Categories
мэдээ улс-төр

Хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих хэлэлцээрүүдийг соёрхон батлав

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы энэ өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар олон улсын зарим байгууллагын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжих төслүүдийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж эцэслэн баталлаа.

Эхлээд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор нар танилцуулсан юм.

“Боловсролын чанарын шинэчлэл” төсөл нь сурагчдын эх хэлний болон математикийн сургалтын чанар, үр дүнг сайжруулж, сургуулийн түвшин дэх төлөвлөлтийг бэхжүүлэх замаар Монгол Улсын бага боловсролын чанарыг сайжруулахад чиглэж байгаа аж.

Нийтдээ 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих энэ төслийн хүрээнд бага боловсролын сургалтын үр нөлөөг сайжруулахад 14.9 сая, багш бэлтгэх, багшийн мэргэжлийг дээшлүүлэх хөтөлбөрт 3.3 сая, сургуулийн санхүүжилтийн хөтөлбөрт 6.6 сая, системийн удирдлага, мониторинг үнэлгээнд 5.7 сая ам.доллар зарцуулах юм байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбааттар, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаас асуулт асууж тодруулан санал хэлэв. Ингээд байнгын хорооны саналаар “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжлээ.

Дараа нь Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан нар танилцуулав.

“Цахим эрүүл мэнд” төсөл нь эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд иргэн төвтэй, өндөр чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэвтрүүлэхэд эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн системүүд болон цахим-эрүүл мэндийн шийдлүүдийн таатай орчныг бүрдүүлэх зорилготой аж. Уг төсөл нь нийт 19,5 саяам.долларын өртөгтэй үндсэн 4 үндсэн хэсгээс бүрдэх юм байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооны саналаар санал хураалгахад хэлэлцээрийг соёрхон батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.2 хувь нь дэмжсэн юм.

Мөн Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.

“Ухаалаг засаг” төсөл нь Монгол Улсын “Ухаалаг засаг” санаачлагыг дэмжих, мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдал болон үр ашгийг сайжруулахад чиглэжээ. Уг төсөл нь иргэдийн оролцоог дэмжих механизмыг бүрдүүлэх; ухаалаг засгийн суурийг бэхжүүлэх; нээлттэй дата бий болгох; төслийн удирдлага, зохион байгуулалт 4 үндсэн бүрдэл хэсэгтэй юм.

Төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас олгох 19.4 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх юм байна. Харин Монгол Улсын Засгийн газар түрээс, ажилчдын зардлыг санхүүжүүлэх зориулалтаар 0.6 сая ам.долларыг хариуцаж, төслийн хэрэгжилтийн явцад дэмжлэг үзүүлж ажиллах аж.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хэлэлцээрийг соёрхон батлах тухай байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.9 хувь нь дэмжсэн юм.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан “Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нар танилцуулав.

Манай улс АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-тай хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор шалгарсантай холбогдуулан компакт гэрээг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний ажлын албыг Засгийн газрын 2015 оны 174 дүгээр тогтоолоор байгуулжээ. Үндэсний ажлын албаны тогтвортой үйл ажиллагааг хангах, компакт гэрээг боловсруулах ажлыг хэрэгжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтын шаардлагатай судалгаа хийхэд хөрөнгө, санхүүжилт гаргахад МСК-ийн зүгээс 750 мянган ам.долларынбуцалтгүй тусламж олгох тухай Хэлэлцээр байгуулахаар тохиролцсон аж. Иймээс уг Компакт гэрээ боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийн дагуу буцалтгүй тусламжийн хөрөнгөд татвар ногдуулахгүй байх тухай заалт нь Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуульд зааснаар манай улсын хууль тогтоомжоос өөр журам тогтоож байгаа гэж үзсэн тул Улсын Их Хурлаар соёрхон батлуулахаар хуулийн төслийг боловсруулсныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж соёрхон батлахыг дэмжсэн юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссоны дараа байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад буцалтгүй тусламжийн тухай зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87.0 хувь нь дэмжив.

Дараа нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэж, Сангийн сайдын илтгэл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссон юм.

“Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах,чадамжид суурилсан сургалт, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэн нутагшуулах,багш болон удирдах ажилтнуудыг чадавхжуулах тогтолцоог бүрдүүлэх, ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн чиг баримжаа олгох, технологийн гүнзгийрүүлсэн сургалттай, бие даасан ахлах сургууль байгуулж сургалтын хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм байна. Уг төслийг 2015-2019 оны хооронд 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх агаад төслийн нийт өртөг нь 28.59 сая ам.доллар байх ажээ.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул байнгын хорооны саналаар зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.1 хувийн дэмжлэг авлаа.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан нар танилцуулсан юм.

Дархан хотын төвлөрсөн цэвэрлэх байгууламжийг 1965 онд анх ашиглалтад оруулж, 1990 онд өргөтгөл хийж цэвэрлэх байгууламжийг бүрэн барьж дуусгажээ. Уг цэвэрлэх байгууламж нь анх хоногт 50 мянган шоо метр бохир усыг цэвэршүүлэх хүчин чадалтайгаар төлөвлөгдсөн боловч өнөөдрийн байдлаар хамгийн ихдээ хоногт 20 мянган шоо метр бохир ус цэвэрлэдэг аж.

Дархан хот нь Орхон-Сэлэнгийн сав газрын бүс, Хараа голын эрэг дагуу гидрогеологийн судалгаагаар сэвсгэр хурдас бүхий экологийн эмзэг тогтоцтой тул одоо үйл ажиллагаа явуулж байгаа цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд ачаалал нэмэгдэхэд хүрээлэн буй орчны чанарыг бууруулж, цаашид эрчимтэй доройтуулах эрсдэл бий болсон байна.

Иймээс Монгол орны төвийн бүсийн хөгжлийн гол тулгуур төв болох Дархан хотын бохир усыг цэвэрлэн байгальд нийлүүлэх, эргүүлж ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хадгалах зорилгоор цэвэрлэх байгууламж болон бохир усыг татан зайлуулах насос станц, ариутгах татуургын системийг шинэчлэх зорилгоор “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны 18.5 сая ам.долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн холимог зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.9 хувь нь дэмжсэн юм. Иймээс хуралдаан даргалагч эдгээр зээлийн хэлэлцэээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг гишүүдэд танилцуулав.

Чуулганы энэ өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан танилцуулсан юм. Тус байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргажээ.

Ингээд байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар асуулт асууж тодруулав. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад гишүүдийн 69.1 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтад 55 гишүүн оролцож 72.7 хувийн саналаар дэмжсэнээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *