Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Ганхуяг: АН, МАН хамтарч ажиллаж чаддаггүй юм байна гэдэг нь харагдлаа

Иргэний Зориг Ногоон намын гурван даргын нэг Ц.Ганхуягтай ярилцлаа.

-МАН-ыг Засгаас гаргах тухай асуудал олны анхаарлыг татаж байна. Үүнд танай намын байр суурийг сонсвол?

-Эхлээд хамтарсан засаг буюу Шийдлийн Засгийн газар байгуулах болсон тэр гэрээг ярих ёстой юм. Хамтарсан засаг байгуулсан гол зорилго нь төрийн тогтолцоог боловсронгуй болгоё, ажилгүйдэл, ядуурал зэрэг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг хамтдаа шийдье. Үүний тулд яах вэ гэхээр Үндсэн хууль, Улстөрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль гэсэн гурван чухал хуулийг өөрчлөөд төрөө байгуулах дараагийн сонгуулийг шинэ орчин, шинэ нөхцөлд явуулъя гэсэн ийм зорилго дээр л уг нь хамтарсан шүү дээ.

Манай Иргэний Зориг Ногоон нам кабинетэд нэг ч сайдын суудал аваагүй хэрнээ тэр зорилгын дор энэ гэрээг дэмжсэн. Харамсалтай нь тавьсан эдгээр зорилгын нэг нь ч хэрэгжээгүй.

-Халаа сэлгээ их хийж төрийн ажлыг цалгардуулсан, ажил хийлгээгүй гэх зэргээр МАН-ыг буруутгаж байгаа. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

-Халаа сэлгээ их хийсэн гэдэгтэй нь санал нэгдэнэ. Ер нь хагас жилийн хугацаанд хүсвэл их юмыг хийж амжуулж болдог. Дээр ярьсан гол хуулиуд дээр Ажлын хэсэг гараад ажилласан байх л даа. Гэхдээ гэрээний үндсэн заалтууд бодитоор хэрэгжсэнгүй. Миний бодлоор тэр гэрээний заалтуудыг ярих ёстой. Төрийн 600 гаруй албан хаагчийг халж сольсон гэдэг тоо гарсан байдаг. Ингэснээр мэдээж төрийн алба сулраад тогтвортой байдал алдагдсан. ИЗНН-ын хувьд энэ засгийг ер нь шүүмжлээгүй шүү дээ. Гэрээгээ баримтлаад аль болох ажил нь урагшлаасай гэж дэмжиж байсан. Харамсалтай нь энэ хоёр гол нам УИХ, Засагт ч тэр бүгдийг бүрдүүлж байгаа гол хүчин. Гэтэл энэ хоёр нам нийлж хамтарч ажиллаж чаддаггүй юм байна гэдэг нь харагдлаа. Хамтраад энэ асуудлуудыг шийдсэн бол заавал хэн Засаг барьж байна вэ гэдэгтээ гол нь биш, үндэсний нийтлэг ашиг сонирхол чухал зүйл байсан л даа.

-МАН Засгаас гарах нь бусад жижиг намуудад ашигтай гэх хувилбар яриад байна?

-Үүнд ашиг харахгүй байна. Би түрүүн хэллээ, манай нам сайдын суудал аваагүй ч дэмжсэн гэж. Нэгэнт гэрээ биелэгдээгүй нөхцөлд талууд авч үзэх нь зүйтэй. Манай намын удирдлагууд өчигдөр (уржигдар) хуралдсан. Хурлаасаа мэдэгдэл гаргасан байгаа. Намын байр суурь, санаа бодлоо илэрхийлсэн.

-Баяр наадмын өмнө ийм асуудал гаргаж ирж байгааг шүүмжлэх нь ч байна. Бас АН бүр аргаа бараад ийм мэдэгдэл хийж байна ч гэх юм?

-АН-ын гүйцэтгэх зөвлөл л энэ асуултад хариулах байх. Болж буй асуудалд намууд байр сууриа илэрхийлж байна. Намуудаас гадна Засгийн газар гэдэг өөрөө тусдаа субьект, гүйцэтгэх байгууллага. Гүйцэтгэх байгууллагын тэргүүний намуудтай ярьж байгаад байгуулсан Засгийн газар. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ асуудлаар юу гэж бодож байгаагаа илэрхийлэх ёстой. Ерөнхий сайд гэрээний биелэлт, намуудын оролцооны талаар үгээ хэлэх байх. Ерөнхий сайдын мэдэгдэл тун чухал байна.

-Ямар ч гэрээнд аль нэг тал нь үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хүлээдэг. Харин энэ тохиолдолд МАН хариуцлагагүй гэдгээ харуулж байна гэж ойлгож болох уу?

-Хамтарч ажиллаж чадахгүй бол тэгээд л Засгийн газраас гараад шинэ бүрэлдэхүүн бий болж улс орноо удирдаад явдаг. Улс төрийн хариуцлага хамгийн чухал байдаг. Ямар нэгэн өмчийн маргааны тухай асуудал байхгүй учир хүсэл сонирхол нийлж байна уу, хамтарч ажиллаж чадаж байна уу, чадахгүй байна уу гэдэг нь л чухал.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *