Categories
мэдээ цаг-үе

Ч.Хашчулуун: Өнөөгийн санхүүгийн боломж энэ их өрийг дааж дийлэх боломж муутай, өрийн байдалд орчихлоо

Грек улс өрийн хямралд орж, банкууд нь үүдээ барин, Европын холбооноос “хөөгдөх” эсэхдээ тулсан нь дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа. Цар хүрээний хувьд арай бага ч гэлээ Монгол Улсад ийм хэлбэрийн өрийн хямрал нүүрлэхэд тун ойрхон байна гэх яриа сүүлийн үед чих дэлсэх болсон. Аюул үнэхээр ойрхон ирсэн эсэх, ирсэн бол түүнээс хэрхэн зайлсхийх ёстой талаар бид МУИС-ийн багш, эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуунтай ярилцсаныг хүргэж байна.

-Монгол Улсын гадаад өр, зээлийн түвшин бодит байдалд ямар хэмжээнд байна вэ?

-Манай эдийн засгийн байдал, ялангуяа санхүүгийн талаасаа сайнгүй байгаа. Ер нь 2012 оноос их хэмжээний арилжааны зээлүүдийг “босгосон”. Босгосон гэж ярьж байгаа боловч энгийн үгээр хэлвэл зээлсэн гэсэн үг. Зээлсэн төлбөрүүд маань таван жилийн дараагаас төлж эхлэх нөхцөлтэй. 2017 оноос үндсэндээ эхний төлбөрүүдийг төлж эхэлнэ гэсэн үг. Тэр болтол хүүгийн төлбөрүүд бас хуримтлагдаж байгаа. Энэ зээлүүдийг ихэвчлэн гадаадаас доллараар авсан. Өнгөрсөн хугацаанд ханшийн өөрчлөлт маш их савлаж, өөрчлөгдөж байсан. Тэгэхээр бидний төгрөгөөр төлөх төлбөрийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Дээрээс нь Монгол банк своп хэлцлийн хүрээнд их хэмжээний мөнгийг төлөх ёстой. Энэ мэтчилэн төлбөрүүдийг аваад үзэхээр, манай өнөөгийн санхүүгийн боломж энэ их өрийг дааж дийлэх боломж муутай, өрийн байдалд орчихлоо. Магадгүй эрх баригчид сонгуулийн дараа гэж бодож магадгүй, гэтэл сар сард нь төлөх хүүгийн төлбөрүүд хуримтлагдаад маш өндөр болж байгааг анхаарах хэрэгтэй.

-Олон улсад бон-дуудыг ар араас нь гаргаад л байгаа. Магадгүй бонд гаргаад мөнгөтэй болчихдог гэсэн буруу ойлголт тогтож байх шиг?

-Аливаа зүйлд санхүүгийн менежмент их чухал. Нэг өрх байлаа гэхэд өрхийн орлого зарлагаа хянаж, хамгийн үр дүнтэйгээр зохицуулахыг эрмэлздэг. Хамгийн зөв менежмент бол орлогоо нэмэгдүүлж, бүтээлч үйл ажиллагаа явуулж, тэр орлогоороо зарлагаа нөхөөд явах систем. Гэтэл манай улсад эсрэгээрээ, сүүлийн жилүүдэд томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөрөнгө оруулалтууд нь зогсонги байдалд ороод, улс зарлагаа нөхөхийн тулд их хэмжээний зээл авч, сүүлдээ дотоодын бонд гаргах замаар шийдэх болсон. Гадаадаас эх үүсвэр бүрдүүлэх боломж муудмагц дотоодоос зээлж эхэлж байна. Дотоодоосоо авсан ч адилхан зээл тул төлж л таарна. Ингээд аваад үзэхээр зарчмын хувьд маш буруу бодлого яваад, айл өрхөөр авч үзвэл өдрийн хоолоо өөр айлаас өдөр өдөрт нь зээлээд идэж байгаатай л адилхан болж байна.

-Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээнүүд аваад байгаа. Энэ арга хэмжээ бодитой үр өгөөжөө өгч чадаж байна уу?

-Миний бодлоор,эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг эхний байдлаар том хөрөнгө оруулалт оруулж ирж, том төслүүдийг хөдөлгөх замаар шийдэх хэрэгтэй. Хөрөнгө оруулалт эдийн засагт дарамт болдоггүй, эргээд төсөвтөө орлого бий болгодог. Гэтэл бид өнөөдөр олон жил маргаж байж арайхийж Оюутолгойн хоёрдугаар шатны төслийн гэрээг зурлаа. Гэхдээ энэ жилдээ бол энэ төслийн үр нөлөө хязгаарлагдмал хэмжээнд, сайндаа 300 сая доллар юмуу түүнээс бага хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэх дүр зурагтай байгаа.

Тэгэхээр юуны түрүүнд бид өрөө дарахгүй бол манай эдийн засаг өөдлөхгүй. Удахгүй 2017 оноос бондуудын эргэн төлөлт эхэлнэ. Эндээс яаж гарах вэ гэдэг гарц өнөөдрийг хүртэл харагдахгүй байна. Том хөрөнгө оруулалтын төслүүд болох ТЭЦ-5, Тавантолгойн цахилгаан станц, Тавантолгойн төмөр зам, нүүрсний салбарын бүтээн байгуулалт үнд-сэндээ бүгд зогсонги байдалтай байгаа болохоор эндээс мөддөө орлого орж ирэхгүй гэсэн үг. Тэгэхээр ойрын нэг хоёр жилд манай улсын санхүүгийн байдал нэн хүнд байдалд орох нь тодорхой болчихсон. Хямрал нэгэнт нүүрлэснийг Засгийн газар бонд гаргаад, гадаад, дотоодоос мөнгө зээлж байгаагаас харж, ойлгож болно. Гэсэн хэдий ч энэ авч хэрэгжүүлж буй арга хэмжээ урт хугацааны зөв гарц огтхон ч биш л дээ.

-Тэгвэл бид өнөөдөр юунаас орлого олж амьдраад байгаа юм бэ?

-Монгол төрийн олж байгаа гол орлого юу гэхээр, юуны өмнө Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу роялти татвар. Энэ татвар хуулиараа 5-10 хувийн хооронд хэлбэлздэг. Манай улсын нийт экспортын ихэнхи хувийг нүүрс, зэс хоёр эзэлдэг. Үүнээсээ татвар авч Монголын төр өөрийгөө санхүүжүүлж байгаа. Хоёрдугаарт, бусад салбараас авч байгаа татварын орлого. Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээ гэсэн салбарууд байгаа хэдий ч нүүрс, зэсийн татварыг хэмжээгээрээ гүйцдэггүй. Тэгэхээр нүүрс, зэсээс олж буй мөнгөөрөө шинэ, том хэмжээний бүтээн байгуулалт хийж үйлдвэрлэлийн хэмжээгээ эрс нэмэгдүүлж байж л татварын орлогоо нэмнэ. Дэлхийн зах зээл хүнд байна. Хятадын зах зээл өөрөө удаашралтай байна. Энэ байдлаараа байвал манай татварын орлого зарлагаа нөхөхгүй. Эдийн засагчдын сайн мэддэгчлэн, хэрэв улс өрөө төлж чадахгүй бол дампуурлаа зарладаг. Ийм байдал руу орох гээд байгаад эдийн засагчийн хувьд санаа зовниж байна.

-Та 2017 оноос “Чингис” бондын эргэн төлөлт эхэлнэ гэлээ. 2017 он хэдий хол сонсогдож байгаа ч нэг л мэдэхэд нэхэгдэнэ. Одоогийн байдал өөрчлөгдөхгүй бол яах вэ?

-Одоогийн байдлаар манай улсын төсвийн алдагдал 700 тэрбум төгрөг байна. Гэтэл бидний төлөх ёстой мөнгө 4 их наяд төгрөг байгаа. Энэ байдлаар 2017 онд бид энэ төлбөрийг төлөх ямар ч эх үүсвэр, боломж нөхцөл харагдахгүй байна. Дээрээс нь эдийн засгийн өсөлт удаашрах хандлагатай байгаа. 2014 онд 7.8 хувийн өсөлттэй гарсан бол энэ онд 4-5 хувиас хэтэрч чадахгүй байх төсөөлөл гарсан. Саяхан Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн тойм дүгнэлтийг гаргасан. Энэ тайлангаар манай бүх өсөлтийн үзүүлэлтүүд уруудсан байдалтай байна. Энэ юуг харуулж байна гэхээр шинээр төсөвт орлого оруулах эх үүсвэр байхгүй байна. Байгаанууд нь үйл ажиллагаагаа хумиж байна, энэ нь яваандаа татвараа төлж чадахаа болино гэсэн үг. Төр засагт цалин тэтгэвэр тавихаас өгсүүлээд дэд бүтцийн болон нийгмийн халамжийн чиглэлээр хийх маш их ажил байдаг. Харамсалтай нь энэ янзаараа байвал энэ үүргээ биелүүлэх чадвар маш ихээр хумигдана гэсэн үг.

-Энэ янзаараа Грекийн араас орох вий гэсэн зовнил хүмүүсийн дунд үүсээд байгаа?

-Грек аж үйлдвэрүүдээ хөгжүүлээгүй, том төслүүдээ явуулаагүй. Нийгмийн хүрээнд өгсөн амлалтууд нь их өндөр байсан. Өөрөөр хэлбэл иргэддээ их хэмжээний тэтгэвэр, тэтгэмж амлачихсан. Тэрийгээ дийлэхээ байгаад Герман болон Европын банкуудаас их хэмжээний мөнгө зээлсэн. Одоо тэрнийхээ хүүг төлж чадахаа байсан. Ийм л нөхцөл үүссэн. Манайх ч ялгаагүй, хөрөнгө оруулалтуудыг оруулахгүй, том төслүүдээ явуулахгүй, ингээд зогсонги байдалтай байгаад байх юм бол нийгмийн чанартай төлбөрүүдээ төлж дийлэхээ болино. Одоо бол өрөөр шийдэж байгаа. Гэвч тодорхой хугацааны дараа өр “тааз”-ндаа тулвал бидэнд зээлэх улс олдохгүй. Олдсон ч хараат байдалд орох аюул бий. Ер нь манай улсад Грекийн хямрал туйлын том сургамж болж байна.

Грек Олон улсын валютын санд өгөх ёстой 1.8 тэрбум долларын төлбөрөө өгч чадахгүйдээ тулаад бүх банкууд нь 10 хоног үйл ажиллагаагаа зогсоож, Грекийн валютыг дэлхий даяараа нөөцөөсөө хасаж эхэлж байна. Одоо Грек Европын холбооноос хөөгдөх үү, үгүй юу гэдэг дээрээ тулж байна. Манайх бол ямар ч холбоонд байдаггүй болохоор хөөгдөх аюулгүй ч гэсэн санхүүгийн нэн хүнд байдалд ирчихээд байна гэдгийг хэлэх нь зүйтэй.

-Олон улсаас татаж байгаа зээл, бондыг харахад хүү, нөхцөл нь бүр л чангараад байх шиг харагдах юм?

-Ямар ч банк эрсдлийг авч үздэг. Эрсдэл өндөртэй газар мөнгө зээлэх дургүй байдаг. Зээллээ гэхэд тэр эрсдлийг тооцсон маш өндөр хүүтэйгээр өгдөг. Манайх анхны бондыг 5 хувийн хүүтэйгээр босгож байсан бол одоо 9 хувь рүү ойртож байна. Дараа нь 10 хувь болно. Сүүлдээ өндөр хүүтэй ч байсан зээлсээр байх болно.

Үндсэндээ нэг хормойгоор нөгөөхөө нөхөх гэж оролдоод, сүүлдээ дээлнийх нь даавуу, утас нь элэгдэж, урагдаж дуусаад дээл ч үгүй юу ч үгүй үлдэнэ гэсэн үг л дээ. Өнөөгийн нөхцөл яг ийм л байна. Удаан тэсэх хэцүү. Төрийн өөрийнх нь өр байгаа. Тэрийгээ дарах ёстой. Төрийн аж ахуйн өрнүүд байна, төмөр зам дээр үүссэн өр, Хөгжлийн банкны өр гэх мэт. Ашиггүй үйл ажиллагаа явуулж буй эрчим хүчний салбар байна. Ямар нэгэн байдлаар гаргалгааг нь олж шийдэхгүй бол, дэлхий хямраагүй байхад бид цэвэр өөрсдийн нөөцөө ашиглаж чадахгүй, хөрөнгө оруулалтаа шийдэж чадахгүй, арчаагүй, хэрүүл маргаантай байдлаасаа өөрөө өөрсдийгөө боомилох зүйл рүү хөтөлж байна. Сонгууль ч ойртож байна, хүмүүс маш их бухимдалтай байна. Энэ бол бүх давхаргын дунд ажиглагдаж байгаа зүйл. Жишээ нь бага орлоготой хүмүүсийн цалин, тэтгэмж аравхан хувиар нэмэгдсэн байтал юмны үнэ хоёр дахин өссөн байна. Дундаж давхаргынхан байр орон сууц авчихсан, моргэйжийн зээлтэй. Гэтэл үйлдвэрүүд хаагдаж, төрийн болон хувийн байгууллагууд бүх шатандаа цомхотгол явуулж байна. Ингэхээр дундаж давхаргын амьдралыг ч бас буруу эдийн засгийн бодлогоор унагаж байна гэсэн үг. Бидний олигархи гэж шүүмжилдэг улсууд олон хүнийг ажилтай байлгадаг, эдийн засгийг “чирж” явдаг хүмүүс шүү дээ. Тэд ч гэсэн хүнд байдалтай байна. Яагаад гэвэл хөрөнгө оруулалтын бодлого маш муу байна. Ялангуяа дотоодын хөрөнгө оруулагчид Монгол Улсдаа хөрөнгө оруулалт хийх ямар ч сонирхолгүй болсон. Эхнээсээ зарим нь гадагшаа гарчихсан. Монголдоо юм хийх ямар ч итгэлгүй, цөхөрчихсөн байдалтай байна. Ингээд харахаар нийгмийн бүх давхарга хүнд байдалтай байна. Хөдөө нутгийн 50 хувь нь гантай, өвөл зуд болох хандлагатай болчихлоо. Малчдын хувьд борлуулалт муу, махны үнэ уначихлаа. Эдийн засгийн том арга хэмжээ авахгүй бол улс даяараа гүн хямралд орохын ирмэг дээр байна, бараг орчихсон гэж хэлэхэд хилсдэхгүй байх.

-Эдийн засгаа богино хугацаанд сэргээх боломж бидэнд байгаа юу?

-Ер нь миний хэлсэн зүйл болгон дээр хэд хэдэн арга хэмжээ авах хэрэгтэй. Эхний ээлжинд хөрөнгө оруулалтын том төслүүдээ хөдөлгөж, эдийн засагт “цус сэлбэнэ” гэж ярьдаг даа, “шатахуун оруулах” хэрэгтэй. Ингэвэл өдрийн дотор биш ч гэсэн аажмаар сэргэнэ. Ядаж хүмүүсийн итгэл сэргэнэ. Одоо бол байдал улам хэцүү болно гэсэн бодол байгаа болохоор хүн бүр байгаа төгрөгөө хэмнээд барьчихсан, бүх хөрөнгө оруулалт, худалдаа, борлуулалтын эргэлт муудаж, унасан байдалтай байна. Тиймээс ядаж том төслүүд явна гэсэн итгэл төрүүлэх хэрэгтэй. Сая Оюутолгой хөдлөх шатандаа орсон. Гэхдээ манай хамгийн том, нөлөө ихтэй нүүрсний салбар бүхэлдээ хүлээлгийн байдалтай, зогсонги байна. Дээрээс нь дэд бүтэц байна. Авто зам барьж байгаа боловч одоо зам барих мөнгөгүй болчихсон. Төмөр зам, эрчим хүчний нэг ч том төсөл явахгүй байна. Засмал замаас өөр үзүүлэх юм алга. Арга хэмжээ авахгүй, ийм байдалтайгаар цааш явбал хэцүү гэдэг нь л маш тодорхой байна даа.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *