Categories
мэдээ улс-төр

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 10 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний эхнийх нь Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолын төсөл байлаа.

Үндсэн хуулийн цэц 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Дээрх дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах гэснийг зөрчсөн байна гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дээрх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн юм. Энэ өдрийн хуралдаанаар дээрх шийдвэрийг баталгаажуулсан УИХ-ын тогтоолыг баталлаа.

Үүний дараа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ автомашин жолоодож байгаа хүн гар утас хэрэглэхийг хориглох талаар төсөлд туссан эсэхийг лавлаж байлаа. Тэрбээр, жолооны ард яваа хүмүүс гар утсаараа ярих, олон нийтийн сүлжээнд нэвтрэх явдал байнга ажиглагддаг учир ард иргэдийн аюулгүй байдлын үүднээс энэ асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Ажлын хэсгээс хариулснаар, гар утас хэрэглэснээс үүдсэн зам тээврийн хэрэг, зөрчил одоогоор бүртгэгдээгүй байгаа хэдий ч жолооны ард гар утас хэрэглэхтэй холбоотой заалт хуулийн төсөлд туссан ажээ. Түүнчлэн гишүүд хуулийн хэрэгжих хугацааны талаар нэлээд санал солилцсоны эцэст, хуулийг олон нийтэд сурталчлах хугацаа гаргах, тэр хугацаанд замын хөдөлгөөний дүрмээ батлан нийтэд танилцуулах нь зүйтэй хэмээн үзэн хуулийг есдүгээр дүгээр сарын нэгний өдрөөс мөрдөж эхлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ. Хууль зүйн байнгын хорооноос жолоодох эрхийн болон олон улсын жолооны үнэмлэхийг олгох, бүртгэх ажлыг цагдаагийн байгууллага зохион байгуулна гэсэн нэг саналыг оруулж ирсэн бөгөөд дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Дараагийн асуудал нь Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг байв. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хийсэн.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр, Газар эзэмших, өмчлөх асуудал маш нарийн. Бид Үндсэн хуулиараа хүний өмч хөрөнгийг хамгаалсан улс оронд амьдарч байна. Сүүлийн үед нэгнийхээ газар руу дайрдаг, булааж авдаг болж. Газраас болж дайтах дөхөж байна. Үүнийг дагаад сөрөг үр дагавар гарч болзошгүй. Иргэний өмч рүү халдсан үйл ажиллагаа хавтгайрвал хуулийг нэн даруй өөрчлөх ёстой. Хамаг хөрөнгөө зараад байшин барьсан байхад иргэдийн 80 хувийн саналаар газрыг чөлөөлж нүүлгэнэ гэдэг. Олны эрх ашиг гэсэн үүднээс бусдын өмчид халдана гэдэг бас хэцүү. Гэхдээ хуулийн хэрэгжилтийг харья. Ноцтой нөхцөл байдал үүсвэл нэн даруй өөрчлөх ёстой гэлээ.

Энэ нь хурдны зам барих, шинэ хот байгуулахтай холбоотой харилцааг зохицуулах хуулийн төсөл хэмээн УИХ-ын дарга хуралдааны үеэр тодотгон хэлсэн юм. Ингээд Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, хуулийг бүхэлд нь баталлаа.

Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дараа нь хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулав.

Төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр төсөлд “факторингийн үйлчилгээ” болон зээлийн “хүүгийн зөрүү” гэсэн нэр томьёог шинээр тодорхойлох, экспортын үйлдвэрлэлийг экспортын санхүүжилтийн төрөл бүрийн арга хэрэгсэл, түүний дотор факторингийн үйлчилгээг хөгжүүлэх замаар дэмжих заалт нэмэх санал олонхын дэмжлэг авсан хэмээн Ж.Батсуурь гишүүн танилцуулав. Мөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгөд зориулан арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн зөрүүг олгох өөрчлөлтийг төсөлд тусгах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгох дэмжлэгийн хэлбэрийг өөрчилсөнтэй холбогдуулаад төслөөс зээл болон зээлийн эргэн төлөлттэй холбоотой заалтуудыг хасах саналууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авсан байна. Байнгын хорооноос танилцуулсан саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг мөн шийдлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Р.Жигжид танилцуулсан юм.

Газрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Шатдаг занарын эрлийн үед өрөмдлөг хийж болно.” гэж заасан боловч бусад уламжлалт бус газрын тос (байгалийн битум, тослог элс, хийтэй элс, нүүрсний давхаргын метан хий)-ны эрлийн үед өрөмдлөг хийж болох эсэхийг зохицуулалгүй орхигдуулсан. Эрлийн ажил гүйцэтгэхэд тандан судалгаа буюу хүндийн хүчний, соронзон болон чичирхийллийн судалгааны ажлыг хийдэг боловч эдгээр аргууд нь газрын тосны нөөцийн хэтийн төлөвийг тогтооход шаардлагатай мэдээллийг өгдөггүй юм байна.

Иймд уламжлалт бус газрын тосны эрлийн үед өрөмдлөг хийж болох эрх зүйн орчин тодорхой бус байгааг тодорхой болгож, гэрээлэгч үүргээ зөрчсөн тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг 2 заалтаар давхардуулан хуульчилсан техникийн алдааг засч хуулийн төслийг боловсруулжээ. Хууль батлагдсанаар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаас өмнө уламжлалт бус газрын тосны нөөцийн эдийн засгийн үр ашгийн тооцоо боловсруулах нөхцөл бүрдэх бөгөөд уламжлалт бус газрын тосны Засгийн газар болон аж ахуйн нэгжид ногдох хувь хэмжээний талаар хэлэлцээ хийж, харилцан ашигтай нөхцөл тохирох боломж бүрдэнэ гэж сайд танилцуулгадаа дурдсан.

Эдийн засгийн байнгын хороо дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан Байнгын хорооны санал, дүгнэлтийг уншиж танилцуулахдаа хэллээ.

Хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, С.Дэмбэрэл нар газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийх аж ахуйн нэгж цөөнгүй байгаа боловч энэ талаарх шийдвэрийг гаргахгүй удаадаг нь хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байгааг анхаарах, УИХ-ын гишүүн Г.Батхүү байгалийн хийн зах зээлийг төр бодлогоор дэмжиж ажиллах нь зүйтэй гэсэн саналуудыг гаргажээ.

Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Үүний дараа “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Су.Батболд танилцуулав.

Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, үр тарианы чиглэлээр бус, төмс ногоо, жимс жимсгэнэ тариалж, түүнийгээ экспортод гаргах үйл ажиллагаа явуулах чөлөөт бүс байгуулбал болох байх хэмээгээд Халх голд үр тариа тарих чиглэлээр хэдэн мянган га атар газрыг хагалах гээд байна гээд яригдаад байгаа нь үнэн үү хэмээн лавласан. Тэрбээр “Халх гол” чөлөөт бүс байгуулахыг дэмжиж байгаа ч атар газрыг ашиглавал экологи, ан амьтанд шинжлэх ухаанчаар хандах нь зүйтэй гэж хэлсэн юм.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд, Д.Лүндээжанцан гишүүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд Халх голын бүс нутаг эмзэг хөрстэй, салхи ихтэй гэж байлаа. Гэтэл Халх голын бүс нутагт сумын Засаг дарга олон мянган га газарт тариалан эрхлэх зөвшөөрөл олгоод байгаа бөгөөд энэ бүхнийг цэгцлэх үүднээс тогтоолын төслийг санаачилсан гэдгийг тодруулан хэлсэн.

“Халх гол” чөлөөт бүсэд онцгой дэглэмтэй, дэвшилтэт технологи ашиглан тариалан эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд хөдөө аж ахуйн хорио цээр, технологийн дэглэм бүхий бүс байх аж. Энэ бүсийг байгуулснаар хөдөө аж ахуйн хөгжилд цоо шинэ зүйл авчирч, газар эзэмшихтэй холбоотой замбараагүй байдлыг цэгцэлнэ гэж үзэж байгаа ажээ. Гишүүд ийнхүү хэлэлцээд Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Тус тогтоолын нэрийг Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай гэж өөрчлөх санал олонхын дэмжлэг авсан юм. Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Энэ өдрийн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталсан юм. Түүнчлэн Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *