Categories
мэдээ цаг-үе

Урлагийн олимпийн аварга

Энэ залууд дэлхий хүлээн зөвшөөрсөн гэсэн тодотгол яг тохирно. П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын 15 дугаар уралдаан болсонгодог хөгжмийн шилдгүүд тодруулдаг гэдгээрээ цэнхэр гаригт танигдсан наадам.57 жилийн түүхтэй. Хагас зууны турш дэлхийн сонгодгууд энэ тайзан дээр хүч оюунаараа өрсөлдсөн гэсэн үг. Энэ жил дэлхийн сонгодгуудыг тэргүүлсэн хүн нь Монголын Г.Ариунбаатар. Төв аймгийн уугуул залуу эрэгтэй дуучдаас нэгдүгээр байр эзэлж алтан медаль авсан юм. Өнгөрсөн хугацаанд энэ уралдаанаас дэлхийн нэртэй олон хөгжимчин төрөн гарсан түүх бий. Дэлхийн сонгодгуудыг төрүүлдэг олон улсын энэ тэмцээнд монгол дуучин магнайлна гэдэг том олз.

Шагнал авсныхаа дараахан Г.Ариунбаатар цахим хуудсандаа “Би маш их баяртай байна. Та нартаа баярлалаа. Энэ уралдаан намайг хамгийн их сорилоо. Үнэхээр хүнд байлаа. Гэхдээ би ард нь гарсаан. Тиймээби урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн уралдаанаас анх удаагаа эх орондоо тэргүүн байр, алтан медальтай очих нь ээ. Аав, ээж, элгэн садан, эрдэмтэн багш найз нартаа баярлалаа. Аливаа тэмцээн уралдаанд оролцоход санхүүгийн асуудал нэн чухал байдаг. Намайг чин сэтгэлээсээ ойлгож байнга тусалж дэмждэг дархан аварга А.Сүхбат ахдаа, “Эх нутгийн иргэн” төрийн бус байгууллагын тэргүүн, УИХ-ын дэд дарга М.Энхболд ахдаа, мөн CMS группийн хамт олонд, Монголын цагдаагийн бие бүрэлдэхүүндээ, Улаан-Үдийн театрынхандаа дахин дахин талархаж байна” хэмээн бичсэн юм.

П.И.Чайковскийн уралдаанд 39 орны 500 орчим уран бүтээлч видеогоо илгээснээс 40 дуучин тэнцсэний тав нь монгол. Тэдний нэг нь алтан медаль авч эх орныхоо нэрийг дэлхийн сонгодог урлагийн тайзан дээр цуурайтуулсан юм. Тэр нь Г.Ариунбаатар. Энэ наадам ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотод хагас сар үргэлжилсэн юм. Дуучин залуу наадмынсүүлийн шатны тэмцээнд П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан” дуурийн арийг дуулж оролцжээ.

Тэрээр хэдэн жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ер нь дуучин хүн сэтгэлтэй байх ёстой юм шиг санагддаг. Тэр сэтгэлээс гарсан аялгуу нь хүнд хүрдэг. Хиймэл зүйл байхаар л юм худлаа болж эргэнэ. Тэгэхээр ямар ч дуучин өөрийн уран бүтээлдээ сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Хоёрдугаарт ямар нэгэн эд материал харж болохгүй. Өнөөдөр тоглолтоо нилээд өндөр өртгөөр босгож байж болно. Тоглолтын орлого 50 хувьтай байж болно. Гэхдээ тэр надад хамаагүй. Зүгээр л энэ тоглолтоо хийгээд сэтгэлийн жаргал эдэлж байвал миний зорилго” гэж сэтгэлээ дэлгэсэн байдаг.

Г.Ариунбаатар гурван жилийн өмнө М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүлж байв. Дэлхийн сонгодгуудын чансааг сорьсон уралдаанд тэргүүлснийхээ дараа гавьяат жүжигчин цол авч байсныг нь уншигчид андахгүй. Залуу дуучин уралдаанд орж байх үеийнхээ сэтгэгдлийг “Соёлтой үзэгчид өөр байдаг юм билээ. Би Монголын ард түмнийг тэнд аваачаад үзүүлчих юмсан гэж бодож байсан.Браво гэж орилоод л. Тайзны ард орчихсон байхад буцаж гаргаж ёслуулсан. Буцаж гарч ёслоод л надад үнэхээр кайфтай байсан. Большой Монгол гэж орилох ямар гүн сэтгэгдэл үлдээснийг хэлэх юм биш.Гэхдээ олон уралдаанд орохоосоо илүү чанартай цөөхөн уралдаанд оролцох нь чухал. Монголчуудын нэг зан байдаг.Оролцсон уралдаан болгондоо түрүүлэхийг хичээдэг чанартай үндэстэн. Бид гурван сая байж болно. Гэвч бид хүчтэй. Намайг зун Тэрхийн Цагаан нууранд амраад явж байхад Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяролимпийн хошой медаль хүртэхэд би үнэхээр их баярласан.Нууртайгаа ярьж уйлсан. Таны хүү ийм амжилт гаргасан байна гээд л нууртайгаа ярьж уйллаа. Тэр хавийн хүмүүсийг айргаар дайлаад л. Миний бахархал болсон маш олон хүн байдаг. Дуучин хүн эвдрэл байхгүй сэтгэлээ хайрлах хэрэгтэй. Дуучныг олон хүн эвдэх гэж оролдоно. Чи ёстой мундаг юм аа, гайхалтай юм аа гээд л эхэлнэ шүү дээ. Түүнд нь биеэ тоож болохгүй” гэж хэрсүүхэн өгүүлсэн нь бий. Тэрээр Павел Лисицины нэрэмжит тусгай шагнал хүртэж байсныг сонгодог урлагт дурлагсад андахгүй.

Г.Ариунбаатар СУИС-ийн төгсөгч, 2012 онд Монгол Улсын шилдэг дуучны тусгай шагналыг хүртэж байсан түүх түүний намтарт бий. Жилийн өмнө Москвад болсон Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдынуралдааны тэргүүн шагналыг хүртсэнээс нь дэлхийн чансаа­ны уран бүтээлч гэдгийг нь харж болохоор. Сүүлийн нэг жилийн хугацаанд Улаан-Үд хотноо Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа уран бүтээлээ туурвиж байгаа залуу уран бүтээлч.

Ц.СҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *