Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ээлжит бус чуулганаар засагт хөдөлгөөн оруулах бололтой

АН-ынхан МАН-ыг наадмаас өмнө Засгийн газраас хөөнө гэх яриа биеллээ оллоо. МАН-ынхан ч хөөгдөж сууснаас нэр төртэйгөөр гарна гэдгээ мэдэгдчихлээ. Гэхдээ энэхүү шийдвэрийг албан ёсжуулах ажил улсын баяраас өмнө хараахан хийгдэж амжихгүй бололтой. Уг нь МАН-ыг энэ чуулганы хугацаанд багтааж гаргах чин хүсэл АН-д бий. Гэсэн ч улс төрийн бусад оролцоо, тохиролцоо, наймаа зэрэг олон талт хамаарлаас улбаалж асуудал нэгмөр шийдэгдсэнгүй. Нэгэнт асуудал дэгдэж нийгэмд, нам төрд хүлээлт үүсгэчихсэн учраас одоо яах бол, хэзээ шийдэгдэх вэ гэдэг асуулт урган гараад байна. Засгийн газарт орох хөдөлгөөн цаг хугацааны асуудал болчихсон нь энэ. Чуулганы хаалт хийх хүртэл Ерөнхий сайд МАН-ын гишүүдийг Засгийн газраас гаргах тогтоолын төслийг өргөн барихгүй нь ч тодорхой байгаа аж. Харин чуулган завсарлах өдөр үү эсвэл баяр өнгөрөөгөөд АН-ын нэр бүхий гишүүдийн албан бланк дээр Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл өргөн баригдах юм байна. Тэр цаг үед МАН-ын гишүүд ч АН-ын сайд нараас огцруулах төслийг нэн даруй өргөн барих сурагтай. С.Эрдэнэ сайдаас эхлээд хэн хэнийг огцруулахаар төслөө боловсруулах вэ гэдгээ МАН-ынхан одоо ярьж эхэлжээ. Яагаад гэвэл зөвхөн Ардын намын зургаан сайдыг Засгийн газраас хөөхөөр чуулган хуралдвал намынх нь нэр хүндэд том хохиролтой хэмээн дүгнээд ийм арга сүвэгчилжээ. Ингээд асуудлыг хэлэлцэх үеэр АН, МАН-ынхан нэг, нэгэн рүүгээ тэнцүү хэмжээнд хатуу үг чулуудна гэсэн үг. Тэгээд аль нам нь сайдуудаа засгаас хөөх вэ гэдэг асуултад парламентын гуравдагч хүчний кноп хариулт өгөх бололтой. Нэг ёсондоо энэ их хэрүүлийг Шударга ёс эвсэл хагалах нь байна. АН, МАН-ын аль нь их бялуу амлана Шударга ёс эвсэл тэр талд үйлчилнэ. Магадгүй МАХН-ын дарга Н.Энхбаяр ирж Шадар сайдын сэнтийд тухлахгүй гэх газаргүй болжээ.

Гэхдээ АН-ынхан намаа ямар хэмжээнд авч үзэхээс асуудал ихэд хамаарна гэх. Одоо тэдэнд МАН-тай хамтарсан хэрнээ муулуулаад байх уу, намынхаа нэрийг хөсөр хаяж ээлжит бус чуулганаар асуудлыг шийдэх үү гэдэг сонголт ирчихээд байна. Төрийн ордонд гарсан явган ярианаас үзэхэд асуудлыг ээлжит бус чуулганаар шийдэхээр болж байгаа юм байна. Ээлжит бус чуулганыг долдугаар сарын дундуур зарлах уу гэдэг дээр АН-ынхан ярилцаж байгаа сурагтай. Энэ үед ээлжит бус чуулган зарлаад ирц хүрэхгүй байх магадлалтай учраас наймдугаар сар болон, есдүгээр сарын аль нэгэнд асуудлыг шийдье гэдэгт ерөнхийдөө тохирчихоод байгааг эх сурвалжууд өгүүлээд эхэлжээ. Магадгүй наймдугаар сард нэг дайрч үзээд болохгүй бол намрын чуулган эхлэхээс 15 хоногийн өмнө ээлжит бус чуулганыг зарлахдаа цэг тавих бололтой.

Үүнээс улбаатайгаар үүсч байгаа бас нэг хүлээлт нь Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг. Энэ удаа АН-ынхан МАН-ыг жийхэд хамтарсан намууддаа нэлээд найр тавих учраас Зам тээврийн болон Хөдөлмөрийн яамыг авч магадгүй гэнэ. Өнгөрсөн өдрүүдэд хийгдсэн тохироогоор УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, Сангийн дэд сайд С.Пүрэв, УИХ-ын гишүүн А.Бакей, Г.Баярсайхан нарын нэр нэлээд өндөрт гарч иржээ. Сая засагт хөдөлгөөн орсон бол дээрх дөрвөн эрхмийн дунд уралдаан явагдах байж. Дэд сайдуудын хувьд гэвэл АН-аас О.Магнай, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Туваан, О.Эрдэнэбулган, Т.Хасбаатар нарын нэр дуулдана. Гэхдээ яг асуудал шийдэгдэх хүртэл эдгээр нэрсийн дунд ямар хэмжээнд өөрчлөлт орох нь таашгүй. Харин бие даагчид нэг, ИЗНН нэг, Шударга ёс эвсэл хоёр суудал авч Засгийн газарт оролцоогоо нэмэгдүүлэх юм байна.

Л.МӨНХӨӨ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *