхбат ноднин начин цолны болзол хангасан ч сэргээш хэрэглэсний улмаас улсын цолоо хураалгасан Архангай аймгийн харьяат аймгийн арслан Н.Адьяабатаар мөн гурав даваад байна. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин улсын начин Ж.Чулуунбат мөн чөлөөтийн шигшээ багийн тамирчин аймгийн арслан Э.Хүдэрбулгаар гурав давлаа.