Categories
мэдээ нийгэм

Ө.Пүрэвбаатарын загал үрээ түрүүллээ

Өнөө жилийн хурдан морины хязаалан насны уралдаанд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул алдарт уяач Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатарын загал үрээ түрүүллээ. Загал үрээ ноднин аман хүзүүдэж байсан хурдан хүлэг гэдгээр нь наадамчин олон андахгүй. Аман хүзүүнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат П.Одонбаатарын халиун, айргийн гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Б.Алтан-Очирын сартай хүрэн, дөрөвт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Б.Бадраагийн хонгор халзан хурдөлсөн бол айргийн тавд Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат аймгийн алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзан тус тус тоосоо өргөж наадамчин олныг баясгалаа.

Хязаалан насанд түрүүлсэн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатарын сэтгэгдлийг хуваалцлаа.


Ө.ПҮРЭВБААТАР: БУЯНТ ХҮЛГИЙНХЭЭ БУЯНААР ТӨРИЙН НААДМЫН ТҮРҮҮГ ХҮРТЛЭЭ

Сайхан наадаж байна уу? Төрийн наадмын түрүү хүртсэн танд баяр хүргэе.

-Баярлалаа. Улсын наадмын түрүү хүртсэндээ маш их баяртай байна. Наадамчин олондоо баярын мэнд дэвшүүлье.

Мориныхоо уяа сойлгыг хаана тааруулав?

-Уяа сойлгыг тод манлай уяач Д.Онон тааруулсан. Наадмын өмнөх сунгаа, бага наадмуудад өнгөтэй байсан болохоор нэлээн дээгүүр давхичих байх гэдэгт итгэлтэй байсан л даа.

Өнгөрсөн жил шүдлэн насандаа аман хүзүүдсэн. Энэ жил түрүүлчих болов уу гэсэн барагцаа байв уу?

-Төрийн наадамд морь айрагдуулна гэдэг хэн бүхний санаснаар болчих зүйл биш. Гэхдээ ямар ч байсан айрагдчих болов уу гэсэн итгэл байсан. Галын маань уяачид “Энэ жил өнгөтэй байна. Уяа сойлго нь ч сайхан таарч. Түрүүлчих горьдлого нэлээн байна шүү” гэж байсан. Хүмүүс тэгэж хэлээд байхаар мориндоо итгэх итгэл улам нэмэгддэг юм байна.

За баярлалаа. Сайхан наадаарай


УНААЧ ХҮҮХЭД Ч.БЯМБАЖАВ: БАРИАНД ОРОХ МӨЧИД БАЯРЛАСАНДАА УЙЛАХ ДӨХСӨН

Унасан хүлгээ түрүүлгэсэн дүүдээ баяр хүргэе.

-Баярлалаа.

Морь нь түрүүлж, барианы зурхайд орж ирэх мөчид хамгийн түрүүнд юу бодогдож байв?

-Маш их баярласан. Барианд орох мөчид баярласандаа уйлах дөхсөн. Өнөө өглөө Д.Онон ах “Миний хүүгийн морь айрагдах байх. Хичээгээрэй” гэж хэлсэн юм. Түрүүлэх мөчид үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрдөг юм байна. Би өнгөрсөн жил дөрвөн морь айрагдуулж, шилдэг унаач болсон.

Хэддүгээр ангид сурдаг билээ?

-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нэгдүгээр 10 жилийн долдугаар ангид сурдаг.

Хэдэн настай байхаасаа хойш хурдан морь унаж байна?

-Би 13 настай байхдаа морь унаж сурсан. Тэр үеэс хойш хурдан морь унаж байна.

Нэлээн том болсон хойноо морь унаж сурсан юм байна…?

-Хотод ирснийхээ дараа Онон ахтай таарч морь анх унаж сурч байлаа. Түүнээс өмнө сумын төв дээр байсан болохоор морь унаж сурах боломж байгаагүй.

Мориныхоо давхилыг яаж тохируулж уралдав?

-Гараанаас гарангуутаа эхний морьдоос салгахгүй уралдах төлөвлөгөөтэй байсан. Замын эхэн тал хүртэл аль болох хүчлэхгүй, зөөлөн ороолгож уралдсан. Харин барианд дөхөж ирээд сайн ороолгож, гийнгоолсон.

Уяач нь юу гэж захисан бэ?

-Эхний таван морин дээр дэрлээд ирэхээр нь жолоогоо дарчихаарай, битгий хамаагүй ороолгоорой гэж захисан.

Одоо дахиад хэдэн насны морь унах вэ?

-Хоёр нас байгаа.

С.ГАЛБАДРАХ: ТҮРҮҮЛСЭН, ДӨРӨВТ ДАВХИСАН МОРЬДЫГ ЭРЛИЙЗ ГЭСЭН ГОМДОЛ ИРСЭН

-Хязаалан насны морины уралдааны талаар Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Галбадрахтай ярилцлаа.

Энэ жилийн хязаалан насны морины уралдааны зохион байгуулалтыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Хамгаалалтын хувцас хэрэглэлээ бүрэн өмсөөгүй хүүхэдтэй хэдэн морьд зурхай руу явж байхад анхааруулга өгч, авч үлдсэн. Гэвч уяачид үүнийг үл тоож, гарааны төхөөрөмжөөс нэг км-ын наанаас бусад морьдтой нийлүүлчихсэн. Энэ үед бичлэг хийн, дээрх морьдын номер дугаарыг тэмдэглэж авсан. Одоогоор тэр морьдоос 50-ын дотор давхисан ганцхан үрээ байна. Бусад нь 50-аас хойш давхилаа. Энэ бол уяачийн сахилга бат, ёс зүйтэй холбоотой асуудал л даа.

Ямар нэгэн хүндрэл гарав уу?

-Энэ жил гандуу байсан болохоор морь бахардах вий гэж эмээж байлаа. Ямартай ч морь эндсэнгүй. Энэ бол маш сайхан явдал. Харин хоёр хүүхэд гарааны зурхай руу явах замдаа унасан.

Бэртэж гэмтээгүй биз дээ?

-Ерөөсөө бэртэл аваагүй.

Морьд барианд орсны дараа уяачдын дунд багагүй маргаан гарлаа. Чухам юунаас болсон юм бэ. Энэ тал дээр тодорхой хариулт өгөхгүй юу?

-Түрүүлсэн, айргийн дөрөвт давхисан хоёр морийг эрлийз байна гэсэн гомдол гарсан. Бид дахин шалгаж үзээд журамд заасан хэмжээнд сэрвээний өндөр нь хүрч байна, үүлдэрлэг байдал нь хэвийн байна гэж үзсэн л дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *