Categories
мэдээ цаг-үе

Хотынхонд наадмын шөл уулгах нэрийдлээр амьтан тамладаг малчид

Хотын баруун болон зүүн захад хонь, ямаа зарж байгаа хүмүүст амьтныг хайрлах, энэрэх сэтгэл алга. “Мөнгө л олж байвал нүүрэндээ үстэй малыг яасан ч яадаг юм. Тэртэй тэргүй л үхэх юм чинь. Хэдэн өдөр яхийтал нь хашиж байгаад зарчихаад гэр рүүгээ харих минь” гээд зогсож байна. Дэлхий дахинд амьтны эрхийг хамгаална, амьтны эрхийг зөрчиж болохгүй гээд тунхаглаад байхад монголчуудад энэ тухай ойлголт огт алга. Тэр ч бүү хэл амьтны хүрээлэн дэх амьтдын эрхийг хамгаалж, сонирхохоор очсон жуулчдыг амьтадтай ёс зүйтэй харилцахыг шаарддаг болсон. Гэтэл манайхан “Өмнө нь ийм л байсан, хэзээдээ мал хайрладаг болчихов” гэх нь халаггүй байна. Үүний тод жишээ хонь, ямаа зарж байгаа малчдаас харагдах ажээ.

Хагас сар бэлчээрт гаргаагүй хонь, ямаагаа гурав хоногт нэг удаа усалж байгаа гэнэ

22-ын товчоон дээр хонь, ямаа зарж байгаа малчид дээр яваад очлоо. Машин ирээд зогсонгуут бөөнөөрөө гүйгээд ирж байна. “За, ямар хонь авах вэ. Ярьж тохироод өгчихнө шүү. Хашаанд байгаа хониноос шилж байгаад ав” гээд л хэдэн талаас бүчээд авч байна. Хөвсгөл аймгаас ирсэн гэх 40 орчим насны болов уу гэмээр залуугийн хашаанд очлоо. 40 гаруй хонь, ямааг жижигхэн хашаанд хашжээ. Өнөөдүүл нь чихэлдээд, дээр дээрээсээ давхралдчихсан байв. Хэдэн өдөр бэлчээрт гаралгүй, ус ч уугаагүй бололтой. Гэдсээ махийтал татчихсан, харахаас ч нүд халтирмаар хашаа дүүрэн хонь, ямаа. Анх 80 гаруй хонь, ямаатай ирсэн гэнэ. Одоо 40 гаруй нь үлджээ. Нөгөө залуу “Бор халзан хонь 180 мянга, улаан хүзүүтэй нь 150, энэ хөөрхөн жижигхэн хурга шиг биетэй төлөг 80 мянга” гээд л үнэ ханшийг нь танилцуулав. Хариуд нь “Хонь, ямаагаа усалсан юм уу. Халуун наранд өдөржин хашигдахаар цангаж байгаа байх даа” гэж асуусан чинь нүдээ томруулж ирж харснаа “Усалсаан усалсан. Гурван өдрийн өмнө цүрдийтэл нь усалчихсан” гээд нойтон алчуураар нүүрээ арчиж, ус уух юм. “Усалчихаар шээж, баагаад хотын та нар сэжиглээд байдаг биз дээ. Бас нэхий нь шивтэр болоод хонго, гуяны хэсгээрээ үс нь шарлачихдаг юм. Сайхан цагаан өнгөтэй байвал тарга тэвээрэг муу байсан ч хүмүүс худалдаад л авна” гээд уцаарлангуй ярив. Худалдахаар авчирсан хонь, ямаагаа гурван өдөрт нэг удаа усалж, арав гаруй хонохдоо нэг ч удаа бэлчээрт гаргалгүй хашсан нь тодорхой байлаа. Дараагийн хонь зарж байгаа малчин дээр очлоо. Архангай аймгийн Цэнхэрмандал сумаас иржээ. “Монголын хамгийн олон малтай сумаас ирсэн, тарга тэвээрэгтэй тарган хонь, ямаа зарж байгаа” гээд л рекламдаж байна лээ. Мөн л хэдэн өдөр усалж, бэлчээрт гаргалгүй халуун наранд хорьчихсон байна. Түүнд “Хонь худалдаж авахгүй. Зарах нэрээр амьтан тамлаж, эрхийг нь зөрчиж байна гэхээр нь ирж байгаа юм” гээд хэллээ. Тэгсэн өөдөөс “Хцссс, удахгүй цоройгоо цоолуулж, тэнгэр харах гэж байгаа хэдэн хонинд юуных нь эрх энэ тэр байдаг юм. Мал байтугай хүний эрх гэж байхгүй биз дээ” хэмээн чанга дуугаар хавь ойрын хүмүүстээ сонсогдохоор хэлснээ инээж “Харин ч амьдаар нь худалдаж аваад, энд нь төхөөрүүлж, гэдсийг нь цэвэрлүүлээд аваад явж байна. Ченжийн гар дамжилгүй малчид худалдан авагчтайгаа нүүр нүүрээ харж байгаад хонио зарж байна. Энд буруу зүйл байхгүй” гэв.

Булган аймгаас 20 гаруй насны залуус өчигдөр орой иржээ. Хотоос танил нь хашаа хийх банз, төмөр авчирч өгөх гэнэ. Тэр болтол зарах хонио хонин холбоогоор тогтоож байхаар болсон байна. Гэтэл хонин холбоогоор уяж мэдэхгүйгээс болоод хоёр ч хонио боогоод алчихжээ. Үхсэн хонио дор нь төхөөрөөд, махыг нь “Хүчит шонхор” захын наймаачдад өгчихсөн гэнэ. Тэд хашааны банз иртэл машиныхаа тэвшин дээр хонио ачиж байхаар болжээ.

Ёс уламжлал, амьтан хайрлах ухаан малчдад алга байна

Өвөрхангай аймгийн Өлзийт сумаас ирсэн малчин 20 гаруй хоног зарагдаагүй арав гаруй хонио махлахаар төхөөрч эхэлж байв. “Заяа нь хаясан энэ муу хэдэн хонийг тураал болтол нь хашлаа. Сүүлдээ хүмүүс харахаараа сэжиглээд өвчтэй мал юм уу гэж асуугаад байна. Наадмын хуушууранд явуулна аа. Уг нь ногоонд цадаж махалсан амьтад ирсэн юм. Даанч зарагдсангүй” гэж онгирч байна. Хавар ногоо гарахын өмнө муудсан мал шиг болж, хүчтэй салхинд үсрээд ойчмоор хэдэн хонь, ямааг үнэхээр муухай төхөөрч байна. Улай хийж байгаа залуус хонио өрлөөд голыг нь таслаад үхэж дуусаагүй татваганаж байхад нь шууд яраад өвчиж гарлаа. Нүд нь эргэлдэж, сүүлчийн амьсгал авч байхад тамхи зуусан залуу “Миний алсан хонь үхэхээ больчихоод байгаа юм” гэж амандаа үглэсээр өвчиж дуусаж байна лээ. Хажууд нь хонь унагаж байгаа залуу ч голыг нь тасалж чадаагүй бололтой, хониныхоо амийг барьсаар байгаад нэг ард нь гарав бололтой. Эхнээсээ гэдэс гарч, найман мянган төгрөгөөр гэдэс арилгаж өгдөг эмэгтэйчүүд сэвсийг нь тэрүүхэнд асгаад, дор нь цэвэрлэв. Олон хоног ус уугаагүй хонь, ямааны цоохор сархинаг хаврын хатсан хар аргал шиг болчихсон юм гарч ирж байна. Ус уулгүй олон хоног болчихоор цоохор сархинаг нь хатчихдаг юм. Гэдсэнд нь нэг ч хоргол алга байна лээ. Мөн гүзээ нь агшчихсан, сэвс гэж атгасан гар ч хүрэхгүй юм байна. Малаа зарж мөнгө олохоор ирсэн малчид буянт малаа ингэж л тамлаж байна. Үүнийг анхаарч, амьтны эрх хамгаалж байгаа газар нэг ч алга байна. Уг нь нийслэлд мал оруулахгүй гэсэн дүрэм журамтай. Гэтэл сумынхаа малын эмчээс авсан гарал үүслийн бичгээс өөр зүйлгүй малчид хотын захад ёс бусаар авирлаж байна. Тэд амьтны эрхийг ингэж л зөрчиж байна. “Миний эд хөрөнгө юм чинь яасан ч яадаг юм бэ” гээд л зогсож байна. Хэрэв гадаадад ингэж амьтан тамлах юм бол олон жил торны цаана суух хүртэл ялаар шийтгүүлэх хуультай байдаг. Харин Монголд энэ тухай хууль огт байхгүй. Ёстой л “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэдэг зүйр үг л үйлчилж байна, тэдэнд.

Монголчууд эрт дээр үеэс таван хошуу малаа буянт мал, халуун хошуут амьтан гээд л ихэд дээдэлж, хүндэлж ирсэн ард түмэн. Хагас сар хонио усгүй, бэлчээрт гаргахгүй хаших нь битгий хэл нэг ч өдөр хашиж өнжөөж байгаагүй. Өвсний сортой газар руу бэлчээж, усны тунгалагийг уулгадаг малч хүмүүс. Суурин газрынханд шөлний хонь өгөх, худалдахдаа ч бэлчээр дээрээс нь барьж ирдэг. Мах, шөл нь ч амттай байдаг. Хүүхдийн хувьгүй юм байна гээд хулгар чихтэй хонийг ч хүнд өгөхөөс цээрлэж ирсэн ёс заншилтай ард түмэн. Олон хоног хашигдсан хонь ч махны амт, шим шүүс нь нь байхгүй болчихсон байдаг. Эрүүл ахуй талдаа ч гэсэн шаардлага хангахгүй нь тодорхой. Жил бүрийн наадмын өмнө ингэж хонь, ямаа зарж, амьтан тамлаж байгаа малчдын мөнгө бодсон хүйтэн сэтгэлийг журманд нь оруулж, цэгцлэх дүрэм журамтай болох цаг нь болжээ.

Э.Баатар

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *